АНУ болон Израиль НҮБ-ийн Боловсрол, соёл, шинжлэх ухааны байгууллага (ЮНЕСКО)-оос өчигдөр /2019.01.01/ албан ёсоор гарлаа.
ЮНЕСКО нь Палестины эсрэг явуулж буй Израилийн бодлогыг шүүмжилсээр ирсэн тул Израилийг ялгаварлан гадуурхсан хэмээн үзэж Д.Трамп болон Израилийн Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху нар 2017 оны долдугаар сард тус байгууллагаас гарах болсноо зарлаж байсан юм. Түүнчлэн ЮНЕСКО нь Израиль улсыг зүүн Иерусалимыг эзлэн авсныг буруушаан, 2011 онд Палестиныг жинхэнэ гишүүнээр элсүүлсэн аж. Үүнээс улбаалан Вашингтон болон Тел-Авив нь ЮНЕСКО-д жил тутам өгдөг санхүүжилтээ танаснаар тус байгууллага нь жил тутам төсвийнхөө 22 хувийг алдаж байгааг мэргэжилтнүүд тооцоолсон байдаг. Сүүлийн долоон жилийн хугацаанд тус байгууллагад АНУ 600 сая ам.доллар, Израиль 10 сая ам.долларын өртэй болоод байсан юм. Тиймээс ЮНЕСКО-оос гарахаар шийдвэрлэсэн нь Д.Трампын төсвөө танах бас нэгэн арга байж магадгүй хэмээн шинжээчид үзэж байна.
Парис хотноо төвтэй олон улсын тус байгууллагын санхүүжилтэд АНУ, Израиль хоёр сүүлийн долоон жил нэмэр болж байгаагүй учир гишүүнчлэлээс гарсан явдал нь ЮНЕСКО-д хүндрэл учруулахгүй хэмээн үзэх хүмүүс ч байгаа юм. Мексикийн хил дээр хана барих төсвийн асуудалтай холбоотойгоор АНУ-ын Засгийн газрын үйл ажиллагаа зогсоод байгаа тул энэ тухайд Төрийн департментаас ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна.
Дэлхийн хоёрдугаар дайны дараа АНУ нь дэлхий нийтэд энх тайвныг цогцлоохын тулд НҮБ болон түүний төрөлжсөн байгууллагуудыг хамтран байгуулсан билээ. ЮНЕСКО нь боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагаагаар дамжуулан хууль, хүний эрхийг хүндэтгэн дээдлэх зорилготой олон улсын байгууллага юм.
АНУ хүйтэн дайны үед ч бас ЮНЕСКО-г ЗХУ-д талтай байна гэдэг шалтгаанаар гарч байсан ч 2003 онд гишүүнчлэлээ дахин сэргээж байсан юм.
Эх сурвалж: DW
Холбоотой мэдээ