ӨВЛИЙН ЭХЭН САРЫН ГЭНЭТИЙН АЙЛЧЛАЛ

Хуучирсан мэдээ: 2016.12.31-нд нийтлэгдсэн

ӨВЛИЙН ЭХЭН САРЫН ГЭНЭТИЙН АЙЛЧЛАЛ

Монголын хувьд 2016 он улс төр, эдийн засаг, гадаад харилцааны хувьд түүхэнд тэмдэглэгдэн үлдэх чухал он жил байлаа. News агентлаг МОНГОЛ УЛСАД ӨРНӨСӨН ОНЦЛОХ 5 ҮЙЛ ЯВДЛЫГ НЭРЛЭЖ БАЙНА.

ӨВЛИЙН ЭХЭН САРЫН ГЭНЭТИЙН АЙЛЧЛАЛ

Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам арваннэгдүгээр сарын 18-23-ны өдрүүдэд Монгол Улсад  айлчилсан нь 2016 оны онцлох үйл явдлын нэг байлаа. Энэ удаагийн айлчлал ес дэх удаагийнх бөгөөд өвлийн улиралд тохиосон анхны айлчлал гэдгээрээ онцлог.

Сүсэгтэн олны хүсэлтээр Дээрхийн гэгээнтнийг урин залсан Гандантэгчинлэн хийдээс энэ удаагийн айлчлалын талаар олон нийтэд урьдчилан мэдээлээгүй нь гэнэтийн явдал болсон төдийгүй бяцхан хардлага, шүүмж  дагуулаад амжсан. Их хүрээ хийдийн тэргүүн З.Санждорж тэргүүтэй лам хуврагууд Далай ламтныг Монголд айлчлахын өмнөх өдөр хэвлэлийн хурал зарлаж, X Богдыг тодруулахаар ирж байгааг дуулгаад, энэ нь Монголын бурхан шашны хэрэгт дураар оролцож буй хэрэг хэмээн мэдэгдсэн юм.

Сүсэгтэн олон монголчуудад түүний мэдэгдэл сүйдтэй нөлөөлсөнгүй. Олон жилийн дунджаас давж хүйтэрсэн цочрол хүйтний үеэр айлчилж буй Далай багшийг даарч тух алдуузай гэдэгт илүүтэй зовинож байлаа. Дээрхийн гэгэээнтнийг айлчилсан тав хоногт Улаанбаатар хотноо өдөртөө 21-25 хэм, шөнөдөө 28-37 хэм хүрч хүйтэрч байсан ч Бурханы шашны тэргүүн Дээрхийн гэгээнтэн огтхон ч ажралгүй орхимжоо нөмрөн, сүсэгтэн олонтой уулзаж, лекцээ уншиж явсан юм. Түүнийг цаг агаарын хүйтрэлтээс илүүтэй  хүмүүсийн зүрх сэтгэлийн цэвдэгшил санааг нь зовоодгийг өмнө нь өгүүлж байснаа  эрхэм багштан баталсан. Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам Гандантэгчэнлин хийдийн Жанрайсиг дацангийн өмнөх талбайд Монголын нийт ард түмэн, сүсэгтэн олонд мэндчилгээ дэвшүүлсний дээр  “UВ palace”-ийн танхимд Монголын нийт лам хувраг, сүсэгтэн олонд нэн ховордсон Богдын ламын ван, Жигжидийн цэван айлдсан юм. Мөн “Шинжлэх ухаан ба Бурханы сургаал” сэдэвт хэлэлцүүлэгт оролцож, оюутан сурагчдад ном айлтгал өргөсөн. Таван жилийн дараа айлчлан ирж буй Далай багшийгаа монголчууд  баяртайгаар угтан авсан билээ.

Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам Монгол Улсад хийсэн өвлийн эхэн сарын айлчлалын эрхэм дээд зорилго X Богдыг тодруулах байсан гэдэг нь айлчлалын сүүлийн өдөр (2016.11.23) тодорхой болсон юм. Монголооос буцахынхаа өмнөхөн сэтгүүлчидтэй уулзаж, ес дэх удаагийн айлчлалынхаа талаар  танилцуулсан юм. Хэвлэлийн хурал дээр Дээрхийн гэгээнтэн “IX Богд Жавзундамбын дараагийн дүр Монголд мэндэлсэн шинж, тэмдэг илэрсэн. Гэхдээ хүүхэд балчир байгаа учраас одоохондоо нийтэд зарлах шаардлагагүй болов уу гэж бодож байна. Гурав, дөрөв, таван нас хүрэхэд нь бодолцох хэрэгтэй. Жаахан хүүхдийг сэнтийд залах хэцүү. Том болоод ном эрдэмд гэгээрч, олонд тусыг хүргэх учиртай” хэмээн мэдэгдсэн нь олны дундах цуу яриа, эргэлзээ тээнэгэлзэл, талцал хуваагдалд цэг тавьж чадсан.

Хэвлэлийн бага хуралд гадаадын хэвлэл мэдээллийнхэн ч бас оролцсон. Сэтгүүлчдийн сонирхон сонжсон асуултын нэг нь БНХАУ-ын Гадаад харилцааны яамны мэдэгдлийн тухай байсан. Асуултад Дээрхийн гэгээнтэн дараах хариултыг өгсөн юм.

-"Намайг хаана ч очсон Хятадын зүгээс ийм асуудал байнга тавьдаг. Би энэ дэлхийн бурхны шашинтай улсуудаас Монгол, Японд л чөлөөтэй зорчиж чаддаг. Бусдад нь очиж чаддаггүй. Уг нь би бурхны шашинтай хүн ч бурхны шашинтай улсад очиж чадахгүй байна гэдгийг тоглоом, шоглоом болгон хэлдэг. Хятадыг аваад үзье. Энэ улсад бурхны шашинтай 400 гаруй сая хүн бий. Тэдний зүгээс намайг айлчлаач гэж байн байн урьдаг. Бодит байдлыг хэлэхэд, би 1974 оноос хойш Түвдийн тусгаар тогтнолын асуудлыг дэвшүүлэхгүй байгаа. Хятадын засгийн бодлого бол намайг салан тусгаарлагч гэж үздэг. Би Түвдийг тусгаар тогтносон улс болгоно гэж тэмцэхгүй байгааг дэлхий нийт мэдэж буй. Зарим хүн “Түвдийг тусгаар улс болгохын төлөө явахгүй байна” гэж намайг буруутгадаг. Би анхнаасаа “Бид ялна, тэд ялагдана” гэсэн санаагаар бус хоёр улсад харилцан тустай байх юмсан гэсэн бодлоор хандаж ирсэн" хэмээн өгүүлсэн.

Дээрхийн гэгээнтэн энэ удаагийн айлчлалынхаа үеэр “Та бүхэн хэрэв намайг хайрладаг, намайг хүндэлдэг бол бурхны шашныг шинжлэх ухаанчаар судлаарай” гэж захисан нь ухаж ойлговол ихийг өгүүлсэн сургаал байлаа.  Энэрэл, нигүүлсэл, шашин шүтлэгийн алинд ч үнэн сэтгэлээсээ ханддаггүй, аливааг мухар сохроор даган дуурайдаг, асуудлын цаад учрыг нягтлахын өмнө уулгалан цуурдаг гэхчилэн монголчууд бидний сул талыг тун чиг гярхай ажиглан, ганцхан өгүүлбэрт багтаан айлдсан нь өдгөө 81 насыг зооглож буй  Дээрхийн гэгээнтний билиг оюун юутай соргог, сэргэгийг илэрхийлнэ.  Далай ламын Монгол Улс дахь ес дэх удаагийн айлчлалын талаарх сайн саар мэдээ, эерэг сөрөг хандлага шинэ оны босгон дээр үргэлжилсэн хэвээр байгаа ч сүсэгтэн олны сэтгэлийн гал бөхөөгүй билээ.

 ДЭЭРХИЙН ГЭГЭЭНТЭН XIV ДАЛАЙ ЛАМЫН МОНГОЛ УЛСАД ХИЙСЭН АЙЛЧЛАЛУУД 

  • Анхдугаар айлчлал: 1979 оны YI сарын 15 буюу билгийн тооллын XYI жарны шороон хонин жилийн зуны эхэн сарын 20-ны билигт сайн өдөр Монгол оронд Азийн буддистуудын энх тайвны V бага хурлын хүндэт зочноор уригдан анх заларчээ. Тэрбээр сүсэгтэн олонд "Гандан лхавжаа", "Есөн мөрт мэгзэм", "Дөрвөн мөрт мэгзэм" айлдан сүсэгтэн олны хамтаар маани уншиж "Язгуурын гурван бурханы тарни"-ийн лүн хайрласан юм.

  • Удаах айлчлал: 1982 оны VIII сарын дундуур, билгийн тооллын XYI жарны усан нохой жилийн намрын эхэн сард тохиов. Энэ айлчлалаар III Далай ламын зохиосон "Бодь Мөрийн Зэрэг-ийн тунгаамал алт"-ыг дэлгэрэнгүй айлдав. Мөн "Жигжид бурхны авшиг","Жамсран бурхны жэнан" зэрэг ном айлдаж Азийн буддистуудын энх тайвны бага хурлын ерөнхий чуулганд хүндэт зочноор уригдан оролцов.
  • Гуравдугаар айлчлал: 1991 оны IX сар буюу билгийн тооллын XYII жарны төмөр хонь жил бол Монгол орон ардчилал шинэчлэлийн замаар замнаж эхэлсэн түүхэн цаг үе байлаа. Дээрхийн Гэгээнтэн Төв цэнгэлдэх хүрээлэнд "Бодь Мөрийн Гурван Эрхэм" номын дэлгэрэнгүй тайлбар, "Цагаан Дарь Эхийн насны авшиг", "Язгуурын гурван бурхны тарни"-ийг сүсэгтэн олонд айлдав.
  • Дөрөвдүгээр айлчлал: 1994 оны IX сар буюу билгийн тооллын XYII жарны модон нохой жил. Энэ айлчлалаар "Бодь Мөрийн Зэрэг-ийн Тунгаамал Алт" номыг тайлбарлан нийт сүсэгтэн олонд "Бурхан багшийн зүрхэн тарни", "Язгуурын гурван бурхны зүрхэн тарни", "Ловон Бадамсамбааваа бурханы зүрхэн тарни"-ийн лүн хайрлав.

  • Тавдугаар айлчлал: 1995 оны VIII сар буюу билгийн тооллын XYII жарны модон гахай жилийн намрын эхэн сар. Далай лам Монголд анх удаа Гандантэгчэнлин хийдэд Дүйнхорын ван их авшигийг Монголын сүсэгтэн олонд хүртээв. Мөн төв цэнгэлдэх хүрээлэнд Богд Зонховын туурвисан "Бодь Мөрийн Зэрэг-ийн Хураангуй Утга" болоод "Шүтэн Барилдахуйн Магтаал" зэрэг бурхны шашны гүн ухааны номыг дэлгэрэнгүй айлдаж "увш" болон "бодийн санваар" хайрлав.

  • Зургадугаар айлчлал: 2002 оны XI сарын 06-09-ний өдрүүдэд айлчлав. "Бодь Мөрийн Зэрэг-ийн Гурван Эрхэм", "Шүтэн Барилдахуйн Магтаал", "Бурхан багшийн зүрхэн тарни", "Дарь Эхийн жэнан" зэргийг нийт сүсэгтэн олонд айлдаж, оюутан залууст сургаал номоо хайрлав.

  • Долдугаар айлчлал: 2006 оны VIII сарын 21-27.  Дээрхийн гэгээнтэн лам хуврагийн жаяг бичгийг зохион Монголын бурханы шашны сүм хийдүүдийн тэргүүн болон хамба лам нарт гардуулж Монголчуудад анх удаа гэлэн сахилыг 52 ламд хүртээсэн юм. Далай ламын энэ удаагийн айлчлалын үеэр өөрийн мутраар суулгасан мөнхийн ногоон гацуур мод Гүнчав Жамбаалин төвийн үүдэнд буй.

  • Наймдугаар айлчлал: 2011 оны XI сарын 7-11. Дээрхийн гэгээнтэн оюутан залуучуудад "Шинэ мянганы ёс зүй" сэдэвт лекц айлдсан ба нийт сүсэгтэн олонд "Бодь Мөрийн Зэрэг-ийн Тунгаамал Алт", "Шүтэн Барилдлагын Магтаал", Жанрайсиг бурханы авшиг, Цагаан Дарь Эх-ийн насны авшигийг тус тус айлдсан юм.

  • Есдүгээр айлчлал: 2016  оны арваннэгдүгээр сарын 18-23. XIV Далай лам Гандантэгчэнлин хийдийн Жанрайсиг дацангийн өмнөх талбайд Монголын нийт ард түмэн, сүсэгтэн олонд мэндчилгээ дэвшүүлсний дээр  “UВ palace”-ийн танхимд Монголын нийт лам хувраг, сүсэгтэн олонд нэн ховордсон Богдын ламын ван, Жигжидийн цэван айлдсан юм. Мөн “Шинжлэх ухаан ба Бурханы сургаал” сэдэвт хэлэлцүүлэгт оролцож, оюутан сурагчдад ном айлтгал өргөсөн.

Д.ЦЭЭПИЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж