Тэд 2018 оныг ингэж дүгнэв

Хуучирсан мэдээ: 2018.12.31-нд нийтлэгдсэн

Тэд 2018 оныг ингэж дүгнэв

Улиран одож буй 2018 оныг хэрхэн дүгнэж байгаа талаар  улстөрч, эдийн засагч, спорт, урлагийн салбарынхны байр суурийг сонслоо.


УИХ-ЫН ГИШҮҮН Д.ЛҮНДЭЭЖАНЦАН:

 

-Улс орны эдийн засаг, нийгмийн салбарт зохих хэмжээнд нааштай үр дүн гарсан жил боллоо. Гэхдээ саад, бэрхшээл байлаа. Тэр дундаа төрийн эрх барих дээд байгууллага болох УИХ, Засгийн газрын түвшинд амаргүй жил байлаа. Тиймээс ирэх ондоо Үндсэн хуульд ёс, ардчиллын үнэт зүйлсээр саад, бэрхшээлийг даван туулна гэдэгт итгэлтэй байна.

 

МХАҮТ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ЛХАГВАЖАВ:

-2018 онд макро тоон үзүүлэлт харьцангуй сайн байлаа. Гэхдээ энэ нь 2018 оны үр дүн гэхээс илүү өмнөх жилүүдийн хийсэн ажлын үр дүн юм. Бүр тодруулбал, 2012-2016 онд эдийн засагт үр өгөөжөө өгөх НӨАТ болон ил тод байдлын хуулиудыг баталж, хэрэгжүүлсний үр шим нь энэ онд гарч байна. Үүнийг дагаад компаниуд менежментээ сайжруулж, далд байсан компаниуд ил болж, бүртгэлийн систем сайн ажилласны дүнд эдийн засгийн өсөлт сайн гарлаа. Мэдээж дэлхийн зах зээл дээрх эрдэс бүтээгдэхүүний үнийн өсөлт ч нөлөөлсөн. Эрх баригчид энэ эдийн засгийн өсөлтийг өөрсдөдөө нааж, шоудах гэж оролдож байна. Гэхдээ энэ бол сүүлийн зургаан жилүүдийн ажлын үр дүн. 2018 онд илүү их үр дүнд хүрэх байсан ч эрх барих дээд байгууллага УИХ-аас болж, татварын гурван том багц хууль батлагдаж чадалгүй шинэ онтой золгож байна. 2018 оны төсвийн орлого давж биелсэн нэг шалтгаан бол энэ. Ирэх онд ч татварын орлого нэмэгдэж, 1,4 их наяд төгрөгөөр илүү төсөвлөсөн. Татварын багц гурван хуулийг хэрэгжүүлснээр ийм хэмжээний орлого нэмэгдэнэ гэж тооцсон. Гэтэл өнөөдөр хууль нь ч батлагдаагүй, түүнийг дагаж мөрдөх, хэрэгжүүлэх маш олон ажил УИХ, Засгийн газрын бүдүүлэг алдаанаас болж гацсан байна. Тиймээс УИХ-ын намрын чуулган завсарлахаас өмнө энэ хуулиудаа батлах шаардлагатай.  2019 онд хуулиудаа баталж, хэрэгжүүлээд, долоон хувийн өсөлтөө хадгалж, мөнгөний ханшийг тогтвортой байлгаж чадвал 2021 оноос эдийн засаг тэлнэ гэсэн таамаг дэвшүүлж байна. Хэрэв Засгийн газар, Монголбанктай хамтарч ажиллаж чадвал шүү дээ. Ямар ч гэсэн эдийн засгийн өсөлтөө хадгалж, холбогдох хуулиудаа батлаад явах нь зайлшгүй шаардлагатай байна.

АРДЧИЛСАН НАМЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Ц.ТУВААН:

-2018 оныг ерөнхийд нь дүгнэхэд ололт нь цөөхөн он жил байлаа. Оны төгсгөлд малын тоо толгой бага зэрэг өссөнийг эс тооцвол ололт ажиглагдсангүй. Улс төрийн хувьд урд өмнө байгаагүй үйл явц болж, эрх баригч нам нь олонх болчхоод хоорондоо талцаж, УИХ-ын үйл ажиллагааг гацаав. Намын хямрал төрийн хямрал УИХ, Засгийн газар гээд бүх шатанд байлаа. Шинэ ондоо энэ гацаанаас гарахгүй бол улс орны хувьд хүндхэн нөхцөл үүсч болзошгүй байна. Сөрөг хүчин болох Ардчилсан намын хувьд гурван бүсийн чуулган, “Ард түмнээ сонсоё” аяныг амжилттай зохион байгууллаа. 2019 онд шинийг санаачилсан, дэвшүүлсэн жил байх болтугай.

МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН, ДУУЧИН Б.ДАШДОНДОГ:

-Миний хувьд  2018 он  уран бүтээлийн ололт амжилтаар дүүрэн жил болж өнгөрлөө. Ялангуяа “Хү” хамтлагаа үүсгэн байгуулахад илүү анхаарал хандуулж, уран бүтээл дээр нь ажиллалаа. Ирэх 2019 онд илүү их амжилт бүтээлээр дүүрэн жил байгаасай гэж хүсч байна.

 

 

БӨРТЭ ЧОНО”-ЫН ЭЗЭН М.НАНДИНЦЭЦЭГ:

 

-Боксын спортоор 15 жил хичээллээд энэ амжилтыг үзүүллээ. Энэ хугацаанд шантрах үе их байсан. Гэхдээ мэдээж зорилгынхоо төлөө тууштай явсны эцэст дэлхийн медальтан болсондоо баяртай байна. Би тэсвэр тэвчээртэй болохыг боксоос суралцсан. Мэдээж эмэгтэй хүн рингэнд гараад зодолдоно гэдэг хэцүү. Надад унаж бүдэрсэн үе байсан ч гэлээ энэ замыг туулсандаа харамсаагүй ээ. Өнөөдрийн энэ амжилтанд хүрнэ гэж итгэж явсангүй. Энэ амжилтыг гаргахад надтай хамт 15 жил байсан багш Л.Энхбаатар, Монголын боксын холбоо, Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн “Хангарьд” спорт хороо, спорт сонирхдог, бокст дуртай бүх хүмүүст баярласанаа илэрхийлье. Боксын холбооны түүхт ой дээр том бэлэг барьсандаа баяртай байна. Монголын бокс мандан бадраг.

 

МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ТАМИРЧИН Г.УГАЛЗЦЭЦЭГ:

-34 насандаа хөдөлгөөний дутагдлаас сэргийлж, фитнессээр хичээллэж эхэлсэн. Мэдээж хожуу сонгосон гэж хэлэх байх. Гэхдээ ямар ч насны хүн энэ спортыг сонгох боломжтой. Анхны оролдлого маань намайг ийм том амжилтанд хөтөллөө. Фитнессээр хичээллээд удаагүй байсны дараа тэмцээнд оролцохоор зориглосон. Анхны тэмцээнд орж медаль аваад их урамшсандаа. Тэгээд тивийн аварга шалгаруулах тэмцээнд орж өөрийгөө сорьсны дараа дэлхийд өрсөлдөх итгэл зоригтой болсон. Би дөрвөн удаа элхийн аварга цолыг хүртлээ. Дахиад олон удаа дэлхийн аварга болмоор байна. Анх надад гавьяат шагнал өгөхөөр болсон гэдгийг сонсоод гайхсан шүү. Надтай төрийн ордноос холбогдож, энэ талаар дуулгасан. Ер нь энэ мэдээг сонсоод миний утас завгүй болсон доо. Төрийн дээд шагнал авсандаа баяртай байна. Цаашдаа улам их хичээх болно. Залуучууддаа хандаж хэлэхэд спортлог байгаарай. Зөвхөн бодибилдинг гэлтгүй спорт үнэхээр сайхан шүү гэж хэлье. Монголд бодибилдинг, фитнессийн спортын хоёр гавьяат тамирчин байдаг. Тэгвэл би анхны эмэгтэй нь боллоо. Үнэхээр амжилт бүтээл дүүрэн жил байлаа.

 

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж