Нийслэлийн ИХТ-ын ээлжит XXI хуралдаан өнөөдөр /2018.12.31-ний өдөр/ үргэлжлэх байсан ч нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаж, ээлжит XXI хуралдааныг цуцаллаа. Он солигдох энэ мөчид төлөөлөгчдийн албан ажил, арга хэмжээ, гадаадын томилолт давхацсан зэрэг хүндэтгэн үзэх шалтгаан гарсан тул хуралдааныг ийнхүү цуцалсан юм. Улмаар нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид цаг үеийн асуудлаар хуралдаж, дараах шийдвэрийг гаргалаа.
Дахин төлөвлөлтийн улмаас хохирсон иргэдийг түрээсийн орон сууцанд оруулав
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар Баянзүрх дүүргийн IV хорооны "Сансар хотхон" гудамжинд өрнүүлсэн гэр хорооллын дахин төлөвлөлтийн улмаас хохирсон 20 гаруй өрхийн асуудлыг шийдвэрлэв. Дахин төлөвлөлтийн төслийн улмаас дээрх өрхүүд түрээсийн байраар амьдарч, нийслэлийн ИТХ-д уг асуудлыг шийдвэрлэх хүсэлт гаргасан юм. Тэргүүлэгчид 203 дугаартай тогтоол гаргаж, Сүхбаатар дүүргийн XI хороонд нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар барьж, ашиглалтад оруулсан 7.9 тэрбум төгрөгийн өртөг бүхий Түр оршин суух түрээсийн орон сууцны барилгыг нийслэлийн өмчид бүртгэн авч, "Сансар хотхон" гудамжны айлуудыг тус байранд оруулахаар болов. Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга Б.Батбямба, нийслэлийн ЗДТГ-ын Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Өлзийбаяр нар хохирсон иргэдийн төлөөллийг хүлээн авч, тогтоолыг танилцууллаа. Ингэснээр гэр хорооллын дахин төлөвлөлтийн улмаас хохирсон иргэд түрээсийн орон сууцанд амьдрах боломжтой болж байна.
Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ
Холбоотой мэдээ