2018 оны хаврын чуулганаар баталсан хууль өнөөдрөөс хэрэгжиж эхэлж байна. Багшийн хөгжлийг дэмжих тухай хуулийг УИХ-аас баталснаар багш нарыг хөгжүүлэхээс гадна тэдний нийгмийн асуудлыг сайжирна гэж хууль санаачлагчид нь тухайн үед тайлбарлаж байсан юм. Багш нарын цалингийн асуудал байнга хөндөгддөг. Тиймээс энэ хуулийн хүрээнд багш нарын хөдөлмөрийг бодитой үнэлэх асуудлыг зохицуулжээ. Мөн ерөнхий боловсролын сургуулийн 44-өөс дээш хүүхэдтэй нэг, хоёрдугаар анги нь туслах багштай байж болохыг хуульчилж өгсөн байна. Улсын тодотголтой нийслэлийн ерөнхий боловсролын ихэнх сургуулийн нэг ангийн хүүхдийн тоо нормоос хэтэрсэн байдаг. Мөн багш нарын нийгмийн асуудлыг шийдэх хүрээнд багшийг түрээсийн орон сууц, ипотекийн зээлд хөнгөлттэй нөхцөлтэйгээр хамруулах хөтөлбөрийг барилга хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран хэрэгжүүлэх асуудлыг багтаажээ.
Б.БАТ