Ерөнхий сайдын чиглэлийн дагуу Засгийн газрын хэрэг эрхлэх газрын /ЗГХЭГ/-ын дарга Г.Занданшатар, Уул уурхайн яам, түүний харьяа агентлагийнхан болон тагнуул, цагдаагийн тусгай, дотоодын цэргийн бүрэлдэхүүнтэйгээр Дундговь аймагт аймгийн прокурорын хяналтын дор өнгөрсөн бямба гаригт /2018.12.29/ тусгай ажиллагаа зохион байгуулсан.
Тус аймгийн Гурвансайхан суманд байдаг Зүүн болон Салхитын ордыг 2043-2047 он хүртэлх ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг цуцалсан байна. Уг ордын тусгай зөвшөөрлийг Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай компани эзэмшдэг байжээ. Тэд Монгол Улсын хууль тогтоомжуудыг зөрчсөн, татвараа нуун дарагдуулсан, худлаа мэдээлсэн, авлига хээл хахуулийн хэрэгт орооцолдсон гэх асуудлаар шүүх дээр маргаантай байгаа аж.
Салхитын ордод яг одоо нөхцөл байдал ямар байгаа талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах албаны дарга Ц.Ганзоригоос тодруулахад тэрбээр "Эд хөрөнгүүдээ Хятад компани нь өөрсдөө тоо ёсоор аваад үлдсэн. Нэмж хулгайгаар олборлуулахгүй байхаар дотоодын цэрэг цагдаа хамгаалж байгаа. Лиценз цуцлахад шүүх биш Ашигт малтмалын тухай хуулиараа цуцална" гэсэн тайлбарыг өглөө.
Харин дээр асуудлаар хуульчийн байр суурийг тодруулав.
“Веритас партнерс” хуулийн фирмийн өмгөөлөгч Б.Мэргэн:
"2017 онд Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар заалтад нэмэлт өөрчлөлт оруулж, татвараа төлөөгүй эсвэл орлогоо үнэн зөвөөр нотлоход шаардлагатай баримтуудаа нуун дарагдуулан тохиолдолд тусгай зөвшөөрлийг нь цуцална гэсэн заалтыг оруулсан байдаг. Энэ заалтын дагуу Салхитын ордын лицензийг цуцалсан гэж ойлгож байгаа. Гэхдээ цуцлахад хэд хэдэн асуудал бий. Нэгэнт хуулийн заалтаар нь цуцалж болох ч хуулийн заалтыг зөв хэрэгжүүлэх ёстой.
Салхитын орд 2015 оны татварын асуудалтай юм билээ. Хуульд 2017 онд шинэ заалт орсон. Тиймээс 2015 онд төлөөгүй татвартай холбоотой асуудалд 2017 оны хуулиар 2018 онд хэрэглэж болохгүй л дээ. Хуулийг буцааж хэрэглэхгүй гэсэн үг. Тухайн нэмэлт хуулийн заалт орсноос хойших харилцааг зохицуулна гэхээс бус түүнээс өмнөх үеийн харилцааг хүчээр зохицуулж болохгүй. Салхитын ордын ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг цуцлахад сонсох ажиллагаа огт явагдаагүй. Төрийн байгууллагаас аливаа лицензийг цуцлах шийдвэр гаргаж байгаа тохиолдолд эрх нь зөрчигдөж байгаа этгээдэд эхлээд мэдэгддэг хуулийн заалттай. Сонсох ажиллагаа явуулалгүйгээр лицензийг шууд цуцалж байгаа нь өөрөө процессын алдаа гаргасан. Энэ нь хэчнээн хуулийн үндэслэл мянга зөв байлаа гээд процессын алдаа гаргасан гээд шүүх дээр хүчингүй болно. Хэрэв шүүх дээр уналаа гэхэд хохирлыг барагдуулах нөхцөл үүсч магадгүй. Шүүх шударга ажиллавал унах нь ойлгомжтой асуудал" гэлээ.