Дэлхийн спортын 2018 оны ОНЦЛОХ-10 үйл явдал

Хуучирсан мэдээ: 2018.12.31-нд нийтлэгдсэн

Дэлхийн спортын 2018 оны ОНЦЛОХ-10 үйл явдал

20 ЖИЛИЙН ДАРАА АЗИ ТИВД СААТСАН “ПЁНЧАН-2018” ӨВЛИЙН ОЛИМПИЙН НААДАМ

Одоогоос 20 жилийн өмнө буюу 1998 оны хоёрдугаар сард арлын Япон улсын Нагано хотноо өвлийн олимпийн 18-р наадам зохиогдож байсан. Тэр цагаас хойш 4 өвлийн олимпийн наадам болсны дараа 2018 онд “шар” тивд өвлийн олимпийн 23-р наадам саатав. Дэлхийн улс төрийн “халуун” цэгүүдийн нэг болох Солонгосын хойгт өвлийн олимпийн наадам зохион байгуулагдсан нь бас нэг онцлох үйл явдал. Хэдийгээр хөрш улс нь цөмийн аюул заналхийлэл явуулж байсан ч Өмнөдүүд өөдрөг сэтгэлээр 2009 оны 10 сард ОУОХ-ны чуулганаар 2018 оны өвлийн олимпийн 23-р наадмыг зохион байгуулах эрхийг авч чадсан. Үнэхээр ч Солонгосын хойгт явагдсан спортын хамгийн том үйл явдлаар дамжуулан олимпийн наадам нь дэлхийн эв нэгдлийн илэрхийлэл байдаг гэдгийг тод томруун харуулсан юм.

Пёнчаны өвлийн олимпийн наадам нь оролцсон улсын тоо болон тамирчдын тоогоор рекорд амжилт тогтоосны зэрэгцээ хоёр Солонгосын тамирчид нэгэн туган дор орсон. Солонгосын хойгт 17 өдрийн турш олон олон рекорд амжилтууд эвдэгдсэний зэрэгцээ олон тамирчид алдар нэрээ мөнхөлсөн. Тухайлбал, Норвегийн алдарт цаначин М.Бьорген 2 алт, 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртэж өвлийн олимпийн наадмын түүхэнд хамгийн олон буюу 15 медаль хүртсэн тамирчин болсон. Мөн “биатлоны хаан” О.Э.Бьорндален 6 дахь олимпийн наадамдаа оролцож 13 дахь медалиа энгэртээ зүүсэн. Үүнээс гадна Э.Ледецкая, И.Вюст, А.Загитова, М.Фуркад нарын олон алдартнууд Солонгосын хойгт гялалзсан амжилт үзүүлсэн юм. Олимпийн наадам ийн амжилт, ялалтаар дүүрэн болсны зэрэгцээ Оросын тамирчдын допингийн асуудал, тэдний эсрэг хориг арга хэмжээ гээд олон жил ярих халуун сэдэвтэй олимпийн наадам болж өндөрлөсөн.

ХААНЫ ТИТЭМ М.ФУРКАДАД ШИЛЖИВ

Өвлийн спортын хамгийн үзүүштэй төрлүүдийн нэг болох буутай цана буюу биатлоны спортод нэгэн тамирчдын өөрийн нэрийг дархлав. Тэр бол мэдээж өнөө цагийн биатлоны хамгийн шилдэг тамирчин Францын М.Фуркад байв. М.Фуркад Пёнчаны олимпийн наадмаас 3 алтан медаль зүүж, олимпийн наадмаас нийт 5 алт, 2 мөнгөн медаль хүртсэн бол дэлхийн цомд нэгэн үнэмлэхүй амжилтын эзэн  болсон. Биатлоны дэлхийн цомын 2017-2018 оны улиралд нийлбэр дүнгээр тэргүүлэн шар цамцны эзэн болсноор сүүлийн 7 улирал дараалан “болор” цомын эзэн болсон. Ингэснээр биатлоны дэлхийн цомд 7 удаа түрүүлж бүх-цаг үеийн рекордыг эзэмшигч домогт О.Э.Бьорндалены амжилттай зэрэгцсэн. Гэхдээ М.Фуркадыг амжилтыг тодотгох зүйл нь 7 улирал дараалан түрүүлсэн амжилт байсан юм. Домогт О.Э.Бьорндалены хувьд завсартайгаар 1998-2010 оны хооронд 12 жилийн хугацаанд 7 удаа түрүүлсэн байдаг.

ХӨЛБӨМБӨГИЙН ДАШТ АНХ УДААГАА ЗҮҮН ЕВРОПТ ЗОХИОГДОВ

1930 онд анх Өмнөд Америкийн Уругвай улсад зохион байгуулагдаж байсан дэлхийн спортын хамгийн том үйл явдал болох хөлбөмбөгийн ДАШТ анх удаагаа Зүүн Европт зохион байгуулагдав. Оросууд нутагтаа хөлбөмбөгийн дэлхийн аваргыг 14.2 тэрбум буюу урьд өмнө байгаагүй өндөр өртөгтэй зохион байгуулсан бөгөөд видео шүүгч буюу VIR технологийг ФИФА анх удаагаа  амжилттай туршсан. ОХУ-ын 11 хотын 12 цэнгэлдэх хүрээлэнд бүтэн сарын турш зохиогдсон дэлхийн аваргад тив тивээс шалгарсан шилдэг 32 баг өрсөлдөж Францчуудын ялалтаар өндөрлөсөн. Тэмцээний томоохон сенсаци нь аваргаа хамгаалагч Германы шигшээ баг хэсгээс мултарч, зохион байгуулагч Оросууд хэнийг ч таамаглашгүй амжилтыг үзүүлж дунд шөвөгт шалгарсан үйл явдал байв. “Уламжлал” ёсоор энэ удаагийн ДАШТ-нд 19 настай Франц хүү К.Мбаппе гялалзаж шилдэг тоглогчийн шагналыг хүртэж, шигшээ багийнхаа хамтаар дэлхийн аваргын цомыг хүртсэн. Францын шигшээ багийн дасгалжуулагч Д.Дешам дэлхийн аваргад багаа удирдан түрүүлгэснээр Германы Ф.Беккенбауэр, Бразилын М.Загалло нарын адилаар тоглогч, дасгалжуулагчаар дэлхийн аварга цолыг хүртсэн 3 дахь эрхэм болов.

ХӨЛБӨМБӨГИЙН “МОЦАРТ” Л.МОДРИЧ НЭГЭН АРАВНЫ ЭЗЭГНЭЛИЙГ ЭЦЭС БОЛГОВ

Дэлхийн хөлбөмбөгийн ертөнцөд нэгэн арванд Л.Месси болон К.Роналдо гэсэн 2 эрхэм сүүлийн 10 жилийн турш дэлхийн шилдгээр ээлж дараалан хүртсэн байдаг. Эдгээр 2 тоглогчоос өмнө хамгийн сүүлд 2007 онд Бразил улсын хөлбөмбөгчин Кака дэлхийн шилдгээр нэрлэгдэж байсан. Тэгвэл энэ жил 11 жилийн дараа дэлхийн шилдгээр өөр эрхэм тодорсон юм. Энэ бол мэдээж Хорватын шигшээ багаа хөтлөн ДАШТ-д мөнгөн медаль хүртэж, Реал Мадрид клубын хамтаар аваргуудын лигт 4 дэх цомоо хүртсэн Л.Модрич юм. 33 настай Хорват хагас хамгаалагч Л.Модричийн хувьд 2018 он амжилт ялалтаар цалгисан он жил байлаа. Тэр шигшээ баг болон клубынхээ хамтаар гялалзсан амжилт үзүүлсэн бөгөөд өөрөө ФИФА-н Оны шилдгээр шалгараад зогсохгүй Франс футбол сэтгүүлээс тодруулдаг хөлбөмбөгчдийн авч үзэхийг хүсдэг Баллон д’Ор шагналын эзэн болсон. Дээрх хоёр шагналыг хүртэхдээ хоюуланд нь К.Роналдог ялж авсан байдаг. Энэ бол дэлхийн спортын 2018 оны онцлох үйл явдал юм.

Л.ХЭМИЛТОН БА “МЕРСЕДЕС” БАГИЙН НОЁРХОЛ ҮРГЭЛЖИЛСЭЭР

Авто спортын хурд, хүчний гайхамшиг болсон формула-1 уралдааны сүүлийн 5 жил Германы “Мерседес” багийн ноёрхол дор явагдаж байна. Т.Вольффын удирдсан “Мерседес”багийн туг нь Британи нисгэгч Л.Хэмилтон байсан юм. 33 настай Л.Хэмилтон багийн арын албаны инженер, техникийн албаны ажлын үр дүнг өөрийн авъяас, ур чадвараараа дэлхий нийтэд харуулж өөрөө 5 дахь удаагаа дэлхийн аварга болсон. Мөн баг нь сүүлийн 5 улирал зохион бүтээгчдийн цомыг хүртэж алдарт “Феррари”, “МкЛарен”, “Ред Булл” болон “Уилльямс” багуудыг ардаа орхиод байна. Л.Хэмилтон 5 дахь дэлхийн аварга цолоо хүртснээр 1950-иад оны формула-1 уралдааны шилдэг нисгэгч Аргентины Хуан Мартин Фангиогийн амжилттай зэрэгцсэн. Одоо түүний өмнө домогт нисгэгч М.Шумахерын 7 түрүүлсэн амжилт л үлдээд байна. Магадгүй М.Шумахерын амжилтыг эвдэхэд Л.Хэмилтоны хувьд цаг хугацааны л асуудал болоод байх шиг. Л.Хэмилтоны энэ жилийн түрүүг зөвхөн онцлох нь өрөөсгөл. Тэр 2018 оны улиралд пол-позишн буюу байрал тогтоох уралдаанд 83 удаа түрүүлж формула-1 уралдааны бүх-цаг үеийн рекорд амжилтын эзэн болсон.

СЕРБИ ЗАЛУУ НОВАК ЖОКОВИЧ ЭРГЭН ИРЛЭЭ

Мэргэжлийн талбайн теннисний ертөнцөд Балканы хойгоос тодрон гарсан нэгэн бол Сербийн Н.Жокович юм. Тэр 2016 онд Францын нээлттэй тэмцээнд түрүүлснээр 4 Их Дуулга тэмцээнд дөрвүүлэнд нь түрүүлсэн цөөхөн тамирчны нэг болсон байдаг. Гэвч тохойны бэртлийн улмаас 2017 онд уналтанд орж дэлхийн #1 статусаа алдаад байсан. Харин 2018 онд Н.Жокович гайхалтайгаар эргэн ирэлт хийж Уимблидон болон Америкийн нээлттэй тэмцээнд түрүүлж Их Дуулга тэмцээний 14 дэх цомоо хүртсэн. Улиран одож буй 2018 онд Н.Жокович 4 том тэмцээнд түрүүлсэн бөгөөд 2 Их Дуулга, Мастерс-1000 зэрэглэлийн Цинциннати мастерс, Шанхайн мастерс тэмцээнүүдэд түрүүлсэн. Ингээд 2018 оны АТР-н чансааны 11-ээс эхлүүлж байсан Н.Жокович буцаад хаан титмээ 2 жилийн дараа эргүүлэн авч #1 теннисчин болсон. Мөн тэрээр 15.9 сая ам.долларыг халаасалсан байдаг. Магадгүй түүнийг 2016 онд Францын их дуулга тэмцээнээс хойш Их Дуулга тэмцээний цомыг өргөж чадаагүй, дээр нь бэртэл авснаас болж эргэн ирэх боломжгүй болж байна гэж харж байсан олны сэтгэлийг эргүүлж чадсан юм.

UFC-Н 70 КГ-Н АВАРГЫН ТӨЛӨӨХ Х.НУРМАГОМЕДОВЫН ЭСРЭГ К.МКГРЕГОРЫН ТУЛААН

Дэлхийн хамгийн том спортын холбооны нэг болох холимог тулааны UFC-н энэ онд зохиосон дуулиантай тулаан нь Х.Нурмагомедов болон К.МкГреорын тулаан байлаа. Хоёр эрхмийн хэн нь жинхэнэ аварга вэ? гэдгээ харуулах тулаан өнгөрсөн 10 сард АНУ-ын Лас-Вегас хотноо болж Оросын бага ястан, Дагестан залуу Х.Нумрагомедовын ялалтаар өндөрлөв. Бүтэн 4 үе явагдсан тус тулаанд Х.Нурмагомедов ялалт байгуулснаар 27-0 гэсэн амжилтыг үзүүлсэн. Хэдийгээр тус тулааны ялагч нь Х.Нурмагомедов байсан ч олсон ашгийн хувиар Ирланд тулаанч К.МкГрегор илүү амжил үзүүлсэн нь хачирхалтай. Энэ тулааны тасалбар нь 205-2500 ам.доллар хүрсэн нь ямар их хүлээлттэй тулаан байсныг илтгэнэ. Энэ тулаан дуулиан шуугианаар дүүрэн болж өнгөрснийг спорт сонирхогчид сайн мэдэж байгаа. Тулааны дараа Х.Нурмагомедов ёс бус алдаа гаргасны улмаас багагүй хэл аманд өртөж байсан ч ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин хүлээн авч уулзсан нь энэ тулааны ач холбогдол ямар их байсныг илтгэнэ.

Л.ЖЕЙМС БУУРЬ СЭЛГЭЖ ӨРНӨДӨД ИРЭВ

Өнгөрсөн зун НБА-н солилцооны цонх маш завгүй байлаа. Олон шилдэг тоглогчид чөлөөт агент болсон нь багуудыг завгүй ажиллахад хүргэсэн юм. Эдгээр “хүн” хар захын хамгийн том шилжилт нь Л.Жеймсийн шилжилт байлаа. Өнөө цагийн НБА-н төдийгүй дэлхийн сагсан бөмбөгийн нүүр царай болсон Л.Жеймс 15 жил Дорнод бүсийн багт хүчин зүтгэсний эцэст энэ зун буурь сэлгэж Нэгдсэн Улсынхаа баруун эргийн Лос-Анжелес хотод газардаж Лос-Анжелес Лейкерс багийн тоглогч болсон. Төрөлх Кливленд Кавальерс багаас чөлөөт агент болоод ердөө 2 өдрийн дараа зургадугаар сарын 29-нд Лос-Анжелес Лейкерс багтай 4 жилийн 154 сая ам.долларын гэрээ байгуулснаар Номхон далайн эргийг зорив. 3 удаагийн НБА-н аварга, 14 удаагийн бүх-одод тоглогч Л.Жеймсийн үеийн тоглогчид өдгөө сэлгээний тоглогч болж, зарим нь бүр зодог тайлах тухай бодож байгаа. Тэгвэл Л.Жеймс дахин шинэ аялалд гарч, шинэ багаа чирэн плэй-оффын байрлалд аль хэдий нь оруулаад байна. Мэдээж Л.Жеймсийн шилжилтийг дагаад сайн, муу олон зүйл яригдах ч эерэг зүйлс олон байгааг онцлох ёстой. Тухайлбал, түүнийг дагаад билетийн орлого, реклам зар сурталчилгаа болон ажлын байр нэмэгдсэн тухай бичвэл олон хуудас болно.

К.РОНАЛДО 4 ДЭХ ЛИГТЭЭ ИРЛЭЭ

Дэлхийн 5 удаагийн шилдэг хөлбөмбөгчин, өнөөгийн цагийн хөлбөмбөгийн төдийгүй дэлхийн спортын супер “од” К.Роналдо Реал Мадрид дахь 9 жилийн карьераа өндөрлүүлж Италийн Ювентус багтай нэгдсэн үйл явдал нь энэ зуны спортын томоохон үйл явдал байлаа. Тэрбээр Португалын Спортинг багаас мэргэжлийн замналаа эхлүүлж байсан 33 настай К.Роналдо клубт хүртэж болох бүхий л цомоо хүртсэн. Сер Алекс Фергюсоноор хөтлүүлэн дэлхийд анх танигдаж байсан К.Роналдо 2009 онд нарлаг Испаний эзэн хааны багт ирэн өөрийгөө дэлхийн шилдэг тоглогч гэдгийг 9 жилийн турш нотлон харуулсан юм. Тэгвэл түүний дараагийн аялал Италийн “хөгшин хатагтай” Ювентус клуб болоод байна. Дотоодын лигтээ босоо яваа ч Европын тавцанд аваргуудын лигт түрүүлж чадаагүй он жилүүдээ эцэс болгохын тулд Ювентусын удирдлагууд К.Роналдог авчирсан болов уу? Мөн түүний шилжилт бол сагсан бөмбөгийн ертөнц дэх Л.Жеймсийнхтэй адил эдийн засгийн олон эерэг үр дагаврыг авчирч байгаа.

13 ЖИЛИЙН МӨРӨӨДӨЛ БИЕЛЭВ

1990 он гарснаар Хойд Америкийн ҮХЛ-т олон шилдэг Орос тоглогчид гарах эхлэл нь болсон бөгөөд анх 1989 онд А.Могильный гаргасан жимээр Оросын олон шилдэг хоккейчид Хойд Америкт гарч амжилтанд хүрсэн байдаг. Оросын олон шилдгүүд дундаас ялгарах гялалзах нэг том “од” бол 2004 оны драфтын тэргүүн сонголт А.Овечкин байсан юм. А.Овечкин 2004 оны драфтаар Вашингтон Капиталс багт сонгогдон 2005 оноос багтайгаа нэгдсэн. Тэр цагаас хойш олон олон цомыг хүртэж, ҮХЛ-т үлдэх олон амжилтын эзэн болж байсан ч ганцхан стэнлийн цомыг хүртэж чадалгүй 12 жилийг үдээд байв. Харин тэрээр өнгөрсөн 2017-2018 оны улиралд тэрхүү азгүйтлээ үгүй хийж өөрийнхөө төдийгүй Вашингтон Капиталс багийнхаа анхны стэнлийн цомыг хүртсэн юм. А.Овечкин стэнлийн цом болон плэй-оффын үнэ цэнэтэй тоглогчоор шалгарч ҮХЛ-т хувиараа хүртэж болох бараг л бүх шагнал, цомын эзэн болсон. Жилийн жилд л стэнлийн цомын гол өрсөлдөгч байсаар ирсэн А.Овечкин энэ жил ийнхүү анх удаагаа стэнлийн цомыг хүртэж дутуугаа гүйцээсэн он байлаа.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж