Баярын өдрүүдэд 1282 иргэн эрүүлжүүлэхэд "хоногложээ"

Хуучирсан мэдээ: 2019.01.02-нд нийтлэгдсэн

Баярын өдрүүдэд 1282 иргэн эрүүлжүүлэхэд "хоногложээ"

Баярын өдрүүдэд 1282 иргэн эрүүлжүүлэхэд "хоногложээ"

Цагдаагийн ерөнхий газраас баярын өдрүүдэд дэх нөхцөл байдлын талаар хэвлэлийн хурал өнөөдөр /2018.01.02/ хийлээ.

БАЯРЫН ӨДРҮҮДЭД ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН 1110 ДУУДЛАГА ИРЖЭЭ

Мэдээллийн эхэнд Нийтийн хэв журмыг хамгаалах газрын дарга цагдаагийн дэд хурандаа П.Эрдэнэбат “Шинэ жилийн баярыг угтаж “Шинэ жил 2018” нэгдсэн арга хэмжээг 2018 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдрөөс 2019 оны нэгдүгээр сарын 2-ны өдрийг хүртэл зохион байгууллаа. Баярын өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбоотойгоор нийтийн хэв журам, аюулгүй байдлыг хангах зорилгоор ЦЕГ-ын даргын тушаалаар цагдаагийн нийт бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан. Улсын хэмжээнд давхардсан тоогоор эргүүлийн 206, замын хөдөлгөөний зохицуулалтын 878 чиглэлд 4028 оффицер 5097 цагдаа, 685 сонсогч  үүрэг гүйцэтгэж, гэмт хэрэг зөрчлийн 8158 дуудлага мэдээллийг хүлээн авсан. Үүнээс гэр бүлийн хүчирхийллийн 1110 дуудлагын 960 хэргийг хуулийн дагуу шийдвэрлэсэн.

Цагдаагийн алба хаагч 11 гэмт хэргийг илрүүлж согтуугаар танхайрсан 1282 иргэнийг эрүүлжүүлж, зөрчил гаргасан найман иргэнийг  баримтжуулж, зөрчил гаргасан 7136 хүнийг 239 сая төгрөгөөр торгож, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 262 жолоочийг илрүүлэн шалгасан. Гэр бүлийн хүчирхийллийн улмаас хохирсон долоон эмэгтэй, 11 эмэгтэй хүүхэд, долоон эрэгтэй хүүхдийг түр хамгаалах байранд байрлуулсан” гэв.

БАЯРЫН ӨДРҮҮДЭД ГЭМТ ХЭРГИЙН ТОО БУУРЧЭЭ

ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн цагдаагийн дэд хурандаа Б.Бүрэнбаатар “Баярын өдрүүдэд иргэдийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаж иргэд, байгууллагаас 6726 дуудлага мэдээллийг хүлээн авч шалган шийдвэрлэсэн. Энэ хугацаанд 2018 оны арванхоёрдугаар сарын 29-нөөс 2019 оны нэгдүгээр сарын 2-ны өдрийг хүртэл бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн дуудлага мэдээллийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 11 хувиар, гэмт хэргийн дуудлага 54 хувиар, зөрчлийн дуудлага 26 хувиар тус тус буурсан байна.

Үүнээс дээрэмдэх гэмт хэрэг 53, хулгайлах 73, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах 50, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх 88, хүний эрүүл мэндэд хохирол учруулах 65 хувиар  буурчээ.

ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР НИЙСЛЭЛД ХОЁР ХҮНИЙ АМЬ НАС ХОХИРЧЭЭ

Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Лхагважаргал “2018 оны арванхоёрдугаар сарын 31, 2019 оны нэгдүгээр сарын 01-ний өдрүүдэд Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст зам нийт 582 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 436 дуудлага бүртгэгджээ. Ослын улмаас нийслэлд хоёр хүний амь нас хохирч 18 хүн гэмтэл авчээ.

Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон нэг жолооч гурван явган зорчигч  бүртгэгдсэн бөгөөд согтуугаар хөдөлгөөнд оролцсон 50 жолоочид хариуцлага тооцсон” гэв.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж