ТҮК-ийхандаа баярлалаа

Хуучирсан мэдээ: 2019.01.02-нд нийтлэгдсэн

ТҮК-ийхандаа баярлалаа

“Мөнгөн үдэш 2018

Шинэ жилийн баяраа өргөн дэлгэр сайхан тэмдэглэлээ, бид. Нэг үеэ бодвол хог хаягдалгүй, зөв боловсон баярлаж сурчээ. Үүнийг Улаанбаатарын “Мөнгөн үдэш 2018” арга хэмжээний үеэр тохижилт үйлчилгээний компаниудын /ТҮК/ ажилчид батлан харууллаа. Нийслэлийн хот тохижилтын газраас баярын  өдрөөр 350 гаруй ажилчид ажиллан хотын төв зам дагуух зам талбайн хогийг цэвэрлэжээ.

Гадаа шөнөдөө -38, өдөртөө -23  хэмийг зааж хүйтэрсэн ч тэд тоосон шинжгүй нимгэн шар хантаазыг зузаан хүрмэн дээр углаж, гартаа шүүр барин замын тоос, шороо, хогийг шүүрдэнэ. Бид тэр бүр анзаардаггүй ч өдөр бүр ийн ажилладаг ТҮК-ийнхэн л энэ улс орны дутууг гүйцээж, дундуурыг дүүргэж яваа.

Ердөө жилийн өмнө баяр ёслол, нийтийг хамарсан цэнгүүний маргааш нь Улаанбаатар хотын төв талбай хогон далай, нус цэрэнд  умбаж, хөөрхий ТҮК-ийн ажилчид үйлээ үздэг байлаа. Нэгэн жишээ дурдахад,  Улаанбаатарын “Мөнгөн үдэш 2017” арга хэмжээний дараа  төв талбай хогон дунд  дарагдсан зураг цахим хуудаснаа тархаж байсан юм.

“Мөнгөн үдэш 2017”

Тухайн үед “Залуус ухаан муутай, тэнэг байна. Тэдний үйлдэл өөрсдийг нь гэрчилж байна”, “Залуус тархиндаа тамхи, архи биш жоохон “гэгээрэл” оруулмаар байна. Ном уншмаар байна” хэмээн хэн хүнгүй  зэмлэж  байв.

Мэдээж нийслэлийн соёл, иргэдийн ухамсрыг хаанаас асууж, хэнээс мэдэж болох вэ гэвэл  1.5 сая иргэн амьдардаг хотын өнгө төрх, цэвэр байдлыг та бид  тодорхойлно. Тэгвэл нэг  ёсондоо  залуусын сэтгэхүйд бусдаас ичих, хогоо хаяж явахдаа эмзэглэх байдал бий болжээ гэмээр. Ямартай  ч 2019 он гарахад төв талбай ямар ч хоггүй үлдэж ТҮК-ийнхний ажлыг бага ч болов хөнгөлжээ.

Залуусын  энэ үлгэр жишээ үйл хэрэг маш олон хүнд зөв суртал, ухуулга болох нь мэдээж.  Гэхдээ нийслэл хотыг цэвэр байлгахын төлөө “тангараг” өргөсөн тэд өглөө бүр зам, талбай цэвэрлэж, цаг агаарын ямар ч нөхцөлд ажиллаж байдаг ажилчдыг бид төдийлөн анзаардаг бил үү.

 

Тэднийг хогтой гудамж цэвэрлэсэнгүй гэж зэмлэнгүй харахаас өөрөөр хэрхэн боддог билээ. Ажлын шаардлагаар халтар хувцас өмссөн  болохоор зарим нь дөлж, холуур тойрон гарах вий. Тэгвэл юуны төлөө ингэж, өглөө нар мандахаас өмнө ажлаа эхлүүлж, орой болоход ажилласаар үлддэгийг бид ухамсарлах ёстой болов уу. Бидний тарьсан хогийг цэвэрлэх гэж тэр. Өнөөдөр таны татсан тамхины ишийг цэвэрлэнэ. Маргааш ч мөн адил. Харин ч ажилласаар, цэвэрлэсээр, хог шорооноос нь чадлын хэрээр салгасаар…

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж