Салхитын ордын лицензийг цуцлах нь зөв үү?

Хуучирсан мэдээ: 2019.01.02-нд нийтлэгдсэн

VS

Салхитын ордын лицензийг цуцлах нь зөв үү?

Ерөнхий сайдын чиглэлийн дагуу Засгийн газрын хэрэг эрхлэх газрын /ЗГХЭГ/-ын дарга Г.Занданшатар, Уул уурхайн яам,  түүний харьяа агентлагийнхан болон тагнуул, цагдаагийн тусгай, дотоодын цэргийн бүрэлдэхүүнтэйгээр Дундговь аймагт аймгийн прокурорын хяналтын дор өнгөрсөн бямба гаригт /2018.12.29/ тусгай ажиллагаа зохион байгуулсан. Тус аймгийн Гурвансайхан суманд байдаг Зүүн болон Салхитын ордыг 2043-2047 он хүртэлх ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг цуцалсан билээ.

Ингээд энэ долоо хоногийн  VS буландаа Салхитын ордын зөвшөөрлийг цуцлах нь зөв эсэх талаарЗасгийн газар болон хуульчийн байр суурийг онцолж байна.

Засгийн газар:

Салхитын мөнгөний ордыг эзэмшдэг "Жи Пи Эф" ХХК нь 930 сая гаруй төгрөгийн татварыг нууж, худал мэдүүлсэн байж. Түүнчлэн эрх борлуулахдаа 30 хувийн татвараа улсад тушаагаагүй байна. "Жи Пи Эф" ХХК-ийн 2010 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс 2014 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд албан татварын ногдуулалт төлөлтийн байдалд Татварын ерөнхий газрын Татварын хяналт шалгалтын Удирдлага аргазүйн газраас 2015 оны долдугаар сарын 07-ны өдрөөс есдүгээр сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд хяналт хийсэн байна. Шалгалтаар Гаалийн лабораторийн агууламжийн нарийвчилсан тооцооллоос үүссэн 2014 онд мөнгөний хүдэр борлуулсны орлого 13.199.472.644.50 төгрөгөөс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулж төсөвт төлөөгүй нь Монгол Улсын Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заатыг зөрчсөн байна.

Дээрх заалтыг үндэслэн Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын төсөвт төлнө” гэснийг зөрчсөн гэж 659.973.632.22 төгрөгийг нөхөн татвар 197.992.089.67 төгрөгийг торгууль, 71.702.695.33 төгрөгийн алданги нийт 930.668.417.21 төгрөгийн акт тавьж Дундговь аймгийн татварын хэлтсийн дансанд 15 хоногийн дотор шилжүүлэхийг "Жи Пи Эф" ХХК-ийн захирал Жин Жиан Минд даалгасан байна. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйл (Тусгай зөвшөөрлийг цуцлах) 56.1.10 дахь хэсэгт “тусгай” зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 16.11, 16.14-д заасан аргачлалын дагуу холбогдох татварыг тайлагнаагүй, эсхүл үнэлгээ тооцоход шаардагдах, мэдээллийг санаатайгаар нуун дарагдуулсан, худал мэдүүлж тайлагнасан бол тусгай зөвшөөрлийг цуцлахаар заасан байна. Гэтэл Ш.Мөнгөншагай, Ж.Жаргалан нар нь 2012 оны долдугаар сарын 27-ны өдөр "Жи Пи Эф" ХХК-ийг "Си Си Эм экс" ХХК-нд 800 мянган доллараар худалдсан үйлдэлд Аж ахуй нэгжийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.7 дахь хэсэгт зааснаар эрх борлуулсны орлого болох үнийн дүнгийн 30 хувь буюу 240 мянган долларыг татварт төлөөгүй гэх мэт олон зөрчлүүд байгаа юм байна.

Б.Мэргэн
“Веритас партнерс” хуулийн фирмийн өмгөөлөгч

2017 онд Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар заалтад нэмэлт өөрчлөлт оруулж, татвараа төлөөгүй эсвэл орлогоо үнэн зөвөөр нотлоход шаардлагатай баримтуудаа нуун дарагдуулан тохиолдолд тусгай зөвшөөрлийг нь цуцална гэсэн заалтыг оруулсан байдаг. Энэ заалтын дагуу Салхитын ордын лицензийг цуцалсан гэж ойлгож байгаа. Гэхдээ цуцлахад хэд хэдэн асуудал бий. Нэгэнт хуулийн заалтаар нь цуцалж болох ч  хуулийн заалтыг зөв хэрэгжүүлэх ёстой.

Салхитын орд 2015 оны татварын асуудалтай  юм билээ. Хуульд  2017 онд шинэ заалт орсон. Тиймээс 2015 онд төлөөгүй  татвартай холбоотой асуудалд 2017 оны хуулиар 2018 онд хэрэглэж болохгүй л дээ. Хуулийг буцааж хэрэглэхгүй гэсэн үг. Тухайн нэмэлт хуулийн заалт орсноос  хойших харилцааг зохицуулна гэхээс бус түүнээс өмнөх үеийн харилцааг  хүчээр зохицуулж  болохгүй.  Салхитын ордын ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг цуцлахад сонсох ажиллагаа огт явагдаагүй. Төрийн байгууллагаас аливаа лицензийг цуцлах шийдвэр гаргаж байгаа тохиолдолд эрх нь зөрчигдөж байгаа этгээдэд эхлээд мэдэгддэг хуулийн заалттай. Сонсох ажиллагаа явуулалгүйгээр лицензийг шууд цуцалж байгаа нь өөрөө процессын алдаа гаргасан. Энэ нь  хэчнээн хуулийн үндэслэл мянга зөв байлаа гээд процессын алдаа гаргасан гээд шүүх дээр хүчингүй болно. Хэрэв шүүх дээр уналаа гэхэд хохирлыг барагдуулах нөхцөл үүсч магадгүй. Шүүх шударга ажиллавал унах нь ойлгомжтой асуудал.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
47
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
4
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж