Энэ удаа олонд танигдсан хэн нэгний талаар бичихийг хүссэнгүй. Харин залууст үлгэр дуурайлал болохуйц амьдралын төлөө шударгаар хөдөлмөрлөж яваа залуу хосын амьдралын талаар өгүүлэхийг хүслээ. Тэд "Нарантуул" олон улсын худалдааны төвийн урд зам дээр ус, ундаа, машины үнэртүүлэгч борлуулж амьжиргаагаа залгуулдаг. Амьдралд бууж өгөлгүй бие биеийнхээ мөрөөдлийн төлөө тэд хамтдаа хөдөлмөрлөж буй залуус юм.
ПҮРЭВИЙН ХҮЙТЭН УС, УНДААНЫ МУХЛАГ
О.Пүрэв гэх залуутай уулзахаасаа өмнө бид утсаар холбогдоход “Дэлгүүр маань гадаа ил байдаг болохоор удаан яривал даарах байх. Дулаахан хувцаслаарай” гэж захисан учир бэлтгэлтэй очлоо. Биднийг очиход О.Пүрэв эхнэрийн хамт “Зах амарчихсан болохоор худалдан авалт муу байна” гэсээр угтлаа. Урд нь хөл хөдөлгөөн ихтэй байдаг байсан энэ зам сэлүүхэн байх нь нүдэнд дасахгүй байсныг нуух юун.
Өдгөө хоёр дахь жилдээ халуунд халж, хүйтэнд хөрөн, хөлс хүчээ дуслуулсан хөдөлмөрийг илтгэсэн мэт О.Пүрэвийн хуруунд нь хөдөлмөрийн үрчлээ, тулааны шарх сорви үлджээ. Тэдэнд "Нарантуул" зах дотор ундаа, ус зардаг олон хүн байдгаас болоод орлого нь хуваагдаад байсан учир зам дээр гарч бараагаа зарах санаа анх төрсөн гэдэг.
Энэ үед эхнэр нь "Нарантуул" захад оймс, гутлын тос, улавч, сойтог зэрэг жижиг барааны лангуу ажиллуулдаг байснаа болиод тэд хүчээ нэгтгэн хамтдаа зогсохоор болсон байна. Гэсэн ч зуны улиралд мөн тэднээс гадна 6-7 хүмүүс зам дагуу зогсдог учир мөн л өрсөлдөгч ихтэй. Харин тэдгээр хүмүүсээс ялгарахын тулд “Пүрэвийн хүйтэн ус, ундаа та дуудаарай" хэмээн самбартаа бичжээ.
О.Пүрэв 1991 онд Төв аймагт төржээ.
Аав ээж нь нэг настайд нь тус тусын замыг хөөжээ. Ингээд О.Пүрэв зургаан нас хүрмэгцээ Төв аймгаас хотод ирж арван настайгаасаа хойш "Нарантуул" олон улсын худалдааны төв дээр жижиг сажиг зүйлс зарах, нүүрс түүх, өндөг зарах зэргээр түүнд хийж үзээгүй ажил гэж үгүй.
Багаасаа хар ажил гэж гололгүй ажлыг хийж сурсан нь түүнийг хөдөлмөрч нэгэн хэмээхэд хүргэсэн аж. Тэрбээр гарын дүйтэй учир мухлаг болон бараагаа зөөдөг чиргүүл, CD тавьдаг модон тавиур зэргийг өөрийн гараар хийжээ.
О.Пүрэв гурван охин дүүтэй айлын том хүү. Одоогоор эхнэр хүүгийн хамт амьдардаг. Заримдаа нүүрс, түлээний мөнгө хүрэлцэхгүй үе тохиодог ч тэрбээр хэнээс, юу ч гуйхгүйгээр зөвхөн хөдөлмөрөөрөө амьдралаа залгуулж яваа. Ийн ярилцах зуур О.Пүрэвийн сүүтэй цайндаа дүрсэн печень нь аль хэдийнээ шалчийж, цай нь хөрж орхиж. Ярилцаад 30 минут өнгөрчээ. Хөл даарч эхлэв. Би доороо дэвхцэх нь холгүй, харин тэр хоёр тоосон шинжгүй зам харуулдан зогсоно.
Гэрлэн дохио хүлээх зуур машинууд зогсоход ганц хоёр хүмүүс тамхи ширхгээр авна. Мэдээж, зуны улирал байсан бол хүйтэн ундаа, мөхөөлдөс нүдний гэм болох байсан байх. Харин өвөл болохоор хүмүүсийн худалдан авалт ширхгийн тамхи, машины үнэртүүлэгчээс хэтрэхгүй.
ТЭРБЭЭР 2014 ОНЫ ХОЛИМОГ ТУЛААНЫ ДЭЛХИЙН АВАРГА ТАМИРЧИН Ж.НАРАНТУНГАЛАГИЙН ШАВЬ
О.Пүрэвийн хувьд 2004 оноос эхлэн чөлөөт бөхөөр хичээллэж, 2007 оноос хойш тасралтгүй холимог тулаанаар хичээллэн, холимог тулааны дэлхийн аварга тамирчин Ж.Нарантунгалаг багшийн шавь болжээ. Тэрбээр өнгөрсөн хугацаанд “Сонсогчийн алдар”-ын 55 кг, Монгол зо-тулааны 65 кг, 2008 оны аваргын бүсний эзэн. Мөн 2014 онд зохиогдсон Монголын UFC MGL-1-ын 57 кг-ын аварга юм.
Мэдээж тамирчин хүний туйлын зорилго нь дэлхийн дэвжээнд өрсөлдөж, эх орныхоо нэрийг дуурсгах. Тэгвэл О.Пүрэвт олон улсын тэмцээнд оролцох боломж олджээ. Энэ мэдээг дуулаад хос өмнөхөөсөө хэд дахин илүү хөдөлмөрлөж байгаа ч ард түмнээсээ мөрөөдөлдөө хүрэхэд нь туслаач гэж хүсч байгаа юм. Гэхдээ тэд зүгээр мөнгө гуйхыг хүссэнгүй. О.Пүрэвийн зурагтай нэрийн хуудас болон календарийг худалдан авч, туслахыг хүсч байгаа юм.
Түүний оролцох олон улсын тэмцээний тов албан ёсоор батлагдаагүй байгаа бөгөөд өрсөлдөгч нь зарлагдаад бүх зүйл бэлэн болсны дараа тэмцээн хаана, хэдийд болох нь тодорхой болох аж. Түүнийг дэмждэг олон хүн бий. Тэдний ачаар өдөрт бэлтгэлээ нэг удаа хийдэг байсан бол одоо хоёр, гурван удаа хийх боломжтой болж байгаа гэдгээ О.Пүрэв онцолж байсан юм. Тэрбээр нэрийн хуудас болон плакатыг тус бүрд нь 1000 ширхгийг хэвлүүлэхдээ танилаасаа мөнгө зээлэн ээжийнхээ бөгжийг ломбардад тавиулж байгаад хэвлүүлсэн гэдгээ ч нуусангүй. Одоогийн байдлаар 400 гаруй календарь 300 гаруй нэрийн хуудас заржээ.
“Булзаж мэлзэж буруу явбал буг биш хүн чамайг ална. Бусдад тустай зөв явбал бурхан биш хүн чамайг аварна" хэмээх үгийг зарчмаа болгож явдаг. Ямар ч хүнд гэм хоргүй, ариун цагаан хөдөлмөрөөрөө өөрийнхөө мөрөөдлийн төлөө л явж байна” гэж байлаа.
ХОСУУД АСУУДЛЫГ САЛАЛТААР ШИЙДНЭ ГЭХЭЭС ИЛҮҮ ОЙЛГОЛЦОХЫГ ИЛҮҮД ҮЗЭЭСЭЙ
О.Пүрэв эхнэртэйгээ таван жилийн өмнө танилцаж байсан бөгөөд өдгөө тэд дөрвөн настай хөөрхөн хүүтэй. Тэрбээр “Намайг ямар ч үед хос багана шиг тулаад зогсох ханьтай” хэмээн олзуурхан ярьж байсан юм. Түүний эхнэрийг Н.Мөнхтуяа гэдэг. Амнаас гарах үг бүр нь нөхрөө магтаж байсан нь нөхөртөө ямар их хайртай хэр зэрэг хүндэлдэг болохыг нь илтгэж байлаа. Түүнтэй хэсэг хором ярилцлаа.
-Эмэгтэй хүн өвлийн хүйтэнд ажиллахад хүндрэлтэй байдаг байх. Тэвчээр алдагдах үе гардаг уу?
-Залуу хүн байж гадаа даараад зогсож байхаар дотор дулаахан газар худалдагч хийгээч гэж хэлдэг хүмүүс бий. Гэхдээ өөрийнхөө хайртай хүний төлөө ингээд зогсож байна гэдэг их сайхан мэдрэмж. Миний ханийг олон хүн таньдаг болоод ирсэн чинь бүр гоё санагддаг болсон. Ханиараа улам бахархаж байгаа. “Нөхрийг чинь дэмждэг шүү. Амжилт хүсье” гээд хэлэх хүмүүс ч олон болсон шүү. Өмнө нь хэн ч таньдаггүй байхад нь хүн юм авахгүй болохоор зам харуулдаад л суудаг байлаа.
Гэхдээ хааяа хөл “аймар” тасарчих шахам даарна. Манай хүн бэлтгэлээ тарж ирээд намайг авдаг юм. Ид бэлтгэлээ хийж байхад нь "би даараад байна. Хурдан хүрээд ир" гэлтэй биш. Заримдаа 23.00 цаг хүртэл хүлээдэг.
Зам бүр хоосон болчихно. Би 2-3 удаа хүнд юмаа дээрэмдүүлэнгээ алдсан. Хоёр архичин ирээд дээрэмдэхээр ирэхэд надаас байнга юм авдаг ах машинаасаа бууж ирээд тэр хоёрыг болиулсан. Түүнээс хойш манай хүний санаа нь зовсон байдалтай яарч ирдэг болсон.
–Нууц биш бол нөхрийнхөө ямар чанарт татагдсан бэ?
-Миний хань шулуун шударга хэлсэн бол хэлсэндээ заавал хүрдэг. Огт архи уухгүй, тамхи татахгүй. Одоогийн залуус мөнгө олохоороо буруу зүйлдээ зарцуулдаг. Харин манай хүн бол тэгэхгүй хадгална. Би ч гэсэн хааяа хоол идэхгүй мөнгөө хадгалаад ханийнхаа уух уургийг авч өгнө гэж төлөвлөж байгаа.
-Та мөрөөдлөөсөө хуваалцаж болох уу?
-Мэдээж, хамгийн эхэнд манай хүн олон улсын тэмцээнд ялна гэдэгт итгэлтэй байна. Дараа нь өөрсдөө мэрийж байгаад зөвшөөрөл аваад түргэн үйлчилгээний цэгтэй /ТҮЦ/болох мөрөөдөлтэй байна. Тэгэхгүй бол бараагаа буулгаж зөөх гэж 30-40 минут зарцуулдаг.
–Өнгөрсөн хугацаанд тэмцээнд ялж байсан үе байгаа ч бэртэл авч байсан үе байгаа байх. Тухайн үед танд ямар санагдаж байсан бэ?
-Хамгийн сүүлийн тэмцээн дээр мөрөө мултлахыг нь харах хэцүү байсан. Хажууд нь уйлж байгаагаа харуулахгүй гэж их тэвчсэн. Өмнө нь гурван удаа аварга болоход нь гурвууланг нь очиж үзсэн. Ханиараа их бахархсан. Энэ боломжийг ашиглаад ханийнхаа хоёр багшид талархаж явдагаа хэлмээр байна.
-Сүүлийн үед хосууд асуудлыг салалтаар шийддэг болж. Хосууддаа хандаж юу гэж хэлэхийг хүсч байна вэ?
-Хайртай хүнтэйгээ хамт амьдарна гэж шийдсэн л бол зовлон жаргалын ямар ч цагт хажууд нь байх хэрэгтэй. Асуудлыг салалтаар шийднэ гэхээс илүү ойлголцохыг илүүд үзээсэй л гэж бодож байна.
Аз жаргалтай амьдралын энгийн нууц юу вэ. Аз жаргалтай амьдрахын тулд бидэнд хэдий хэмжээний мөнгө хэрэгтэй вэ. Эсвэл бидэнд олон өрөөтэй тансаг харш, олон сая төгрөгийн өртөгтэй машин, үнэтэй брэндүүдийн хувцас, өндөр цалинтай албан тушаал хэрэгтэй юу? Яг үнэндээ аз жаргалтай амьдралын энгийн нууц бол элэг бүтэн, эрүүл саруул амьдрал юм.
Холбоотой мэдээ