Дэнж хотойтол нааддаг долдугаар сард Монгол гадныхны анхаарлыг татаж чаддаг. Монголыг сонирхон ирдэг жуулчдын тал хувь нь наадам үзэх гэж ирдэг. Харин энэ 2016 оны хувьд наадмаас гадна АСЕМ гэдэг зүйл гадныхны анхаарлыг Монгол руу татаж чадсан юм.
Дэлхийн 50 гаруй орны өндөр дээд хэмжээний 4000 орчим төлөөлөгчийг АСЕМ буюу Ази-Европын дээд түвшний уулзалтад монголчууд эх нутагтаа хүлээн авч, өндөр сэтгэгдэлтэй үдэж чадсан. Хоёр жилийн өмнө буюу 2014 онд Италийн Милан хотноо болсон АСЕМ-ын дээд түвшний X уулзалтаас дараагийн уулзалтаа Монголын нийслэл Улаанбаатарт хийхээр шийдсэн юм.
Долдугаар сарын 15-16-нд болсон дэлхийн хэмжээний энэ том уулзалтыг эдийн засаг хямарсан үед нутагтаа хүлээн авах нь буруу байсан хэмээн шүүмжлэх хүн олон байсан. Туурга тусгаар Монгол улс дэлхийн тоглогч байж чадна гэдгээ харуулсан нь хамгийн гол ач холбогдол. Орос, Хятад гэсэн хоёр том гүрний дунд хавчуулагдан оршдог Монгол улс эх дэлхийгээ амар амгалан байлгах их хэрэгт дуу хоолойгоо нэмэрлээд зогсохгүй, хуруугаа хөдөлгөж чадна гэдгээ харууллаа. Хэдийгээр өөр хоорондоо толхилцдог ч, өөрсдийн буруугаас эдийн засгаа элгээрээ мөлхүүлсэн ч, хаа нэгтээ очоод дур зоргоороо бурж орхидог ч эцсийн эцэст эх орноо гэсэн эрх ашигт зангилагдаж чаддагаа нотолсон.
АСЕМ-ын бидэнд үлдээж байгаа өвийг мөнгөн дүнгээр илэрхийлэх нь өрөөсгөл. АСЕМ-ын бэлтгэл ажлын хүрээнд бид өөрсдөдөө маш том хөрөнгө оруулалт хийлээ.
Энэ хоёр өдөр “Монголын нийслэл Улаанбаатараас мэдээлэв” гэсэн тодотголтой мэдээ, сурвалжлага дэлхийн мэдээллийн агентлагуудын туузаар хөвөрсөн.
Ази, Европын 51 орон, Европын холбоо болон АСЕАН-ы 4000 гаруй төлөөлөгч, мөн энэ үйл ажиллагааг сурвалжлахаар 600 гаруй сэтгүүлч, бас зарим орноос бизнесийн өргөн төлөөлөл ирсэн гээд бодохоор энэ өдрүүдэд Улаанбаатарт 5000 орчим гадаадынхан зочилсон. Эрт эдүгээгээс Монголын газар шороон дээр ийм олон гадаад орны гийчид нэгэн дор хөл тавьж, түмэн хэлээр шулганалдаж байсангүй. Түүхийн сурвалж бичигт Гүег хааныг хаан ширээндээ өргөмжлөгдөх ёслолд уригдан ирсэн зочин гийчдийн тоог 4000 хэмээн бичсэн байдаг ажээ.
Монгол Улс жилдээ дунджаар 4-5 өндөр дээд хэмжээний айлчлалыг хүлээж авдаг байсан бол энэ долдугаар сарын хоёр өдөр нэгэн зэрэг таван дээд хэмжээний айлчлал хүлээн авсан. Тухайлбал, БНСУ-ын Ерөнхийлөгч, БНХАУ, Япон, Сингапур, Вьетнамын Ерөнхий сайд нарын айлчлалыг хүлээн авсан. Энэ бол Монголын гадаад харилцааны түүхэнд анх удаа юм.
Улаанбаатарын уулзалт онцлогтой байсан. Юу гэвэл АСЕМ хэмээх энэ байгууллага энэ жил байгуулагдсаныхаа 20 жилийн ойг тэмдэглэж байгаа юм. 20 жилийн өмнө Ази, Европын 26 орныг нэгтгэн байгуулагдаж байсан АСЕМ эдүгээ дэлхийн 53 орныг эгнээндээ нэгтгэсэн нөлөө бүхий байгууллага болон өргөжжээ.
АСЕМ-ЫН 11 БАРИМТ
- Ази-Европын дээд түвшний 11 дүгээр уулзалтад АСЕМ-ын гишүүн 51 орон, хоёр олон улсын байгууллагын 4000 гаруй төлөөлөгч оролцов.
- Найман орны Ерөнхийлөгч, тухайлбал, Болгар, Кипр, Латви, Мьянмар, Өмнөд Солонгос, Хорват, Чех, Швейцарь, хоёр орны Дэд Ерөнхийлөгч, үүнд, Индонези, Энэтхэг багтжээ.
- 23 орны Ерөнхий сайд, Шадар сайд, 17 орны Гадаад хэргийн сайд болон бусад сайд, Тусгай элч, Элчин сайд оролцов. Эдгээрээс Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абе Монголд гурав дахь удаагаа айлчилсан.
- Энэ удаагийн дээд түвшний уулзалтын сэдэв нь “АСЕМ-ын 20 жил: Уялдаа холбоогоор өртөөлөн ирээдүйн түншлэлийн төлөө”.
- Олон улсын хоёр байгууллага, үүнд, Европын холбоо болон АСЕАН-ын төлөөлөл оролцсон. Европын холбоог Европын Зөвлөлийн Ерөнхийлөгч Дональд Туск төлөөлсөн бол АСЕАН-ыг Ерөнхий нарийн бичгийн дарга Лэ Лоунг Минь төлөөлжээ.
- 20 жилийн өмнө буюу 1996 онд 26 гишүүнтэй байгуулагдаж байсан Ази-Европын яриа хэлэлцээний чуулган эдүгээ 51 орон, хоёр олон улсын байгууллагыг эгнээндээ нэгтгэдэг.
- Монгол Улс БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо 2008 онд чуулсан долоо дахь удаагийн чуулга уулзалтаар АСЕМ-ын гишүүнээр элссэн юм.
- Гадаадын 612, дотоодын 124 сэтгүүлч уулзалтыг сурвалжилжээ. Хурлын үйл ажиллагаа болон бусад дагалдах арга хэмжээг Европын өргөн нэвтрүүлгийн холбоо, Монголын 14 телевиз хамтран шууд дамжуулсан.
- ASEM-11-д оролцож буй хамгийн залуу төлөөлөгч нь Эстони улсын Ерөнхий сайд, 36 настай Таави Роойс байв.
- АСЕМ-д зориулан гаргасан маркийг 20.000 хувь хэвлэжээ.
- АСЕМ-ын түүхэнд оролцогчид анх удаа нүүдэлчдийн эсгийн гэрт чуулав.
Холбоотой мэдээ