Цагдаагийн ерөнхий газар /ЦЕГ/-ын Хар тамхитай тэмцэх газраас Гааль болон бусад холбогдох байгууллагуудтай хамтран хар тамхи мансууруулах төрлийн бодисыг илрүүлэх нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээг тасралтгүй явуулжээ.
Дээрх арга хэмжээний үр дүнд сүүлийн хоёр сарын хугацаанд интернет ашиглан Канад, Их Британи, Нидерланд, Герман, АНУ-аас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг захиалан олон улсын шуудан илгээмжээр дамжуулан хар тамхи, мансууруулах бодисыг улсын хилээр нэвтрүүлдэг шинэ урсгалыг тогтоосон аж.
Эдгээр хэргийг үйлдсэн Ч, А, Б, Т, Д, Г нарыг баривчлан гэмт хэргийг таслан зогсоож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсан байна. Уг хэргийн шалгалтын ажиллагаа одоогоор үргэлжилж байна.
Статистик мэдээллээс харвал, өнгөрсөн 2018 онд улсын хэмжээнд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой 199 хэрэгт 412 хүн холбогдон шалгагджээ. Үүнээс эрэгтэй 337, эмэгтэй 75 ба уг гэмт хэргийг насны байдлаар авч үзвэл 82,5 хувь нь 18-35 насны залуучууд эзэлж байна. Мөн мансууруулах төрлийн бодисыг ахуйн хүрээнд гар аргаар тарьж ургуулдаг этгээдүүдийг илрүүлсэн талаар ЦЕГ-ын хэвлэлийн төлөөлөгч, мэргэжилтэн М.Мөнхшүр мэдээлсэн юм.
Э.АРИУН