Монголын улстөрчдийг Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан /ЖДҮХС/-руу гар дүрж, хувиа борлуулах завсар ОХУ үнээ, ямаа, хонины цэвэр сүү, өтгөрүүлсэн сүү, цөцгий, аарц зэрэг бүтээгдэхүүнээ Хятадад экспортлохоор болж, гэрээ байгуулжээ. Экспортыг энэ онд багтаан хийж эхэлнэ. Аж үйлдвэрлэлийн салбарт хоршиж байсан хоёр хөрш хөдөө аж ахуйн салбарт ийнхүү хамтрах боллоо. Харамсалтай нь, хаяаг нь дэрлэн, хил залгах монголчууд Хятадын асар том зах зээлийг ашиглаж чадсангүй.
Статистик мэдээгээр Монгол Улс 66 сая толгой малтайгаас 40 мянга гаруй нь саалийн үнээ аж. Үүн дээр ямаа, хонио нэмбэл сүү, сүүн бүтээгдэхүүнээр дотоодынхоо хэрэгцээг хангаад зогсохгүй, илүүг нь өмнөд хөрш рүү экспортолж, орлого олох бүрэн боломжтой нь харагдана. Гэтэл экспортлох нь байтугай, сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэгцээнийхээ 80 хувийг импортоор нөхөж иржээ. Өөрөөр хэлбэл, үнээ нь сүүгүй, үйлдвэр нь мөнгөгүй.
Ийм байдалд хүрэхэд малчид чанараас илүү малын тоо толгойг өсгөхөд ач холбогдол өдгийг нь шүүмжилж болох ч төрөөс дэд бүтэц бий болгоогүйн дээр үйлдвэрлэлийг хөгжүүлээгүй нь эцэстээ бусдаас хараат болгосон гэх тайлбарыг учир мэдэх хүмүүс хэлж байна.
Үнэндээ ч өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд Засгийн газар бүр мал аж ахуйн салбараа хөгжүүлнэ, тэр дундаа малынхаа ашиг шимийг сайжруулж, малчдын орлогыг нэмэгдүүлнэ гэх зорилт тавьж, УИХ-аар хөтөлбөр батлуулж ирсэн ч ажил хэрэг болсон нь тоотой аж. Хамгийн сүүлийн жишээ татвал, У.Хүрэлсүхийн танхим “Үйлдвэржилт 100” хөтөлбөр хэрэгжүүлэхээ зарласан ч улсын хэмжээнд өнөөдөр болтол 100 үйлдвэр нь байгуулагдсангүй.
Харин ч уг үйлдвэр байгуулагдахад хөрөнгийн дэмжлэг болж, очих байсан ЖДҮХС-гаас салбарын сайд нь хамаарал бүхий компанидаа зээл аваад зогсохгүй, Зам тээврийн хөгжлийн сайд нь, 10 гаруй УИХ-ын гишүүний хамтаар жилийн гурван хувийн хүүтэй зээл авч, иргэдийнхээ боломжийг хулгайлсан байдаг.
Зарим нэг нь бүр цагаандаа гарсан, ЖДҮХС-гийн зээлийг сувилал байгуулахад зарцуулах ёстой гэж ойлгосон бололтой, чуулганы танхимд “Зээлээр юу хийснийг хараарай, хэдэн хүүхэд орилолдоод чарлалдаад байж байгаа” гэж уурлаж, ард иргэдийн нүдийг бүлтийлгэсэн билээ. ЖДҮ-чдээ хамгаалсан нэг гишүүн нь “ЖДҮ чинь зээл л юм билээ ш дээ” гэж хүртэл өмгөөлж үзсэн. УИХ-д бүтэн хоёр жил хууль батлалцаж суухдаа ЖДҮХС-гийн утга учрыг ойлгоогүй байгаад олон л хүн халагласан.
Хэрэв тэд хувийнхаа компанид дээрх сангаас зээл авах бус тойргийнхоо жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчийн бизнесийг дэмжиж, зээл авч өгсөн бол өдийд хэд, хэдэн аймагт шинээр үйлдвэр байгуулагдах байсан. Ядаж л хэдэн малчны дунд сүү боловсруулах цех байгуулахад нь дэмжлэг үзүүлсэн бол саасан сүүгээ гашилгаад байхааргүй болчихгүй юу. Тэр цагт Хятад руу сүү, сүүн бүтээгдэхүүн экспортолж, гялайлгадаггүй юм гэхэд сумын иргэдээ, сургуулийнхаа “Үдийн цай” хөтөлбөрт хамрагдагсдыг малынхаа цэвэр сүүгээр хангах боломж бүрдэх байсан. Ийм л боломжийг тэд мэдээлэлд ойр, мөн эрх мэдэлтэй байгаа боломжоо ашиглан, ард түмнээсээ хулгайлсан.
Харин хойд хөршийг хар, Монголын улстөрчдийг урт гар шургуулах завсар улсынхаа экспортын орлогыг нэмэгдүүлэх нэг сувагтай боллоо шүү дээ. Улсын бодлого гэж энийг л хэлдэг.
Европ даяараа ОХУ-д шахалт үзүүлж, хэдэн жил дараалан эдийн засгийн хориг арга хэмжээ авсан атал эсрэгээрээ үндэсний үйлдвэрлэл нь сэргээд байгаагийн шалтгаан нь улсынхаа ирээдүйг харсан бодлого хэрэгжүүлдэгт л оршино.
Харин манай улстөрчдөд улсын эрх ашгаас илүү хувийн бизнесээ тэтгэх нь нэг номерын эрх ашиг болж, хувирсан. Эцэст нь сануулахад, 60 гаруй сая малтай монголчууд сүүгээ экспортод гаргах нь бүү хэл импортоор авч хэрэгцээгээ хангаж байгаа нь төрийг яаж барьж байгааг л харуулах нэг үзүүлэлт шүү улстөрчид өө!
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ