Хонхны дуу буюу Орост шинэ жилийг яаж угтдаг вэ?

Хуучирсан мэдээ: 2018.12.31-нд нийтлэгдсэн

Хонхны дуу буюу Орост шинэ жилийг яаж угтдаг вэ?

Хонхны дуу буюу Орост шинэ жилийг яаж угтдаг вэ?

Арванхоёрдугаар сарын 31 нь сая сая оросуудын баярын хуанлийн гол өдөр билээ. Орос орны муж бүр өөрийн гэсэн шинэ жилийн уламжлалтай бөгөөд тэдний ихэнх нь гаднынхныг байтугай нутаг нэгтнүүдээ ч гайхшруулах чадвартай. Тухайлбал, «Шинэ жилийн Якут маягийн салют» бууддаг билээ. Энэ нь юу гэхээр хүмүүс аяганд буцалсан ус хийгээд, гадаа гарч өргөдөг ба мөсөн туйлын хүйтэн агаарт ус тэр дороо хөлдөж, агаарт сая сая гялалзсан мөсөн талст болон хувирдаг юм байна. Харин Тувад бол тосгоны бүх оршин суугчид уулын оройд гарч ариун гал голомтоо асаадаг. Оросын ард түмэн шинэ жилээ яаж тэмдэглэдэг, ямар өвөрмөц сонин уламжлалтайг мэдмээр байна уу?

Спасская цамхагийн цаг цохилох нь

Москвагийн төв хэсэгт буюу Улаан талбай дээр 12-р сарын сүүлээр асар том мөсөн гулгуур нээгдэж, улс орны зул сарын гол гацуур мод асдаг билээ. 12-р сарын 31-ний үдэш энд мянга түмэн хүн цугларч, шинэ жилээ хамтдаа тэмдэглэдэг. Рок, попын оддын амьд тоглолт, лазерын, циркийн болон мөсөн шоу, зул сарын гацуур мод тойрсон цэнгээн бүжиг, уралдаан, үзэсгэлэн худалдаа зэрэг олон арга хэмжээнүүд нь ид шидийн мэт баярын уур амьсгалыг бий болгодог.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн баярын мэндчилгээний дараа Кремлийн домогт Спасская цамхагийн цаг 12 удаа цохилж, хонхны дуутай зэрэгцэн шөнийн тэнгэрийг шинэ жилийн баярын салют өнгө өнгийн очоор гэрэлтүүлнэ. Энэ мөчид хүн бүхэн эрхэм хүслээ шивнэн, ид шидийг мөрөөдөх ба энэхүү хүсэл нь заавал биелдэг билээ.

Их гүрний баярын үдэш

Шинэ жилээр Санкт-Петербург хот нь Умард нийслэлийн цуут гял цалыг гайхуулдаг. Өвлийн ордны талбайд зул сарын гацуур мод асч, орчин тойрны байшин барилга гэрэлтэж, тэнгэрт баярын салют гялалзана. Петропавловскийн цайзыг үлгэрийн баатрууд болон мөсөн орднуудаар хүрээлэгдсэн мөсөн гулгуурын талбай болгон хувиргадаг бол Финляндын булангийн эрэг нэгэн том бүжгийн талбай болж, хосууд кафе болон ресторан болгоны ойролцоо вальс эргэлдүүлнэ.

Музей буюу театруудад шинэ жилийн тоглолтууд, үзэсгэлэнгүүдийг сонирхон үзэж, мөн түүнчлэн эртний харшуудад болдог язгууртнуудын ёслол төгөлдөр үдэшлэгүүдэд оролцож, нэгэн орой өөрийгөө жинхэнэ ханхүү, эсвэл гүнж мэт төсөөлөн сайхан цэнгэлдэж болно. Музей-хотыг гоёмсог гэрэлтүүлэг улам чимэх ба домогт Невскийн өргөн чөлөө ялгуусан тод гэрэлтэнэ. Баярын үдэш энэхүү гудамжаар яаралгүй алхах нь Умард нийслэлийн оршин суугчдын баярын хөтөлбөрийн салшгүй нэгэн хэсэг билээ.

Харин залуус «дээд давхраар» аялахыг илүүд үзнэ. Өөрөөр хэлбэл, тэд гудамжаар бус хуучны дээврүүдээр зугаалдаг. Сонирхолтой нь, яндан дунд романтик оройн зоог барихыг маш олон аялал жуулчлалын компаниуд санал болгодог байна.

Өвлийн Өвгөн аавынд зочлох нь

Эртний бяцхан Великий Устюг хот нь өвлийн амралтаа гэр бүлээрээ өнгөрөөх гол газар билээ. Энд залуу эцэг эхчүүд бяцхан үрсээ дагуулан ирж, Өвлийн өвгөн аавын гэрт зочилдог.

Шинэ жилийн өмнө өтгөн саглагар гацуур модон дунд нуугдсан ид шидийн гэртээ ирсэн зочин бүрийг Өвлийн өвгөн аав биечлэн угтдаг бол түүнд хүрэх замд цасан охин, үзэсгэлэнт Василиса, эмгэн шулам Баба-Яга, үхэшгүй мөнхийн Кощей нартай тааралдаж магад! Харин үлгэрийн амьтадын жүчээнд цаа буга, хандгай, чоно, үнэг зэргийг харж болно. Энд шидэт шуудан ажиллах ба нандин хүслээ бичин, Өвлийн өвгөн аавд захиа илгээвээс шидэт өвөө хүслийг тань заавал биелүүлнэ дээ!

Великий Устюг хотод ирсэн зочин гийчид мөсөн талбай дээр гулгаж, цасанд хучигдсан ой модоор гурвалсан морин чарга, эсвэл бүр орос зуух хөлөглөн зугаалж, гацуур мод чимэглэх тоглоомын, эсвэл «лапоть» орос ардын гутлын музей сонирхож, багт наадамд оролцож болно.

XVII-XVIII зууны үеийн гучаад сүм хадгалагдан үлдсэн эртний хотын гудамжаар зугаалж, төрөл бүрийн хачиртай халуун «кулебяка» олгой талх, түрстэй хуймаг, даршилсан мөөг, шажигнатал дарсан өргөст хэмх зэрэг орос ардын уламжлалт зоог амтлан, орон нутгийн ургамлын ханд, зөгийн балаар найруулсан алдарт халуун «сбитень» ундаагаар баярын найраа өндөрлөж болно.

Гэр бүлээрээ очиж амардаг бас нэг газар бол Великий Устюгаас урагш хэдхэн цаг яваад орох эртний Кострома хот юм. Энд өөрийнхөө гэрт эрхэм зочдыг Цасан охин угтан авах ба тэрээр Баюн муур, гэрийн онгодтой хамт амьдардаг ажээ. Тэд үлгэрийн мөсөн танхимд зочдыг оруулж, мөсөн хундаганд коктейль найруулан дайлна.

Шинэ жилийнхээ амралтаар энд ирснээр амилсан үлгэрийн оронд ирэхтэй адил.

Байгал нуурын ид шидэд ховсдуулах нь

Шинэ жилийг Байгал нуур дээр угтах ёстой хэмээн сибирьчүүд итгэдэг билээ. Энэ нь дэлхийн хамгийн гүн, хамгийн тунгалаг нуур ба өвлийн улиралд илүү хүчтэй сэтгэгдэл үлдээдэг. Нуурын гадаргуу цэнхэр мөсөнд дарагдан, эргээс хэдэн арван метр холдсон ч тунгалаг хэвээр учир ёроолд нь байгаа чулуунууд нэвт харагдана.

Хүйтний эрч хичнээн чангарсан ч амьдрал буцалсаар. Зарим нь мөс нэвтлэн загас барих сонирхолтой бол нөгөөд нь Байгал нуурын эрэг дагуу жийп, дөрвөн дугуйт квадроцикл, цасны машинаар аялах, харин бусад нь нууран дээгүүр нохойн чаргаар гулгаж, эсвэл цана, тэшүүрээр аялахыг эрхэмд хүснэ. Хүн бүр өөрийн сонирхол, хэтэвчний зузаанаасаа хамааран сонголтоо хийнэ. Чинээлэг жуулчид нисдэг тэрэгнээс нутгийн гоо үзэсгэлэнг гайхшрах бол цусаа хөөргөх дуртай нөгөө нь «хивус» хэмээх хийлсэн дэрэн дээр суулгасан усан онгоцоор нуурын мөсөн дээгүүр өндөр хурдтай гулгаж, Ангар мөрний хэзээ ч хөлддөггүй ус руу шумбан орно. Энэхүү сэтгэгдлийг та хэзээ ч мартахгүй!

Байгал нуурын баярын аялалын маршрут нь хэд хэдэн заавал очих ёстой газруудаас бүрдэнэ. Тухайлбал, бүс нутгийн нийслэл Эрхүү хотод цанаар гулгахын тулд, эсвэл цасан хот байлдан дагуулах уламжлалт тулаанд оролцохоор очдог. Ангар мөрний эхэд орших Листвянка тосгонд нерпа хэмээн зөвхөн Байгал нуурт амьдардаг өвөрмөц далайн хавнуудыг үржүүлдэг ба том алаг нүдтэй өхөөрдөм хөөрхөн амьтад дуу дуулж, бүжиглэж, хөгжим хүртэл тоглож чаддаг юм байна! Мөн Ольхон арал дээр очин, Азийн есөн шүтээний нэг болох Шаманка хаданд мөргөл үйлдэж болно.

Ой хээрээр амарсны дараа орос ардын уламжлалт халуун баняд, эсвэл өөр бусад халуун рашаанд орж алжаалаа тайлж болно. Харин таны найрын ширээг гэрэн хэлбэртэй буриад бууз, «бухлер» хэмээх анхилуун хонины махан шөл, «сагудай» хэмээх түүхий загас, сонгино, чинжүүгээр амталсан салат, утсан омуль загас зэрэг чимэх болно.

Оросын Куршевельд амрах нь

Оросын хамгийн дулаан шинэ жил нь Сочид болж өнгөрдөг. 2014 оны өвлийн олимпийн наадмыг зохион байгуулсны дараа Красная Поляна хэмээх амралтын газар нь оросуудын шинэ жилийн баяраа өнгөрүүлдэг уламжлалт газруудын нэг болжээ. «Оросын Швейцари» хэмээн алдаршсан үзэсгэлэнт хаднуудын дунд орших «Сарнай» оргил руу жуулчид олсон замаар гарч, харин буухдаа цанаар гулгадаг юм байна.

«Роза Хутор» амралтын төв талбайд баярын бүх арга хэмжээнүүд болж өнгөрдөг. Олон арван ресторанууд зочин гийчиддээ «барбекю» халуун шарсан мах, шинэхэн бяслагтай «мамалыга» эрдэнэ шишийн каш, зөгийн бал, самраар амталсан «чурек» чихэр, утсан загас зэрэг кавказ үндэсний хоолыг цэвэр агаарт амтархан зооглохыг санал болгоно.

Шинэ жилийн амралтаа намуухан орчинд өнгөрөөх дуртай нэгэн нь Красная поляна бус Сочи хотод амардаг. Тэд Хар тэнгисийн эрэг дагуу зугаалж, шуургатай далайн чимээнд алжаалаа тайлж, өвлийн цэцэрлэгт хүрээлэнд ургах «сакура» тоорын моднуудыг харж, даарсан хун шувуудыг хооллож, цуут «Абрау-Дюрсо» оргилуун дарсаар сэтгэлээ баясгана.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж