“Болор цом 36” наадмын тэргүүн шүлэг тодорно

Хуучирсан мэдээ: 2019.01.01-нд нийтлэгдсэн

“Болор цом 36” наадмын тэргүүн шүлэг тодорно

“Болор цом 36” наадмын тэргүүн шүлэг тодорно

Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Төрийн шагналт, яруу найрагч Дэндэвийн Пүрэвдорж агсан “Хүн төрөлхтөнд хүргэх үг” шүлгээрээ анхны “Болор цом” наадмын тэргүүн шагнал авсан түүхтэй. Оны шилдэг шүлгийг шалгаруулдаг уламжлалт энэхүү наадам 36 дахь жилдээ золгож байна. 2019 онд Монголын зохиолчдын эвлэлийн 90 жилийн ойг тохиолдуулан “Болор цом 36” наадмыг Говьсүмбэрт аймагт зохион байгуулахаар болсон юм. Наадмын эхний шалгаруулалтаас 27 найрагчийн нэрийг тодруулсан бөгөөд дараах найрагчид багтжээ. Үүнд, Х.Алгаа, М.Амархүү, Н.Батжаргал, П.Батнайрамдал, Б.Баттулга, Т.Баянсан, Би.Баярсайхан, Д.Ган-Очир, Д.Гансүрэн, Э.Гантулга, Б.Ганхүрэл, Х.Дугарсүрэн, Н.Дэвээжаргал, Б.Жамбалдорж, А.Лхагва, Г.Лхагвадорж, Н.Мөнхбаяр, С.Начин, Д.Одгэрэл, На.Пүрэв, А.Сүглэгмаа, Ч.Ууганбаяр, М.Уянсүх, О.Цэнд-Аюуш, Б.Чулуунцэцэг, О.Элбэгтөгс, Д.Энхболдбаатар нарын найрагчид шүлгээ уншихаар болсон байна.

Уншигч, үзэгч, найрагчдыг холбодог “Болор цом” наадамд Ардын зохиолч Б.Лхагвасүрэн, Д.Цоодол нар тус бүр гурван удаа түрүүлсэн бол Ц.Чимэддорж, Ц.Хулан нар тус бүр хоёр удаа тэргүүн байрыг хүртэж байжээ.

“Болор цом 35” наадам өнгөрсөн онд Говь-Алтай аймагт болоход Ховд аймгийн Дуут сумын харьяат, яруу найрагч М.Отгонбаяр “Ижий дээ нас гуйж бичсэн шүлгээрээ” тэргүүн байрыг эзэлж байсан юм. Мөн “Болор цом 34” наадамд Сүхбаатар аймгийн яруу найрагч Б.Батсайхан “Тэр эмэгтэй”, “Болор цом 33” наадамд яруу найрагч Ц.Эрдэнэбаатар “Суурин иргэншлийн цаг” шүлгээрээ тус тус тэргүүлж байсан байна.

“БОЛОР ЦОМ 35” наадмын тэргүүн шүлэг

Яруу найрагч М.Отгонбаяр

ИЖИЙДЭЭ НАС ГУЙЛАА

Зэрлэг улаан сарнаас

Зэлүүд сансрын од бүхнээс

Зэрэглээ бүжсэн хаврын цэнхэр өдрүүдээс

Зэлмэ, Сүбээдэй дээдсийн алтан сүнснээс

Шид идийн орчлонгийн нүд чихгүй бурхнаас

Шилийн уулын чимэг Алиа хонгор эзнээс

Шийтгэл нүглийг минь дэнслэх Эрлэг номун хаанаас

Шимийн архинд дуртай малчин айлын онгоноос

Хөхрөгчийн зулайд эрхлэх хөхөл цагаан үүлнээс

Хөл нүцгэн туучиж өссөн дуучин ялдам горхиноос

Хүсээгүй үедээ гамгүй тараасан залуу насныхаа алдаанаас

Хүссэн цагтаа жаргаж явсан зугаа цэнгэлт мөчүүдээс

Ижийдээ нас гуйлаа

Ижийдээ би нас гуйлаа

Амар мэнд эрэх энгийн сайхан ерөөлнөөс

Алтан дэлхийг хайрлах энгүүн сайхан сэтгэлтнээс

Уйлсан нулимсны дусал, дуулсан дууныхаа нугалаанаас

Уйтгарлан гуниглагч хүмүний зүрхний цохилт бүрээс

Амраглан дурлагч гоо уулнаасаа

Рашаанд усанд нь амьдрагч хөх хулганаас

Өвгөдийг минь тавьсан үрчлээт хүрэн энгэрээс

Өнөөдрийг надад өгсөн тэнгэрт буй эцгээсээ

Ижийдээ нас гуйлаа

Ижийдээ би нас гуйлаа

Хөгшин ижийдээ уйлан хайлан нас гуйлаа чиг

Хөлөрсөн зоос шиг харанхуй орчлонгийн юм бүхэн таг дуугуй

Хөөгдсөн гөрөөс шиг цаг хугацаа улам улмаар хурдлан довтолж

Хөвүүн насны минь гэнэн нүд сэтгэл дотроос дуугүй ширтнэм

Сайхан залуу ээждээ эрхэлж өссөн тэр л нас минь

Сансарын орон зайн юм бүхэнд үлдсэн байнам

Ижий таны минь ургуулсан энэ бие сэтгэл

Элээж дуусгаж чадахгүй ч байж мэдэх сүнс минь

Таны амлуулсан сүү мөр бүхэнд нь шингэсэн шүлэг минь үлдвэл

Та минь хүүтэйгээ цуг энэ ертөнцөд үүрд байх нь дээ ээж ээ

Дуугүй эрх хонгор тэр л насны минь аз жаргал

Дурсамжийн цэцэрлэгт бороо оруулсан уянгийн бодол болон үлдэх нь байна

Таны зааж өгсөн яруухан дуунууд, хүүгээ хайрладаг эх хэл тань

Тархи болоод зүрхэнд минь гэрэлтсээр л байна ээж минь,

Хувь тавилангийн болор эрхийг хутгаар огтолж болохгүй ч

Хувилгаан хөх тэнгэрийг хүний хүү эрхшээхгүй ч

Ганцаар ирсэн орчлонгоос гараад явчихаж болдоггүй ч

Газрын гаваар орсон ч нэр минь, үр минь үлдэх орчлон гэвчиг

Ижийд минь нас хайрлаач

Ирэх жилүүдийн миний аз жаргалыг оронд нь аваач

Зэрлэг улаан сарны дуугүй хаакираанд чихээ таглан суугаад

Зэлүүд ууланд цор ганцаар сууж ижийдээ нас гуйнам би…

"БОЛОР ЦОМ-34″наадмын тэргүүн шүлэг
Яруу найрагч Борхүүгийн Батсайхан:

ТЭР ЭМЭГТЭЙ

Тэр эмэгтэйд би хайртай
Тэвэрч аваад үнсэхэд нь дуртай
Даарсаар очиход минь угтан авч
Бээрсэн гарыг минь бүлээцүүлж өгдөг
Гоо үзэсгэлэнт тэр хүнээс
Голт зүрх минь хайр мэдэрдэг ээ
Тэр эмэгтэйд би хайртай
Тэртээ холоос ч угтдаг нь дуртай
Халууцсаар очиход минь тоон авч
Хөлсийг минь арчин сэрүүцүүлж өгдөг
Гомдоож ердөө боломжгүй тэр хүнээс
Гоо үзэсгэлэнг илүүтэй мэдэрдэг ээ
Жирийн л нэг Монгол эмэгтэйгээс
Жинхэнэ хайрыг би мэдэрдэг ээ
Хайр гэрэлтүүлсэн тэр эмэгтэйг
Ээж гэдэг

"БОЛОР ЦОМ-33″наадмын тэргүүн шүлэг
яруу найрагч Ц.Эрдэнэбаатар

 СУУРИН ИРГЭНШЛИЙН ЦАГ

Нүд шиг алаг замбуугийн нарны аймагт

Нулимс нь болж бөмбөрөх дэлхийн тунгалагт

Хүмүүсийг нүцгэлж харах адын хүсэл минь

Хүүхэнд тачъяахаас шал ондоон гэдгийг

Аль эрт мэдчихсэн болохоор

Алив бүхнээс толгой өндөр явмаар санагдаад

Зээрийн адил “сүрэглэх” дурандаа их хотод ирж

Зээлийн газрын олохын донтой хүн сүрэгт нийлэв.

Айраг шуугисан хөхүүрийг минь “дажгүй сав” гэдэг Андтай болов

Адуу тургисан нутгийг минь алтны ордтой юу гэж асуудаг Нөхөдтэй болов

Буруу бүхнийг онох зангидсан гар шиг шударга зоригтой байгаад Хулчгар болов

Буцаад дэлгэгдэхдээ бурхны алга шиг лянхуалддаг энхрий сэтгэлтэн байгаад

Хуурамч болов Хэрэггүй ховын салхинд хийсэн алдан дэнжигнэх

Хэврэг “үнэн”-ий самбар болов

Хурдан цохилдог “СУУРИН ИРГЭНШЛИЙН ЦАГ”-т хөөлгүүлсэн

Худлаа нь олон “соёлын” боол болов …Ашгүй минь …

Аянгат сум тэнгэр нумнаас алдуурч өнөөх цагийг бут ниргээд

Алхам тутамд жижгэрсээр байгаа хүн чанар шиг минь хэлтэрхийг нь

Аварга том байшингийн доторх жижигхэн өрөөнд минь өлгөхдөө

Алга болж байгаа төрөл зүйл бол хүн шиг хүн гэдгийг

Чаг чаг …. хийн дуугарах болгондоо сануулж

Чангаас чанга хэлж бай гэж зарлигдсаныг нь

Сэтгэлийн тухай яриагаа хэтэвчнийх нь болгосон хөөрхий

Сэрүүлэг хэмээн эндүүрэн сэрж ядан байхдаа

Түмэн газрын цагаан хэрмийг зад татсан

Түрэмгий өвгөдийнхөө уухайнаас

“Шавар байшиндаа шавааралдан” амьдрах

Шалихгүй олон хүмүүсийн тухай сонсоод

Хөдөө аглагт ургасан суу билгийнхээ жигүүрийг даль болсныг

Хөх л уул нь өвлүүлсэн хүн чанараа өчүүхэн болсныг зүүдэлхүйд

Нүд шиг алаг замбуугийн нарны аймагт

Нулимс нь болж бөмбөрөх дэлхийн зулайдаа

Тагнай ташсан айргаа таашааж залгихын тулд

Таана халхалсан талдаа тааваараа амьдрахаар “СУУРИН ИРГЭНШЛИЙН”

Суваг болгон дээр

Суварга суварга уул руугаа маргааш би мордоно

Монголын нэг өдөр “Оломгүй далайг” дуулахуй

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж