Шинэ оны босгон дээр Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Инд захидал илгээсэн тухай Ройтерс агентлаг уламжлав.
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчид өчигдөр /2018.12.30/ ирсэн тус захидалд “Хоёр Солонгос улс олон жилийн турш үргэлжилсэн дайн, мөргөлдөөн, зөрчилдөөнт байдалдаа цэг тавьж, удаан хугацааны турш намжмал байдлыг бий болгож чадлаа. Энэ жил нийт гурван удаа дээд хэмжээний уулзалт хийсэн нь сайшаалтай агаад ирэх жил ч бас Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох болон бусад энхийн асуудлуудаар уулзалт хийхийг хичээцгээе” хэмээн бичсэн байна.
Өнгөрсөн есдүгээр сард болсон дээд хэмжээний уулзалтын үеэр Мүн Жэ Ин Хойд Солонгосын удирдагчийг энэ ондоо багтаан Сөүлд айлчлахыг урьсан ч тодорхой хариу өгөөгүй аж. Харин Ким Жон Ун тус захидалдаа Сөүлд айлчилж чадаагүйдээ хүлцэл өчиж, ирэх онд заавал айлчлахаа амлажээ.
Ким Жон Ун өнгөрсөн зургадугаар сард болсон Сингапурын дээд хэмжээний уулзалтын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамптай Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох, хариуд нь хориг арга хэмжээгээ сулруулах тухай хэлэлцэн тохиролцсон боловч ярьсан ажлуудаа хэрэгжүүлэх дорвитой ажлыг хийлгүй байсаар шинэ оныг угтаж байна. Харин Өмнөд Солонгостой харилцах харилцаандаа тэрбээр томоохон ахиц дэвшлийг авчирсан нь энэ жилийн түүний гол ололт амжилт болж байгаа юм.
Эх сурвалж: Ройтерс
Холбоотой мэдээ