Хуучирсан мэдээ: 2018.12.31-нд нийтлэгдсэн

Мэндчилгээ

Монгол Улсын гал голомт болсон Эрчим хүчний салбарын үе үеийн ахмадууд, инженер техникийн ажилтнууд, тэдний гэр бүл болон зорилго нэгт нөхөддөө шинэ жилийн мэнд дэвшүүлье.

Манай салбарын  бүтээлч хамт олон улиран одож буй 2018 оныг амжилт бүтээл арвинтай үдэж, угтан ирж байгаа 2019 оныг “Ухаалаг эрчим хүч” гэсэн бүтээлч уриатайгаар угтаж байна.

Эрчим хүчний салбар үүсч бий болсон 100 шахам жилийн хугацаанд бидний хийж бүтээсэн, барьж цогцлоосон бүхэн Монгол Улсын хөгжлийн түүчээ болсоор ирсэн билээ. Эрчим хүчний хамт олон  илч, гэрэл түгээх ариун үүргээ ямар ч хүнд цаг үед  хариуцлагатайгаар  нэгдмэл үйл ажиллагаагаараа даван туулж ирсэн түүхтэй. Улиран одож буй 2018 онд үер ус, салхи шуурга гээд байгалийн давагдашгүй хүчин зүйл манай салбарын үйл ажиллагаанд саад тотгор учруулж байсан ч мэргэжлийн хамт олны хичээл зүтгэл, шуурхай ажиллагаа, туршлага, мэдлэг чадвараар цаг алдалгүй даван туулсан.

Эрчим хүчний технологийн онцлог, тогтвортой, найдвартай ажиллагаанд зохицохгүй шийдвэрүүдийг цэгцлэн, алс ирээдүйгээ бодолцсон эрчим хүчний салбарын дунд хугацааны хөтөлбөрөө гаргаж Засгийн газраар батлууллаа.

Энэ онд  шинээр эрчим хүчний нийт 128МВт-ын  эх үүсвэрийг ашиглалтад оруулж, системийн найдвартай, тогтвортой үйл ажиллагаанд эергээр нөлөөлөх Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын хөрөнгө санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэлээ.

Монголдоо анхных болох 300 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамыг Улаанбаатар- Мандалговийн хооронд барьж байгуулан “Оюу Толгой” ХК-д дотоодоосоо эрчим хүч нийлүүлэх дэд бүтцийг бүрдүүлээд байна.

Мөн олон жил яригдсан Оюутолгойг эрчим хүчээр хангах цахилгаан станцыг Тавантолгойн нүүрсний уурхай дээр барих  шийдэлд  хүрч 2023 онд ашиглалтад оруулахаар тохиролцоод байна.  Ингэснээр жил бүр гадагшаа урсаж буй 120-140 сая ам.долларыг дотооддоо шингээх  боломж бүрдэнэ.

Өдөр хоногоор өсөн нэмэгдэж буй эрчим хүчний салбарын хэрэглээний өсөлтийг хангах бодлогын хүрээнд “ДЦС-4” ТӨХК-ийн турбингенератор №1, 2, 3, 4-ийн шинэчлэх, хүчин чадлыг нэмэгдүүлэх,  “ДЦС-3” ТӨХК-ийн суурилагдсан хүчин чадлыг 75МВт, Амгалангийн дулааны станцыг 50МВт-аар тус тус өргөтгөх ажил ирэх хавраас хийгдэж эхэлнэ. Эдгээр ажлууд хийгдсэнээр эрчим хүчний  хэрэглээний өсөлтийг 2021 он хүртэл  хаах бололцоотой болох юм.

Нийслэлийн агаар орчны бохирдлыг бууруулах томоохон ажлыг Эрчим хүчний салбарын хамт олон хийж гүйцэтгэж байна. Нийт 52 000 га газарт 42 000 айл өрхийг хамруулж  цахилгаан халаагуураар халаах техникийн боломжийг бүрдүүлэх барилга угсралтын ажлууд дуусч, техникийн комисс ажиллаж байна. Мөн нийслэлд ажиллаж байгаа 68 халаалтын зуухыг зогсоож хэрэглэгчдийг төвлөрсөн дулаан хангамжид холбох 9 багц ажлыг 2018 онд хийж гүйцэтгэсэн.

Ирэх өвлийн ахуйн хэрэглээний түлшийг хангах үүрэг бүхий жилд 200.000 тн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадал бүхий “Тавантолгой Түлш” үйлдвэрийг ашиглалтад хүлээн авна. Ойрын хугацаанд үйлдвэрийг жилдээ 600.000 тн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадал бүхий үйлдвэр болгон өргөтгөн ирэх жил нийслэлийн агаарын бохирдлыг 50 хувь бууруулах зорилт тавьж байгаа.

Салбарын нийт хамт олон та бүхэндээ ирж буй ондоо амьдрал тань аз жаргалаар дүүрэн , ажил үйлс  тань амжилт бүтээлээр арвин  байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье. Монгол Улсын гал голомт мөнхөд бадрах болтугай!

УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж