Хуучирсан мэдээ: 2019.01.01-нд нийтлэгдсэн

Сонгуулийн өмнөх жил

Сонгуулийн өмнөх жил

УИХ-ын сонгуулиар үнэмлэхүй олонх болж, 65 суудал авахдаа МАН-ынхан төрөө  хямралаас , түмнээ ядуурлаас гаргахаа амлаж байснаа мартаж, улсаа тамирдтал зодолдож байна. Өмнөх дөрвөн жил Ардчилсан намынхан өөрсдөө тамирдтал зодолдож байв.  Урьд нь улс төрийн синдром  хавар хөдөлдөг байсан бол өдгөө дөрвөн улирлын турш синдромтой, мөнгө төлөөд  жүжиг үзэхээр явах ч хэрэггүй болов. Учир нь Монголын улс төр өөрөө хошин шог болсон.

2019 онд бол МАН-ын хувьд төдийгүй Монголын намуудын хувьд хамгийн хариуцлагатай жил байх ёстой. Ирэх 2020 он бол сонгуулийн жил.  Иймээс л энэ онд эрх барьж байгаа нам мөрийн хөтөлбөрөө биелүүлэхийн тулд зүтгэдэг. Гэвч, сонгуулийн өмнө жилийн төлөвийг харахад  МАН-ын зодоон арилахгүй, Монголын хямрал дуусахгүй шинжтэй. Уг нь МАН-аас улс төр, эдийн засгийн хоёрхон том реформ хүссэн, хүлээлтийн байдалтайгаар гурав дахь жилтэйгээ золгож, УИХ нь тэг зогсолттой шинэ оныг угтав.

Ардчилсан намын үед эхлүүлсэн татварын реформ бол У.Хүрэлсүхийн намын хийх ёстой нэг гэрийн даалгавар байв. Татварын багц хуулиудыг УИХ намрын чуулганаар баталж чадсан бол энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжихээр төлөвлөгөөтэй байлаа. Даанч МАН-ынхан хэрүүлдээ гол ач холбогдлоо өгч хийх ёстой ажлаа хийж чадалгүй нэгэн оныг үдэж, нэгэн онтой золгож байна.

Одоо МАН-д ажил  хийх ганцхан жил үлдсэн. Уг нь ажил хийх хүнд ганц жилийн дотор гайхамшиг ч бүтээж болохыг гадаадын улс орнуудын хөгжил дэвшил харуулсаар. Бүрэн эрхийнхээ дөрвөн жилийн гурвыг нь зөвхөн эрх мэдэл, сандал суудлын хэрүүлд зарцуулсан нь дэндүү харамсалтай. 

Энэ хуулийн гол концепци бол жижиг, том, хот хөдөө гэлтгүй орлого олж байгаа бүхнээс шударга татвар авах явдал.  Монголд огт татвар төлдөггүй ч нийгмийн үйлчилгээг бусдын адил хүртдэг  хүмүүс цөөнгүй бий. Малчид машины ченжүүд, худалдаачид, газрын болон морины наймаачид. Асар их мөнгө эдгээр хүмүүсийн дунд эргэлддэг бөгөөд эндээс татвар авах асуудал байнга хөндөгддөг. Гэхдээ татварын багц хуулийн хүрээнд малчдаас татвар авах асуудал тусгагдаагүй билээ.

Тус намаас хүлээж байсан хоёр дахь реформ бол Үндсэн хуулийн шинэчлэл болоод Улс төрийн намуудын тухай хуулийг өөрчлөх явдал. Гэвч,  чуулганы хуралдаандаа суудаггүй гишүүдэд Төр ба Ард түмний хоорондын гэрээг өөрчлөх эрх байхгүй юм. Тэгээд ч сүүлийн гурван парламент дамжсан энэ асуудлыг М.Энхболдыг парламент хэлэлцэхгүй нь нэн тодорхой, учир нь тэдэнд эв нэгдэл алга. Үндсэн хуулийг өөрчлөхийн тулд УИХ-ын гишүүдийн гуравны хоёр  буюу 50 гаруй гишүүний дэмжлэг байх ёстой.  Харамсалтай нь, өнөөдөр 40 ба 35 гэсэн УИХ-ын хуваагдлыг харахад Үндсэн хуулийн реформыг хийх гэрийн даалгавраа үнэмлэхүй олонх хийж чадахгүй нь.

Монгол ардын нам засгийн эрхэнд гарснаас хойш юу хийж юу өөрчлөгдөв. Яг энэ асуултыг жилийн дараа ард түмэнд тэдэнд тавихын сацуу дүнгээ ч тавина. Парламентад суудалтай намуудын рейтингт унахын хэрээр гуравдагч намуудын орон зай улам томорч, зарим нэг улс төрч шинэ хөдөлгөөн, шинэ нам байгуулахаа ил тод зарлаж байна.

Монголын эдийн засаг эргээд сэргэсэн ч эрсдэлээс бүр мөсөн салаагүй гэдгийг гадна санхүүгийн байгууллагууд сануулсаар байгаа билээ. Тухайлбал “Дэлхийн эдийн засгийн өсөлт 2018 онд 3.1 хувьд тогтвортой хэвээр байж, харин ирэх хоёр жилийн хугацаанд аажим удаашрахаар байна” гэж Дэлхийн банкнаас анхааруулаад “Санхүүгийн зах зээлийн замбараагүй, тогтворгүй байдал үүсэх магадлал ихэсч, зарим хөгжиж буй зах зээл болон хөгжиж буй орнуудын эдийн засаг иймэрхүү нөхцөл байдалд орох эмзэг байдал нэмэгдсэн”-ийг болгоомжлуулжээ.

Монгол Улсын хувьд ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т 2017 онд орсон бөгөөд гурван жилийн хугацаа нь 2020 онд дуусна. Өөрөөр хэлбэл, ОУВС-гийнхан ч явна, Монголын төрийн эрх барих парламентын ээлжит сонгууль болно.Тэгэхээр энэ он бол эдийн засаг, улс төрийн хувьд хамгийн хариуцлагатай шийдвэрийн жил байх юм.

Б.БАТ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж