Хууль бусаар мод бэлтгэгчдэд ял оноожээ

Хуучирсан мэдээ: 2015.03.15-нд нийтлэгдсэн

Хууль бусаар мод бэлтгэгчдэд ял оноожээ

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын сум дундын ойн ангийн дарга Д.Тэрбиш нарт холбогдох хэргийг Сум дундын 20 дугаар шүүхэд шүүж, тэдэнд ял оноожээ.

Авлиагтай тэмцэх газраас явуулсан мөрдөн байцаалтын явцад Д.Тэрбиш нь албан тушаалаа урвуулан ашиглаж, байгаль экологид онц их хэмжээний хохирол учруулсан болох нь тогтоогдсон байна. Тодруулбал, 2013 оны арванхоёрдугаар сард хэрэглээний мод бэлтгэх эрхгүй “Хүдэр өсөх” ХХК-ийн захирал Р.Лхагвадоржтой тохиролцон Ерөө сумын нутаг дэвсгэр “Баяны ар” гэх газарт хууль бусаар нойтон мод бэлтгүүлж байгаль экологид 59.3 сая төгрөгийн хохирол учруулсан. Мөн Ойн ангийн мэргэжилтэн Н.Буяндэлгэр нь мод бэлтгэж эхлэхээс өмнө газар тусгаарлалт хийх ёстой байсан боловч мод бэлтгэж эхэлснээс хойш 5.5 га газарт тусгаарлалт хийж албан үүрэгтээ хайнга хандсан гэнэ.

Дээрх хэргүүдэд шүүхээс тэднийг буруутган Ойн ангийн дарга Д.Тэрбишид албан тушаал эрхлэх эрхийг хоёр жилийн хугацаагаар хасч, 9.984 сая төгрөгөөр торгох ял оногдуулжээ. Мөн Ойн ангийн мэргэжилтэн Н.Буяндэлгэрт нэг жилийн хугацаагаар хорих ял, “Хүдэр өсөх” ХХК-ийн захирал Р.Лхагвадоржид хоёр жилийн хорих ял тус тус оногдуулжээ. Мөн ар гэрийн байдлыг нь харгалзан үзэж, Н.Буяндэлгэр, Р.Лхагвадорж нарт хорих ял оногдуулсан шийтгэлийг тодорхой хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн гэдгийг Авлигатай тэмцэх газраас мэдээллээ.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж