Дорноговь аймгийн Алтанширээ сумын Сайн-Ус гэдэг газарт оршин суух /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 40 км-т/ малчин П-гийн гэрээс тус аймгийн харьяат иргэн Т /27 настай, эрэгтэй/ энэ сарын 27-нд 02.00 цагийн орчимд аймгийн төв орохоор явганаар гараад сураггүй болжээ. Энэ талаарх дуудлагыг Онцгой байдлын газар арванхоёрдугаар сарын 28-ны 18.55 цагт хүлээн авсан байна.
Ингээд тус аймгийн Онцгой байдлын газрын найман алба хаагч, Цагдаагийн газрын 10 алба хаагч, орон нутгийн найман иргэн энэ сарын 30-ны өдөр Сайншанд сумын төв, Үзүүр хайрхан, Ам хаяа, Булаг гэдэг газраар хайсан ч үр дүнд хүрэлгүй, үзэгдэх орчин хязгаарлагдсан тул 19.35 цагт эрэн хайж ажиллагааг түр зогсоосон байна. Ингээд өнөөдөр /2018.12.31/ 09.00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлээд байна.