БНХАУ Тайваньтай дайсагнасан харилцаагаа зогсоож, АНУ-тай дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн баярын хурлыг өчигдөр /2019.01.01/ зохион байгуулж, Ши Жиньпин үг хэлжээ. Тэрбээр ийнхүү мэдэгдэл хийсэн юм:
Хятад, Тайвань бол нэг үндэстнүүд. Тайваньчууд тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэх нь тэдэнд муу үр дагавартай. БНХАУ нь Тайванийн /БНХУ/ тусгаар тогтнох гэсэн бүх оролдлогыг эсэргүүцэн, шаардлагатай бол хүч хэрэглэхэд бэлэн. Тайванийн бие даасан байдлыг үгүй хийж, “энхийн аргаар” эх газрын Хятадтай нэгтгэх болно. Хятад улс хүчирхэг байхын тулд газар нутгаасаа ганц сөөмийг ч таслан хувааж болохгүй. Бид Хятад үндэстнийг тайван замаар эргэн нэгтгэхийг эрмэлздэг бөгөөд салан тусгаарлах аливаа үйл ажиллагааг хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй. Түүнчлэн Тайванийг нэгтгэх нь түүний эдийн засгийн ашиг сонирхолд хохирол учруулахгүй, харин ч ашигтай бөгөөд бүс нутгийн аюулгүй, тогтвортой байдалд чухал нөлөөтэй алхам байх болно. Тайванийн асуудал нь Хятадын дотоодын асуудал тул гаднын оролцоогүйгээр хоорондоо харилцан ярилцаж, зөвлөлдөх замаар шийдэх ёстой гэв.
ТАЙВАНИЙН БАЙР СУУРЬ
БНХАУ-ын дарга Ши Жиньпинийг үг хэлэхийн өмнөхөн Тайванийн Ерөнхийлөгч Цай Инвэн ард иргэддээ хандан шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэхдээ, “Бээжингийн эрх баригчид Тайванийг "Улс" хэмээн хүлээн зөвшөөрч, асуудлыг тайван замаар шийдэх хэрэгтэй. Сонгуулийн үйл явцад Бээжингийн эрх баригчид хөндлөнгөөс оролцдог явдлаа зогсоож, Тайванийн 23 сая иргэний эрх чөлөө, ардчиллыг БНХАУ хүлээн зөвшөөрөх учиртай” гэж хэлсэн юм.
Харин Ши Жиньпин эсрэгээрээ үндэсний аюулгүй байдлыг сахин хамгаалж, эв нэгдлийг сахиулахад “Нэг Хятад” бодлого чухал ач холбогдолтой болохыг цохон тэмдэглэсэн юм. “Нэг Хятад” бодлого амжилттай хэрэгжих боломжтойг өнгөрсөн 2018 оны арваннэгдүгээр сард болсон Тайванийн орон нутгийн сонгууль харуулсан. Тухайлбал, сонгуулиар барууны чиг баримжаатай, эрх баригч “Ардчилсан хөгжил, дэвшлийн нам” томоохон ялагдал хүлээсэн бол зүүний чиг баримжаатай, эх газрын Хятадтай тогтвортой харилцаатай байхыг эрхэмлэдэг Консерватив нам ялалт байгуулсан юм. Тайванийн “Ардчилсан хөгжил, дэвшлийн нам”-ын нэр хүнд ард иргэдийн дунд унаад байгаа бөгөөд ирэх 2020 оны ерөнхийлөгчийн сонгуулиар ч бас ялалт байгуулах магадлал тун бага байгаа аж. Учир нь одоогийн Ерөнхийлөгч Цай Инвэний удирдлага дор Тайвань улс эх газрын Хятадтай нэгдэхгүй байх, түүнийг эсэргүүцэх бодлогыг баримталснаар улс төр, эдийн засгийн дарамт, шахалтад орж, ард иргэд нь түүний явуулж байгаа бодлогыг эсэргүүцэх болсон юм.
Тайванийн зүүний намынхан нь Ардчилсан намынхаа адилаар Вашингтонтой найрсаг харилцаатай байхыг эрхэмлэдэг ч, эх газрын Хятадтай дайсагнасан бодлого явуулдаггүйгээрээ ялгаатай юм.
Хятадын иргэний дайнд ялагдсан Чан Кайши тэргүүтэй Гоминданий хүчнийхэн 1949 онд Тайваний арал руу зугтан гарч, Бээжин төвтэй эх газрын Хятадаас тусдаа Бүгд Найрамдах Хятад улс буюу Тайванийг байгуулсан байна. Үүнээс хойш Тайвань нь өөрийн засаг захиргаагаар удирдуулж, далбаа, үндэсний мөнгөн тэмдэгттэй болжээ. Харин Бээжин нь Тайванийг БНХАУ-ын нэг муж хэмээн үздэг.
ХОНГКОНГИЙН ЗАГВАР
Шинэ оны анхны мэдэгдэлдээ БНХАУ-ын дарга Ши Жиньпин хятад үндэстнүүдийг нэг удирдлага дор нэгтгэснээр нэгдмэл, хүчирхэг Хятад улс байгуулснаар шинэ эринд шилжих учиртайг онцлон тэмдэглэжээ. “Тайванийг нэгтгэх асуудал бол түүхэн үйл явцад зайлшгүй тохиолдох зүйл” хэмээн тэрбээр хэлсэн юм. Түүнчлэн БНХАУ, Тайваньтай дайсагнасан харилцаагаа зогсоосны 40 жилийн ойн хурлын үеэр Тайванийг Хонгконгийн загвар буюу “Нэг улс, хоёр систем” бодлого дор нэгтгэх боломжтой тухай саналыг дэвшүүлжээ. Тухайлбал, Британийн колони байсан Хонгконг 1997 онд зүүний засаг захиргаатай нэг Хятад улсын дор хоёр дахь систем буюу улс төр, эдийн засаг болон иргэний ардчилсан нийгэмтэй Хонгконгийг тэр хэвээр нь хүлээн зөвшөөрөн, өөртөө нэгтгэж байсан юм. Өөрөөр хэлбэл, Тайвань хэрвээ тус бодлогоор БНХАУ-д нэгдвэл ардчилсан засаглалаа хэвээр авч үлдэх боломжтой аж.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ