Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал /НИТХ/ арванхоёрдугаар сарын 31-ний 11:00 цагаас үргэлжлүүлэн хуралдахаар болж, хотын даргаар НИТХ-ын дарга С.Амарсайханыг томилох эсэх асуудлыг хэлэлцэхээр товлоод байсан ч хурал хойшилсон юм. НИТХ-ын тэргүүлэгчид хуралдаж байж дараагийн хурлын товоо гаргах ёстой. Тэгвэл энэ талаар НИТХ-ын хэвлэл олон нийттэй харилцах албанаас тодруулахад “Хугацаа нь тодорхойгүй ч энэ долоо хоногт НИТХ-ын тэргүүлэгчид хуралдаж ирэх долоо хоногт НИТХ хуралдах төлөвтэй байна” гэсэн юм.
Сануулахад, Өнгөрсөн долоо хоногийн баасан /2018.12.28/ гаригт МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, хотын даргад нэр дэвшигчийг тодруулсан. Ингээд 100 хувийн саналаар одоогийн НИТХ-ын дарга С.Амарсайханыг хотын даргаар томилуулахаар санал нэгдсэн. Гэвч НИТХ дахь МАН-ын бүлэг энэ асуудлыг дотооддоо хэлэлцэж, саналаа нэгтгээгүй, ажлын цаг дууссан учраас НИТХ-ын хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалт цуцлагдсанаар хурал хоёр дахь удаагаа хойшлоод байна.
Э.БУРАМ