Оюутолгойг дотоодын эрчим хүчээр хангах гэрээг байгууллаа

Хуучирсан мэдээ: 2018.12.31-нд нийтлэгдсэн

Оюутолгойг дотоодын эрчим хүчээр хангах гэрээг байгууллаа

Оюутолгойг дотоодын эрчим хүчээр хангах гэрээг байгууллаа

“Тавантолгойн цахилгаан станцыг (ТТЦС) барьж байгуулах талаарх Эрчим хүчний эх үүсвэрийн зохицуулалтын тухай гэрээнд Монгол Улсын Засгийн газар болон “Оюутолгой” ХХК өнөөдөр /2018.12.31/ гарын үсэг зурлаа.

Ингэснээр Оюутолгой уурхай болон Өмнөговийн зарим хэрэглэгчийг дотоодын эх үүсвэрээс эрчим хүчээр хангах урт хугацааны шийдэлд хүрч байна.

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Ц. Даваасүрэн “Монгол Улсын Засгийн газрын хуралдааны шийдвэрийн хүрээнд бид энэхүү гэрээг үзэглэж байна. Эрчим хүчний эх үүсвэрийн зохицуулалтын талаарх тус гэрээгээр “Оюутолгой” компани уул уурхайн үйл ажиллагаандаа шаардлагатай эрчим хүчээ 100 хувь дотоодоос авах суурь нөхцөл бүрдэж байгаа юм” хэмээн гарын үсэг зурах ёслолын үеэр хэллээ.

Тус гэрээнд Оюутолгойн цахилгаан эрчим хүчийг дотоодоос хангах шийдлийн суурь зарчим, төслийн ерөнхий дизайн болон талуудын үүрэг зэрэг асуудлуудыг тусгасан юм. Гэрээний хүрээнд 300 МВт-ын хүчин чадал бүхий цахилгаан станцыг Тавантолгойн нүүрсний ордод барих бөгөөд тус цахилгаан станцын дийлэнх хувийг “Оюу толгой” ХХК эзэмших юм. Түүнчлэн, талууд эрчим хүчний ерөнхий шийдэлд сэргээгдэх эрчим хүчийг хэрхэн тусгаж болохыг судлах болно.

Эрчим хүчний энэхүү гэрээг үзэглэсэн нь Тавантолгойн нүүрсний ордын эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, холбогдох дэд бүтцийг барьж байгуулах Улсын Их Хурлын 2018 оны 73 тоот тогтоолыг хэрэгжүүлж, Монгол Улсын Өмнөд бүсийн эрчим хүчний хангамжийг дотоодын эрчим хүчээр бүрэн хангаж, Оюутолгойн уурхай, ялангуяа гүний уурхайн үйл ажиллагааг урт хугацаанд тогтвортой явуулах, эрчим хүчийг хөгжүүлэхэд чухал алхам болж байна.

Оюу толгой ХХК-ийн гүйцэтгэх захирал Армандо Торрес хэлэхдээ “Гэрээг үзэглэсэн нь Оюутолгойн хувьд бас нэгэн тэмдэглүүштэй үйл явдал болж буй бөгөөд хувь нийлүүлэгч талууд харилцан ашигтай шийдэлд хамтаар хүрч болдгийн нэг тод жишээ юм” гэлээ.

Рио Тинтогийн Зэс, очир эрдэнийн группийн гүйцэтгэх захирал Арнауд Суарат “Оюутолгой ХХК нь 15,000 гаруй монгол ажиллагсадтай, дэлхийд тэргүүлэх Монгол компани юм. Үйл ажиллагааныхаа эрчим хүчний эх үүсвэрийг Монголоос авах талаарх гэрээг Монголын Засгийн газартай хамтран мэдээлж байгаадаа бид баяртай байна. Энэ нь их чухал алхам юм” гэж хэллээ.

Туркойс Хилл Ресурс компанийн гүйцэтгэх захирал Улф Куэлман “Монгол Улсын Засгийн газар, “Оюутолгой”, Рио Tинто хоорондын урт хугацааны хэлэлцээний үр дүнд тус гэрээ батлагдсан юм. Эрчим хүчний төслийг цаашид амжилттай хэрэгжүүлэхээр бид түншүүдтэйгээ ойр хамтран ажиллах болно. Ингэснээр Оюутолгойн уурхай бүрэн хүчин чадалдаа хүрч, бүхий л оролцогч талуудад ач тусаа өгөх юм” хэмээн онцоллоо.

Эрчим хүчний эх үүсвэрийн зохицуулалтын тухай гэрээнд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн болон Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А. Тлейхан, “Оюутолгой” ХХК-ийг төлөөлж тус компанийн ТУЗ-ийн дарга Г. Батсүх болон гүйцэтгэх захирал Армандо Торрес нар тус тус гарын үсэг зурав.

ТАВАНТОЛГОЙН ЦАХИЛГААН СТАНЦЫГ БАРИХ ЧИГЛЭЛЭЭРХ “ЭРЧИМ ХҮЧНИЙ ЭХ ҮҮСВЭРИЙН

ЗОХИЦУУЛАЛТЫН ТУХАЙ ГЭРЭЭ”-ТЭЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЭЛ

  • Монгол Улсад сүүлийн 30 гаруй жилд ийм хэмжээний хүчин чадалтай цахилгаан станц шинээр баригдаагүй.
  • Уг цахилгаан станц баригдсанаар “Оюутолгой” компани дан ганц найдвартай цахилгаан эрчим хүчний эх үүсвэртэй болоод зогсохгүй Монгол Улс эрчим хүчний хараат бус байдлаа хангахад чухал хувь нэмэр болно.
  • “Оюутолгой” компанийн хувьд найдвартай, тасралтгүй ажиллагаатай цахилгаан эрчим хүчний эх үүсвэр маш чухал. Учир нь уурхайн үйл ажиллагаа тэр дундаа 1,300 метрийн гүнд олборлолт явуулах гүний уурхайн ажилчдын аюулгүй байдалтай найдвартай цахилгааны эх үүсвэр шууд холбоотой.
  • Тавантолгойн нүүрсний уурхайд түшиглэн баригдах уг цахилгаан станц нь 300 мегаваттын хүчин чадалтай.
  • Өдгөө хэрэгжиж буй Оюу толгойн төслийг санхүүжүүлэх төлөвлөгөөний хүрээнд гуравдагч талын хөрөнгөөр санхүүжилтийг босгох чиглэл баримтална.
  • Энэхүү цахилгаан станцыг “Оюутолгой” компани ажиллуулах бөгөөд дор хаяж 51 хувийг нь эзэмшинэ.
  • 2020 оны 1 дүгээр улиралд цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж, 2023 оны зургадугаар сарын 30-нд дуусгана гэсэн төлөвлөгөөтэй байна.
  • Цахилгаан станцыг барих хөрөнгө босгох зарчмыг 2019 оны гуравдугаар сарын 1-ний өдөр гэхэд хамтарч шийдсэн байх болно.
  • Цахилгаан станц ашиглалтад орох хүртэл Монгол Улсаас эрчим хүч авах судалгаа хийгдэж байгаа. Хэрэв тохиролцоонд хүрвэл 2019 оноос цахилгаан авч эхлэх юм. Тавантолгойн цахилгаан станц ашиглалтад орох хүртэл аль болох их хэмжээгээр дотоодоос цахилгаан авна.
  • Монголоос найдвартай, холбогдох нөхцөл шаардлагыг хангасан цахилгаан авах хүртэл Өвөр Монголын Эрчим хүчний корпорациас цахилгаанаа авсан хэвээр байх юм.
  • Одоо байгаа зохицуулалтын хүрээнд Монголоос цахилгаанаа худалдаж авна.
  • Мөн “Оюутолгой” компани сэргээгдэх эрчим хүчийг авч ашиглах боломжийг судална.
  • Эрчим хүчний эх үүсвэрийн зохицуулалтын тухай гэрээг хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж эхэлснээр “Оюутолгой” компани Хөрөнгө оруулалтын гэрээнд заагдсан үүргээ үргэлжлүүлэн биелүүлж байна.
  • Жилийн дундаж хэрэгцээ одоо 152 мегаватт байгаа бол ирээдүйд 240-259 мегаватт болж өсөх юм. Оргил ачаалал одоо 153 мегаватт байгаа бол ирээдүйд 290 мегаватт болж өсөх юм.
  • Тавантолгой нь Оюутолгойгоос 134 километрийн зайтай оршдог.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж