Танилц: Өнөөдрөөс мөрдөгдөх хууль, журам

Хуучирсан мэдээ: 2019.01.02-нд нийтлэгдсэн

Танилц: Өнөөдрөөс мөрдөгдөх хууль, журам

Улс орон даяар энэ сараас буюу 2019 оны нэгдүгээр сараас мөрдөгдөж эхлэх журам, хуулийг танилцуулъя.


ТӨРИЙН АЛБАН ХААГЧДАД НЭМЭГДЭЛ ОЛГОНО

Засгийн газар төрийн албан хаагчдын цалинг нэмэх зорилт тавиад байгаа билээ. Энэ хүрээнд Засгийн газрын хуралдаанаар доктор, профессор цолны нэмэгдэл, төрийн үйлчилгээний албан хаагчдад ур чадвар, орон нутагт ажилласны нэмэгдэл, Эрүүл мэндийн салбарын албан хаагчид хөдөлмөрийн нөхцөлийн нэмэгдэл олгох журмыг баталсан. Энэ журам энэ сараас эхлэн хэрэгжих юм.

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ НЭМЭГДЭНЭ

Нийгмийн даатгалын шимтгэлийг энэ сараас эхлэн 0.5 хувиар нэмж байгаа. Энэ нэмэгдлийг ажил олгогч болон ажилтнаас авах юм.  Өөрөөр хэлбэл, Нийгмийн даатгалын санд энэ сараас эхлэн ажил олгогч 12.5-14.5 хувь, ажилтан 11.5 хувийн шимтгэл төлөх юм.

ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛ НЬ ОРЛОГЫН ТАТВАРЫН ДАРААХ 70 ХУВИАС ДАВАХГҮЙ

Монголбанк иргэдийн хэрэглээний зээлийн дээд хугацааг 30 сар байхаар тогтоосон. Мөн иргэдийн хэрэглээний зээлд өр, орлогын харьцаанд дээд хязгаар тогтоосон юм. Ингэснээр иргэдийн хэрэглээний зээлийн сарын үндсэн болон хүүний төлбөр нь сарын орлогын татварын дараах хэмжээний 70 хувиас давж болохгүй болсон. Түүнчлэн шинээр зээл авч байгаа хүнд уг шийдвэр үйлчлэх бөгөөд одоо зээлтэй байгаа хүнд хамаарахгүй. Энэ хууль 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжих юм.

МСҮТ-ИЙН ОЮУТАНД САР БҮР 100 МЯНГАН ТӨГРӨГ ОЛГОНО

Мэргэжлийн сургалт үйлдвэрийн төвд суралцаж байгаа оюутан залууст сар бүр 100 мянган төгрөгийн тэтгэлэг олгоно. Сонирхуулахад, Монгол Улсад 90 гаруй мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагад жил бүр 40 мянга гаруй  оюутан 180 гаруй мэргэжлээр суралцдаг байна.  Ингээд жилд 19-20 мянга орчим мэргэжилтэй ажилтан төгсч, төгсөгчдийн 60-ааc дээш  хувь нь байнгын ажлын байртай болдог ажээ. Мэргэжлийн болон техникийн сургалт эзэмшүүлэх байгууллагууд нь чиг үүргээсээ хамаарч сургалт үйлдвэрлэлийн төв, политехник коллеж гэсэн ангилалтай байдаг.

СОГТУУРАХ, МАНСУУРАХ ДОНТОЙ ИРГЭДИЙГ АЛБАДАН ЭМЧЛЭХ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО

"Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хууль"-ийн шинэчилсэн найруулгын төслийг 2018 оны арваннэгдүгээр сарын 15-нд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар баталсан. Ингэснээр ямар тохиолдолд албадан эмчлэх, хаана эмчлэх, эрүүл мэндийн байгууллагыг хэрхэн оролцуулах, шүүх яаж шийдвэр гаргах, эмчлэгдсэний дараах байдал гэх мэт асуудлуудыг тус хуульд нарийвчлан тусгасан юм.

I, II АНГИ ТУСЛАХ БАГШТАЙ БАЙЖ БОЛНО

Багшийн хөгжлийг дэмжих тухай хуулиар багш нарын хөгжил, нийгмийн асуудлыг сайжруулахыг зорьж байна. Тухайлбал,

  • Ерөнхий боловсролын сургуулийн 44-өөс дээш хүүхэдтэй нэг, хоёрдугаар анги нь туслах багштай байж болно.
  • Багшийн хөгжлийн төвийн үйл ажиллагаанд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, мэргэжлийн боловсролын сургалтын нийт хувьсах зардлын хоёр хүртэлх хувьтай тэнцэх хэмжээний зардлыг зарцуулна.
  • Багш мэргэжлээр дээд боловсрол олгох их, дээд сургуулийн сургалтын хөтөлбөрт зургаан сарын хугацаатай дадлагажигч багшаар ажиллах агуулгыг багтаана. Дадлагажигч хөдөө орон нутагт ажиллавал тэтгэлэг олгож болох бөгөөд холбогдох журмыг Засгийн газар батална.
  • Багшийг түрээсийн орон сууц, ипотекийн зээлд хөнгөлөлттэй нөхцөлөөр хамруулах хөтөлбөрийг барилга хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран хэрэгжүүлнэ.

МОД, МОДОН ХИЙЦИЙГ НӨАТ-ААС ЧӨЛӨӨЛНӨ

Бүх төрлийн түлшний зориулалтын мод, барилгын модон угсармал зэргийг өнөөдрөөс эхлэн Нэмэгдсэн өртгийн албан татвараас (НӨАТ) чөлөөлж байна. Харин ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт, ойн аж ахуйн арга хэмжээний ажил болон импортоор оруулж байгаа гуалин зэрэг нь үүнд хамаарахгүй юм. ойгоос нялх моддыг авч хот суурин газруудыг ойжуулах  явдлыг зогсоох зорилтой юм.

ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭ НЭМЭГДЭВ

Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талын хэлэлцээгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг өсгөх шийдвэрийг 2018 оны наймдугаар сард гаргасан билээ. Эл шийдвэрийг 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж эхлэхээр хугацаа заасан тул энэ сараас эхлэн цалингийн доод хэмжээ өөрчлөгдөж байна.  Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240 мянган төгрөг байсныг энэ сараас эхлэн нэмж, 320 мянган төгрөг болгож байгаа.  Түүнчлэн тэтгэвэр, тэтгэмж, халамжийн хэмжээг нэмэгдүүлэхийг зорьж байгаа. Гэхдээ давхардсан тоогоор 1.1 сая хүн халамжид ямар нэгэн байдлаар хамрагдаж байгаа бөгөөд үүнийг цэгцэлж, зорилтод бүлгийг оновчтой тодорхойлж, тэтгэвэр, тэтгэмжийг хэмжээг нэмэх юм.

 

ОРОН НУТГИЙН ИХТ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ДАВХАР АЖИЛ ЭРХЭЛЖ БОЛНО

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд оруулсан өөрчлөлт өнөөдрөөс хэрэгжиж байна. Хуулийн чухал агуулга нь аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийн гуравны нэг хүртэлх хувь нь төрийн албан хаагчаар давхар ажиллаж болох юм.

НИЙЛЭГ УУТНЫ ХЭРЭГЛЭЭГ ХОРИГЛОВ

Түүнчлэн Засгийн газар нийлэг уутны худалдааг хориглох шийдвэр гаргасан. Уг шийдвэр энэ оны гуравдугаар сарын 1-нээс мөрдөгдөж эхэлнэ. Нийлэг буюу нэг удаагийн, гялгар уут хэмээн нэрлэгддэг уутны хэрэглээг хориглох шийдвэрийн хэрэгжилтэд Гаалийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хяналт тавих ажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
3
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж