Улстөржих яах вэ, Улаанбаатарын ахуй хэцүүдлээ

Хуучирсан мэдээ: 2019.01.03-нд нийтлэгдсэн

Улстөржих яах вэ, Улаанбаатарын ахуй хэцүүдлээ

Улстөржих яах вэ, Улаанбаатарын ахуй хэцүүдлээ

Нэгэн оныг үдээд бид өнгөрсөн өдрүүдэд бүгдийг гаргуунд нь орхив. Одоо баярын наастраасаа гарах хэрэгтэй байна. Тэгэхээс ч аргагүй шаардлага тулгарлаа. Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас цас орж, тачигнах тухай мэдээлж байна. Өнгөрсөн оны сүүлчээр шөнөдөө 32-40 хэм хүйтэн хонож байсан бол айсуй хоногуудад өдөртөө ингэж тачигнах төлөвтэй. Улаанбаатар үүнд бэлэн биш байна. Энэ хот даргагүй, иргэд "өнчирч", хотын ахуй хөсөр хаягдчихлаа. Бор гэрүүдтэй суурингаас өндөр барилгатай, хөгжингүй хот болсон Улаанбаатарын иргэн бид ийм эмгэнэлтэй байдалд орно чинээ санасангүй.

Дулаан, хэрэглээний ус тасарч, цахилгаан доголдохоос авхуулаад хот тохижилтын ажлууд элгээрээ хэвтэх нь. Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй гэдгийн нотолгоо энэ. Хот нийтийн аж ахуйг залж, чиглүүлэх ёстой Засаг даргаа өдий хэр нь томилж чадахгүй, улстөржиж он дамнуулсны гор гээд хэлчихэд нэг их буруудахгүй.

Хан-Уул, Баянзүрх дүүргийн нутаг дахь үерийн далан, явган хүний зам мөсөнд дарууллаа. Хусаж, цэвэрлэх хүн алга. Тэр байтугай гудамж, талбай чинь хогонд даруулчхаад байна. Яваад үзээрэй, эрх баригч намынхаан. Эцэггүй хүүхдийн толгой том гэгчээр дүүргүүдийн дарга нар ч энэ мэтэд анхаарал хандуулахаа болив. Хотын харьяа байгууллагууд ч мэддэг, чаддагаараа нэгнийгээ "боомилж", иргэдийг хохироож эхэллээ. Заримаас нь дурдвал, Баянзүрх дүүргийн нутаг дахь орон сууцны гурван байрны цахилгааныг "Дулааны төлбөрөө төлсөнгүй" гэх шалтгаанаар тасалж орхижээ, нэгэн "том" албан тушаалтан. Үүнээс нь болоод гурван байр тэр чигтээ хөлдөж, оршин суугчид нь осгох шахав. Өчигдөр Сүхбаатар дүүргийн XI хорооны “Баярск констракшн” компанийн 812 дугаар байрны техникийн болон 1, 2 дугаар давхрын халаах төхөөрөмж хөлдөв. Халаалтын тохиргоо алдагдсанаас ийм байдал үүсчээ. Тус компанийн ажилчид шугам гэсгээх арга хэмжээ авч байгаа сурагтай. Энэ мэтээр өнөөдөр, маргааш аль шугам задарч, хэдэн хогийн цэг шинээр нэмэгдэхийг таашгүй. Хулан наадахад хулгана хэцүүднэ гэдэг л болоод байна. Улсын нийслэл он дамнан Засаг даргагүй байж, эрх баригчид сандал суудал булаалдан, эр бяраа үзэлцэж буйн горыг нийслэлийн иргэд, оршин суугчид амсаж байна. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 31-нд нийслэлийн ИТХ хуралдаж хотын даргыг томилох байсан ч чадсангүй. Хэн гэдэг эрхэм, аль бүлэглэлийнх нь эрх ашиг хөндөгдсөн болоод луу унжиж байгаа юм, бүү мэд. Улстөржих яах вэ, Улаанбаатарын ахуй хэцүүдлээ. Нийслэлийн Засаг даргаа томилж, хотын амьдралаа голдиролд нь оруулж хайрла, МАН-ынхаан.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж