Жүжигчин, найруулагч Г.Эрдэнэбилэгтэй ярилцлаа.
-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Тун удахгүй нээлтээ хийх “Хийморь” киноны тухай ярилцъя. Та кино зохиолоо Төрийн шагналт зохиолч Ч.Лхамсүрэнгийн “Хүрэн морь” найраглалаас сэдэвлэн бичжээ. Энэ талаар яриагаа эхлүүлэе?
-“Хийморь” киноны зохиолыг 2016 онд Төрийн шагналт Ч.Лхамсүрэн гуайн найраглалаас санаа авч, кино зохиол болгож бичсэн. Зохиол дээр надтай хамт манай туслах найруулагч Ө.ХүүБаатар ажиллаж, бэлэн болгосон. Дараа жил нь буюу 2017 онд киноны зургаа авч эхэлсэн. Учир нь аль болох чансаатай уран бүтээлчдийг нэгтгэж чанартай уран бүтээл болгохыг зорьсон. Энэ бол нэгдүгээрт түүхэн кино, хоёрдугаарт төрийн соёрхолт Ч.Лхамсүрэн гуайн найраглал. Сурагч бүр “Хүрэн морь” найраглалыг цээжилж, бас энэ найраглалаас олон зүйлийг мэдэрч байсан шүү дээ. Тиймээс энэ найраглал өдгөө ч сурагчдын цээжлэх найраглалын нэг байсаар байна. Тиймээс ийм сайн найраглалыг муу болгох эрх бидэнд байхгүй. Үүнд маш хариуцлагатай хандаж эхэлсэн. Жүжигчдийн багийг өнгөрсөн онд бүрдүүлсэн. Зураг авалт их удаан болсон доо. Өнгөрсөн хоёр жилийн зун зураг авалтыг хийсэн. Одоо ирэх оны нэгдүгээр сарын 5-нд албан ёсны нээлтээ хийхээр боллоо. Кинонд ОХУ, Казахстан, Украйн, Киргизийн мэргэжлийн уран бүтээлчид дүр бүтээсэн. Монголоос П.Цэрэндагва гуай, Д.Мэндбаяр, Ц.Цэрэнболд, Б.Ялалт гээд аль болох чансаатай уран бүтээлчдийг тоглуулахыг зорьсон. Би бас жүжигчин хүн учраас яаж зүгээр байх вэ. Нэг жижигхэн дүрд тоглосон. Одоогоор нууц. Ер нь гол дүрд морь хүү хоёрын тухай гарна. Бусад нь туслах дүр байгаа. Киноны хөгжмийг Монгол Улсын Филармонийн симфони оркестр, морин хуурын чуулгын хөгжимчид бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглосон. Сүүлийн 20 жилийн түүхэнд 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй оркестр дуугарсан хөгжимтэй кино хийгдээгүйгээрээ бас онцлог. АНУ-ын уран бүтээлч киноны хөгжим дээр ихээхэн анхаарч хариуцан ажиллаж байгаа.
–“Хүрэн морь” найраглалыг сонгосон нь хүмүүсийн сонирхлыг татаж байгаа. Энэ найраглалыг дэлгэцэнд амилуулах шалтгаан нь юунд байв. Таны хувьд магадгүй өмнө нь кино болгохоор зорьж байсантай холбоотой байх гэж харлаа?
-Бид “Үргээлэг” киноны зохиол, зураг авалт дээр ажиллаж байх үед найз нөхдөдөө энэ тухай санаагаа хэлж байсан. Өнөөдөр уран бүтээлийнхээ ард гарлаа. Гурван жил “Хийморь” кинон дээр ажилласан байна. Энэ кино өөрөө их онцлог. Монгол соёл ахуй, ёс заншил, монгол морины бяр чадлыг дэлхий даяар мэднэ. Дэлхийн талыг эзэлсэн Чингис хаан гэж бид ярих боловч хааныг өргөөд явж байсан адгуус нь ямар амьтан байсан юм бэ. Энэ дөрвөн туурайтай адуу гэдэг амьтан л зүтгэж байсан. Бид монгол морио магтан дуулсан уран бүтээл хийж, үүнийгээ уяа сойлгыг нь тааруулж дэлхийн талыг эзэлсэн шиг яагаад гаднын оронд байлдан дагуулж болох гэж үзээд их хичээж ажиллаж байгаа. Киноны зохиол нь өөрөө мундаг. Тэр байтугай ерөнхий боловсролын дунд сургуулийн хөтөлбөрт оруулсан байдаг. Одоо бол байхгүй. Тиймээс хүүхэд залууст монгол өв соёлоо таниулан мэдүүлэх, түүх болгон үлдээх зорилгоор “Хүрэн морь”-ийг дэлгэцэнд амилуулж, мөнхөлж байгаадаа олзуурхаж байна. Энэ бол орчин цагийн хүүхэд залууст их сургамжтай, танин мэдэхүйн талаас эх орноороо бахархах хайрлах, ёс заншлаа танин мэдэхэд тус дэмтэй кино болж байгаа гэдгээр нь хувьдаа үнэлж дүгнэж байгаа.
-Киноны гол дүрийн хүүг сонгон шалгаруулалтыг хэрхэн зохион байгуулсан бэ?
-Гол дүрд хүүхэд, амьтан тоглуулна гэдэг их хэцүү. Арга эвийг нь олохгүй л бол хүүхэд шүү дээ. Ойлгох зүйлээ ойлгож, ойлгохгүйгээ тоохгүй. Амархан ядарч, шантарна. Ерөнхийдөө 10 насны хөвгүүдийг зураг авалтад оруулсан. Сонгон шалгаруулалтыг орон даяар зарлахыг бодоогүй. Кинонд тэнцэх хүүхэд олдоогүй. Эцэст нь Архангай аймаг дахь манай авгын талын хүүхэд хамгийн хүнд зураг авалтын сорилтуудыг давж, тэнцсэн. Киноны гол дүрд тоглосон Ариунболд хүү маань мэргэжлийн жүжигчдийн хэмжээнд тоглосонд хувийнхаа зүгээс их талархаж байгаа. Маш их тэсвэр тэвчээр, хатуужилтай, мэргэжлийн жүжигчдийн хэмжээнд тоглосон. Намайг болон кино багийнхны урмыг хугалаагүй. Үзэгчид энэ хүүгийн тухай киноноос үзээрэй. Аравхан настай хүү кинонд ийм мундаг тоглоно гэж бид төсөөлөөгүй. Манай морь ч бас мундаг сайн дүр бүтээсэн. Бид морь, хүүхэд хоёроо дасгах гэж 3-4 сар хамтад нь морины жүчээнд хамтад нь байлгасан. Энэ хугацаанд гол дүрийн хоёр нэгэндээ дасч, ойлголцдог болсон.
-“Mongolian сonnection”, “Хийморь” зэрэг кинонд АНУ, ОХУ, Казахстан зэрэг гадны кино багийн уран бүтээлчидтэй хамтран ажиллах болсон нь Монголын кино урлагийн хөгжилд шинэ дэвшлийг авчирч байна гэж харж байна. Гэхдээ дэлхийд танигдаж, гаднын зах зээлд гарахад тулгамддаг олон асуудал, хүндрэл бэрхшээл байгаа байх. Монголын кино урлаг энэ түвшинд хүрэх цаг болсон уу?
–Монголд кино урлаг хөгжиж л байна. Гэхдээ дэлхийн стандартын хэмжээнд хүртэл хөгжсөн үү, үгүй юу гэдэг нь эргэлзээтэй асуудал. Гаднын зах зээлд гарна гэдэг бол маш хэцүү. Олон улсын кино фестивалиудад оролцож шагнал авсан маш олон сайн монгол кино бий. Чанартай киног монголчууд хийж чаддаг. Хэдийгээр дотооддоо жижиг зах зээлтэй ч төрөөс дэмжлэг үзүүлэх хэрэгтэй юм болов уу. Бид “Хийморь” киногоо гаднын зах зээлд гаргаж, олон улсын кино фестивалиудад оролцъё гэсэн бодлоор чанартай хийхийг эрмэлзсэн.
–Гаднын кино баг монгол уран бүтээлчдийн чансааг хэрхэн үнэлдэг бол. Нууц биш бол “Хийморь” кино хичнээн төгрөгийн зардлаар бүтсэн бэ?
–Өөр өөрсдийнхөө үнэлэлт дүгнэлтийг өгсөн. Манай баримтат кино удахгүй гарна. Үүнд сэтгэгдлээ үлдээсэн. Ер нь гаднын уран бүтээлчид монголчуудыг их гайхдаг. Монголд нэг хүн зөвхөн өөрт ногдсон ажлаа хийдэггүй. Зураач нь гэхэд л багаж, төхөөрөмж зөөж туслахын ажил хийж байхад намайг найруулагчаа хийхийн хажуугаар зураачийн ажлыг давхар хийх байдал гадны уран бүтээлчид гайхан хүлээж авдаг. Тэд “Ямар сонин юм бэ, тусдаа хийх ёстой хүмүүс нь л ажлаа хариуцах ёстой. Энэ чинь эдийн засагтай холбоотой” гэж зөвлөдөг. Хэрвээ бид ингэж ажиллуулах юм бол зураг, тогооч, гэрэлтүүлэг, туслахын баг гээд тус тусад нь тооцвол хэдий хэмжээний зардал гарах билээ. Эргээд гаргасан зардлаа олж чадах уу үгүй юу гэдэг нь эргэлзээтэй. Кино бүтсэн төсөв хөрөнгийг одоогоор хэлэхэд эрт байна. Мөнгөний эцсийн тооцоо гараагүй, зардал бас гарч л байна. Ер нь киноны зохиолоос шалтгаалж хичнээн төгрөгөөр бүтэх вэ гэх санхүүгийн тооцоо шийдэгддэг. “Хийморь” кино харьцангуй өндөр төсөв гарсан.
-Дараагийн уран бүтээлээ төлөвлөсөн байгаа юу?
–Дараагийн төлөвлөсөн уран бүтээл бий. “Хийморь” кино төсөл болон үргэлжилнэ.
-Таны хувьд найруулагчийн ажлаа орой эхлүүлж байгаа. Тайз, дэлгэцийн жүжигчин байх, найруулагчаар ажиллах хоёр мэдээж ялгаатай байх. Найруулагчаас их ур чадвар, торгон мэдрэмж шаарддаг?
–Би 1999 онд Соёл урлагийн их сургуулийг жүжигчин, найруулагч мэргэжлээр төгссөн. Сургуулиа төгсөөд Улсын драмын эрдмийн театрт жүжигчнээр дагнан ажилласан. Мэдээж найруулагч мэргэжлээр төгссөн учраас кино найруулж үзэхсэн гэдэг нууцхан бодол төрдөг байсан. Найруулагчаас ур чадвар, торгон мэдрэмж шаардах гээд маш нарийн мэргэжил шүү дээ.
Миний хувьд дэлхийд Монгол гэсэн нэр, брэндийг гаргая, өв соёлоо таниулъя гэсэн бодолтой явдаг. Дараа дараагийн уран бүтээлээ аль болох түүх ёс заншил, монгол гэсэн зүйлийг киногоороо илэрхийлж гаднын зах зээл рүү гаргах юмсан гэсэн бодол бий. Энэ л бидний том дархлаа.
-“Аав” кино бол таны анхны найруулсан кино. Анхны киногоороо шилдэг найруулагчийн шагнал авсан. Энэ киног хийх болсон шалтгаан нь юу вэ?
-Өмнө нь “Би чамд хайртай-2”, “Татар ажиллагаа” киноны туслах найруулагчаар ажиллаж байсан. Эдгээр кинон дээр ажиллах явцад их туршлага хуримтлуулсан. Зориг гаргаж “Аав” киног бие даан найруулсан нь амжилттай болсон. Надад маш их урам өгсөн. Анхны найруулсан киногоороо шилдэг найруулагч болох үед бараг л шоконд орж байлаа. “Би юу хийчих вэ” гэж нэг хэсэг бодсон. Ер нь бол ичсэн. Миний мундаг найруулагч гэж юу байх вэ гэж бодогдсон. Гэхдээ надад их урам өгч “болох юм байна” гэсэн итгэл төрүүлж чадсан даа. Тиймээс энэ шагналаас их урам авсан. Аавдаа хайргүй хүн гэж байхгүй. Хүмүүс ихэвчлэн ээж гэж ярьдаг. Би заримдаа боддог л доо, ээжтэйгээ илүү их ярьдаг. Аав гэдэг хүн их дуугүй дөлгөөн. Манай аав бол их чимээгүй хүн. Киногоо аавдаа зориулж хийсэн гэж хэлж болно. Яах вэ тухайн үед лоозон пайз дээр аавдаа зориуллаа гэж хэлж, бичээгүй боловч сэтгэлдээ аавыгаа бодож хийсэн. Хүмүүст эерэг сэтгэл төрүүлсэн нь сэтгэлээс гарсан уран бүтээл болохоор тэр байх. “Аав” кино гуравдугаар сарын 6-нд нээлтээ хийсний дараа мартын 8-нд манай хүү төрж байсан. Кинон дээр гардаг жирэмсний тест бол жинхэнэ, манай хүү анхны мэдээ өгч байсан тест юм. Тэр болгон нь надтай их ойр мэдрэмжүүд байсан учраас сэтгэл гарч хийгдсэн болов уу гэж боддог юм. Үүний дараагийн “Үргээлэг-2”, “Яллагч” кино байсан. Одоо дөрөв дэх уран бүтээл маань “Хийморь” болж байна. Бид үзэгчдэд зориулж уран бүтээлээ хийдэг ч үзэгчдээ дагах биш аль болох дагуулж хийх юмсан гэж боддог. Хэдийгээр өмнөхөөсөө илүү зүйл хийж бүтээхийг эрмэлздэг боловч зарим үед тооцоо алддаг. Урд нь гаргасан замаа дараа нь жим болгож илүү их дардан замаар ажиллаж, урагшлах юмсан гэсэн бодолтой байдаг. Гэхдээ хүн төгс зүйл хийнэ гэж хэзээ ч байдаггүй байх. Мэдээж эргээд харахад алдаа оноо байсан. “Аав” киног дахин харахад янзалж, өөрчлөх бодол одоо ч гэсэн бодогдож л байдаг.
-Хүмүүс таныг “Тайчигч хөвгүүд ба саарал гудамж”, “Тэнгэрийн хүү” жүжгийн Модун Шанью, бас “Би чамд хайртай-2”, "Татар ажиллагаа", “Үргээлэг” киногоор мартдаггүй. Одоо ч үзэх дуртай. Тайзны уран бүтээл, дэлгэцийн бүтээл хоорондоо хэр их зааг ялгаатай вэ?
-Би улсын драмын эрдмийн театрт 18 жил орчим ажилласан. Одоо бол би 100 хувь кино дэлгэцийн уран бүтээл дээр ажиллаж байна. Улсын драмын эрдмийн театраас албан ёсоор гарсан. Аль болох далайцтай уран бүтээл хийх юмсан, бас дотроо төлөвлөсөн зүйл байсан учраас кино урлагийг сонгосон. Мэдээж тайз, дэлгэцийн уран бүтээл ялгаатай. Тайзны уран бүтээл бол их сайхан. Бүх зүйл амьд болдгоороо онцлог. Тайзан дээр жүжигчдийн хэн нв хэн бэ гэдэг нь ялгарч харагддаг. Жүжигчнээс их шалгуур тайзны уран бүтээл шаарддаг. Өнгөрсөн 18 жилийн хугацаанд их зүйлийг сурсан. Энэ бол багагүй хугацаа. Ахмад уран бүтээлчид, үе тэнгийнхнээсээ маш олон зүйлийг сурч мэдэж ойлгож авсан. Их туршлага хуримтлуулсан. Одоо кино урлагт хүч сорьж эхэлж байна.
-Уран бүтээлч хүнд шинэ уран бүтээл дээрээ ажиллах, нэг шинэ бүтээлээс дараагийн төлөвлөгөөг гаргах гээд маш их эрэл хайгуул хийх шаардлага гардаг. Их ажлын хажуугаар гэр бүлдээ цаг зав гаргаж чаддаг уу?
–Гэр бүлдээ цаг гаргах нь үнэхээр ховор л доо. Сүүлийн гурван жил “Хийморь” кинон дээр ажиллаж, гэрийн барааг харахаас харахгүй нь их байлаа. Хөдөө натур зураг авалттай гээд удаан хугацаагаар явах тохиолдол гарна. Уран бүтээлч хүн цаг хугацаатай уралдаж бүтээлээ турвидаг. Нэг бүтээл хийхээр зориглосон бол гэртээ орох нь бага болно шүү дээ. Нилээн удаан яваад ирэхээр хүүхдүүдээ том болсноо анзаардаггүй. Дахиад хол яваад ирэхэд бүр том болсон байдаг.
– Хоёулаа кино урлаг, гэр бүлийн тухай ярианаас түр хөндийрч, хүүхэд насны тухай ярилцъя. Соёлын гавьяат зүтгэлтэн Загдын Түмэнжаргалын үг "Хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэрэг хэрвээ байдаг бол, Хүн бүр сууна даа гэж , Хааяа би боддог юм” энэ дууг сонсч өсөөгүй хүн байхгүй. Дууны үгэнд гардаг шиг танд ийм боломж тохиовол яах вэ?
–Хүүхэд байхад бодож санах зүйлгүй, зорилго чиггүй зоргоороо байдаг нь л сайхан байж дээ. Би сахилгагүй хүүхэд байсан. Өсч томрох тусмаа сахилгагүй нь дарагдаж томоожсон юм даа /инээв/. Хүүхэд насандаа очвол аав ээждээ ханатлаа дур зоргоороо эрхэлж авах байсан даа.
Холбоотой мэдээ