Дэлхийн удирдагчдын шинэ жилийн мэндчилгээ

Хуучирсан мэдээ: 2019.01.02-нд нийтлэгдсэн

Дэлхийн удирдагчдын шинэ жилийн мэндчилгээ

ДОНАЛЬД ТРАМП: 2019 ОН “АГУУ” ЖИЛ БАЙХ БОЛНО

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн твиттер хуудсаараа дамжуулан маш богино шинэ жилийн мэндчилгээг уламжлахдаа бүх Америкчуудад хандан хамгийн аз жаргалтай шинэ жилийн баярыг тэмдэглэхийг хүсчээ. Мөн тэрбээр, Сири улсаас өөрийн цэргээ гаргасан шийдвэрийг “2018 он бол түүхэн ололт амжилтын жил байсан. Харин 2019 он бол “агуу” жил байх болно” хэмээн онцлов. Дашрамд дурдахад,  түүний Ерөнхийлөгчийн сонгуулийн уриа нь "Америкийг дахин агуу улс болгоно" гэж байсан билээ.

 

В.ПУТИН ОРОС УЛС ИЛҮҮ НЭГДМЭЛ БАЙХ ХЭРЭГТЭЙГ САНУУЛАВ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 2019 оныг угтан үг хэлэхдээ “Бидэнд хэзээ ч туслагч гэж байгаагүй, цаашид ч байх ёсгүй. Тиймээс бид илүү нэгдмэл байж цорын ганц хүчирхэг багийг бий болгох хэрэгтэй байна” хэмээн уриалжээ. Тэрбээр “Бид зөвхөн өөрсдийн хүчин чармайлт, нягт хамтын ажиллагааны хүчээр эерэг үр дүнг авчрах болно” гэж нэмэн тэмдэглэв. Учран золгож буй 2019 оны тэргүүлэх зорилт нь хүн амын амьжиргааны түвшинг дээшлүүлэх хэвээр байх болно гэдгийг онцолжээ.

 

 

ФРАНЦЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Э.МАКРОН ҮНЭН, НЭР ТӨР, НАЙДВАР ГЭСЭН ҮГИЙГ ОНЦЛОВ

Францын Ерөнхийлөгч Эмануэль Макрон шинэ жилийн үдэш ард иргэддээ мэндчилгээ дэвшүүлэхдээ илүү сайхан ирээдүйг бүтээхийг хүсч буйгаа онцлоод 2019 оныг “шийдвэрийн жил” байх болно гэв.

Мөн тэрбээр улс оронд нь өрнөөд байгаа “Шар хантаазтануудын хөдөлгөөн”-ий тухай өгүүлэхдээ “үнэн, нэр төр, найдвар” гэсэн үгээр тодорхойлж, тэдэнд хандан өнөөдрийн эрх чөлөөг авчрахын төлөө тэмцэж байсан өнгөрсөн үеийнхэн, түүхээ эргэн санах, нэг нэгнийхээ үзэл бодлыг хүндэтгэхийг уриалжээ.

 

ШИНЗО АБЭ: ШИНЭ ЭРИН ҮЕ РҮҮ УРАГШЛАХ ЗАМАА ЗАСНА

Японы Ерөнхий сайд Шинзо Абэ хэлсэн үгэндээ ирэх онд Хятад улстай харилцах харилцаагаа улам бэхжүүлж, хоёр улсын хувьд 2019 он шинэ эрин үе эхлэх болно гэдгийг онцолжээ.

Япон улс 2019 оны зургаадугаар сард анх удаагаа “Их 20”-ийн уулзалтыг зохион байгуулахаар болсон билээ. Энэ бол Япон улсы хувьд дэлхий дахинд өөрсдийгөө дахин шинээр таниулж, сурталчлах том боломж гэдгийг ч мөн  хэлсэн байна. Тэрбээр ард иргэддээ “2019 он бол Япон улсын маргаашийг эхлүүлэх жил байх болно” хэмээн амлажээ.

 

КИМ ЖОН УНЫ ХҮСЭЛТЭЭР ӨМНӨД СОЛОНГОСЫН ТАЛ МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЭВ

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны хүсэлтээр умардын ард түмэнд Өмнөд Солонгосын Үндэстнээ нэгтгэх яамнаас мэндчилгээ дэвшүүлжээ. Мэндчилгээний гол агуулга нь Солонгосын Хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах, энх тайвныг тогтоох, хоёр Солонгосын харилцааг өргөжүүлэх Ким Жон Уны байр суурийг бүрэн дэмжиж байгаа тухай байв.

Хоёр улсын хоорондын харилцааг улам бэхжүүлэн тэлж, энх тайвныг тогтоохын тулд өмнөд Солонгосын тал бүх хүчээ дайлчлан ажиллана гэдгээ мэдэгджээ.

 

ТУРКИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ ТАИЙФ ЭРДОГАН ДЭЛХИЙН УДИРДАГЧДАД МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЭВ

Тэрбээр арванхоёрдугаар сарын 31-ний үдэш дэлхийн томоохон гүрний удирдагчид руу цахим шуудангаар шинэ жилийн мэндчилгээ илгээсэн байна.

Түүний энэ үйлдэл нь Турк улс дэлхийн томоохон гүрнүүдтэй улс төр, эдийн засгийн салбарт хамтран ажиллах хэрэгцээ гарсныг илэрхийлж байна гэж ажиглагчид дүгнэжээ. Эрдоган Их Британийн Ерөнхий сайд Тереса Мэй, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Энэтхэгийн Ерөнхийлөгч Нарендра Моди, Францын Ерөнхийлөгч Эмануэль Макрон, Хятадын дарга Ши Жиньпин зэрэг удирдагчид руу зурвас илгээсний дотор АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг “Хүндэт Ерөнхийлөгч,  эрхэм найз минь” хэмээн тодотгосныг хэвлэлүүд онцолжээ.

 

ШИ ЖИНЬПИН: ХЯТАД УЛС ЯМАР Ч ҮЕД ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ НЭГТ ТАВИХ БОЛНО

БНХАУ-ын дарга Ши Жиньпин өөрийн улсын ард иргэддээ болон дэлхий даяар тархан суурьшиж буй бүх Хятадуудад хандан шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэхдээ “Энэ цаг үе бол дэлхий нийтийн хувьд сүүлийн зуун жилд хийгээгүй түүхэн өөрчлөлтийн эрин үе гэж харж байна.

Өөрчлөлт ямар байхаас үл шалтгаалж Хятад улс өөрийн үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, эрх ашгийг нэгдүгээрт тавих болно.  Үүний зэрэгцээ илүү сайхан дэлхийг бүтээлцэхийн төлөө хичээн ажиллах болно” гэж хэлжээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж