Оны онцлох гадаад ТАВАН үйл явдал

Хуучирсан мэдээ: 2019.01.01-нд нийтлэгдсэн

Оны онцлох гадаад ТАВАН үйл явдал

НЬЮС агентлаг 2018 онд дэлхий дахинд өрнөсөн “Оны онцлох үйл явдал”-ыг нэрлэж байна.


ХААЛТТАЙ УЛСЫН УДИРДАГЧ НЭЭЛТТЭЙ ГАДААД БОДЛОГО БАРИМТЛАВ

Дэлхий нийтийн халуун цэг болсон Солонгосын хойгийн хямрал эерэх нааштай дохиог шинжээчид сайшаан тэмдэглэж байна. Цөмийн дайны аюул нүүрлэж мэдэх хурцадмал байдлыг намжааж, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Сингапурт хоёр талт уулзалт хийж, 2018 он дэлхийн түүхэнд тодоос тод бичигдэн үлдэж байна.

Солонгосын хойгийн хямрал цаашид хэрхэх нь Ким Жон Ун болон Дональд Трамп нараас ихэд шалтгаалж байна.

2017 онд цөмийн туршилтыг зургаан удаа хийж, гурван удаа тив хоорондын тусгалтай баллистик пуужингийн туршилтыг хийгээд байсан Хаалттай улсын удирдагч Ким Жон Ун нээлттэй гадаад бодлого баримтлах болсон нь дэлхийн нийтийн анхаарлыг ихэд татсан юм.

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун 2018 оны нэгдүгээр сарын 1-нд шинэ жилийн илгээлтдээ Өмнөд Солонгосын Пёнчан хотод болох өвлийн олимпийн наадамд тамирчдаа илгээх бодолтой байгаагаа дэлхий нийтэд илэрхийлсэн. Хойд Солонгосын тамирчдыг Пёнчаны өвлийн олимпод оролцуулах асуудлаар хоёр Солонгосын сайд нарын түвшний яриа хэлэлцээ болж, БНСУ ба БНАСАУ-ын тамирчид “Пёнчан-2018” өвлийн олимпийн нээлтийн ёслолд нэгдсэн тугийн дор жагслаа.

Пёнчаны өвлийн олимпийн үеэр Хойд Солонгосын төлөөлөгчдийг ахалж явсан Ким Жон Уны охин дүү Ким Ё Жон Сөүлд БНСУ-ын Ерөнхийлөгч Мун Жэ Интэй уулзаж, түүнийг Хойд Солонгост айлчлахыг урьсан юм.

Улмаар Өмнөд Солонгосын тусгай төлөөлөгч Хойд Солонгост айлчилж, Ким Жон Унтай хэлэлцээ хийж, хоёр Солонгосын удирдагч нарын уулзалтыг товлов.

Ингээд хоёр Солонгосын тэргүүн нарын дээд хэмжээний уулзалт дөрөвдүгээр сарын 27-нд Өмнөдийн талд байрлах Панмунжом тосгонд орон нутгийн цагаар 09.00 цагт эхэлсэн бөгөөд Ким Жон Ун хоёр Солонгосын хилийг заагладаг 30 см өргөн цементэн зурвасыг давсан. Харин гэнэтийн зүйл болж, Ким Жон Уны удирдагчийн урилгаар Мун Жэ Ин ерөнхийлөгч хил давлаа. Тэд хэсэг зуур Хойд Солонгосын газар дээр саатсан бөгөөд энэ нь дээд хэмжээний уулзалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй байсан үйлдэл байсныг дэлхийн хэвлэл мэдээлэл онцолсон.

Хоёр Солонгосын тэргүүн нар хамтарсан мэдэгдэл хийж, энэ онд багтаан дайныг зогсоох арга хэмжээ авахаар болсон.

Залуу Ким аавынхаа, өвөөгийнхөө бодлогыг зөөлрүүлж, цөмийн зэвсгээс татгалзах алхам хийнэ гэдэгт дэлхий дахин тийм ч итгэлтэй байгаагүй л болов уу. Гэвч талууд түүхэнд гаргаж байгаагүй хамгийн том шийдвэрт хүрсэн юм. Үүний дараагаар дэлхий дахин Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны дараагийн алхам юу байх вэ гэдгийг тааварлахыг хичээж байлаа.

Хоёр улсын удирдагчид энх тайвны гэрээг зурахдаа АНУ, Хятад хоёрын аль нэгийг оролцуулан гурван талт энхийн гэрээ байгуулах тохиролцоонд хүрсэн.

Тиймээс зургадугаар сард залуу удирдагч Ким Жон Уны АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай хийх уулзалт шийдвэрлэх чухал үүрэг гүйцэтгэх болно гэж дэлхийн хэвлэлүүд онцолж байна.

Эл уулзалт анх товлогдоход дэлхийн олон орны нэр яригдаж эхэлсэн ч Монгол болон Сингапур улс тунаж үлдсэн юм.

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп Сингапурыг, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун Монгол Улсад уулзалтыг хийх боломжтой тухай санал гаргасан талаар Өмнөд Солонгосын “JoongAng Ilbo” сонин хамгийн сүүлд мэдээлсэн ч хоёр тал Сингапур улс дээр тогтов.

Ингээд 2018 оны зургаадугаар сарын 12-нд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нарын түүхэн дээд хэмжээний уулзалт Сингапур улсын Сентоза арлын Капелла зочид буудалд болж өндөрлөлөө. Дэлхийн түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн энэ уулзалтаар хоёр тал ганцаарчилсан уулзалтыг анх удаа хийж, тохиролцоонд хүрч, улмаар хамтарсан тунхаг бичигт гарын үсэг зурснаар өндөрлөв.

Энэхүү түүхэн үйл явдлыг дэлхийн 14 орны 3000 гаруй сэтгүүлч сурвалжилсаны дотор News агентлаг анх удаа албан ёсны сурвалжлах эрхтэйгээр Сингапур улсад байрласан олон улсын хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллийг цаг алдалгүй шуурхай хүргэлээ.

Трамп, Ким нар түүхэндээ анх удаа ганцаарчилсан болон өргөтгөсөн хуралдаанд орж, улмаар үдийн зоог хамтдаа барьсан юм.

Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангид байлгах нь энэ удаагийн дээд хэмжээний уулзалтын гол үр дүнгийн нэг байлаа. Үүнээс гадна, талууд 1950-1953 онд болсон Солонгосын дайны үеэр амиа алдсан, сураггүй алга болсон АНУ-ын цэргүүдийг эрэн хайх ажиллагааг эхлүүлэхээр тохиролцсон юм.

Хэлэлцээ цаашид зөв чиглэлдээ өрнөх юм бол АНУ Солонгосын хойг дахь цэргийн сургуулилтаа түр зогсооно гэдгээ Трамп амлав. Ингэснээр маш их мөнгө хэмнэх боломжтой гэв. Харин хэлэлцээ цаашдаа тийм ч сайнгүй байвал цэргийн сургуулилт үргэлжилсэн хэвээр байх болно гэжээ.

Талууд дээд хэмжээний уулзалтын үр дүнг эерэг хэмээн дүгнэв. Ким Жон Ун энэ уулзалтыг “түүхэн” хэмээн тодотгосон юм. Тэрбээр, “Бид түүхэн уулзалтыг хийж чадлаа. Өнгөрснийг ардаа орхиод урагшлах цаг нь болсон. Дэлхийн ертөнц энэ цаг мөчөөс эхлэн том өөрчлөлтийг харах болно” гэжээ.

Харин Дональд Трамп түүхийн шинэ хуудсыг нээхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн. Трамп, Кимийн түүхэн дээд хэмжээний уулзалт нь өөрчлөлтийг хийж болдог гэдгийг харуулсан үйл явдал боллоо гэж олон улсын сэтгүүлчид ярьж байлаа.

Хэдийгээр энэ уулзалтаар хоёр тал АНУ хориг арга хэмжээгээ сулруулсны хариуд Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох асуудлаар санал нэгдсэн ч үүнийг хэрхэн хэрэгжүүлэх аргын тухайд ялгаатай байр суурийг баримталж байгаа юм. Дээд хэмжээний уулзалтаас хойш зургаан сарын хугацаа өнгөрсөн ч харилцан тохиролцсон асуудлаар ямар нэгэн шийдтэй ажлыг хэрэгжүүлээгүйн дээр харин ч хоёр улс бие биеэ шүүмжлэх нь ихэсчээ.

Хойд Солонгосын зүгээс тавьж буй гол асуудал нь “АНУ эхлээд тус улсын эсрэг тавьсан хориг арга хэмжээнүүдээ багасгаж, эдийн засгийн таатай нөхцөл бололцоог бий болгосны дараа цөмийн зэвсгээс ангижруулах ажлыг эхлүүлэх” юм. Мөн Хойд Солонгосын гаргах хүчин чармайлтын хариуд АНУ Өмнөд Солонгос дахь цөмийн зэвсэг болон цэргийн баазуудаа үгүй хийснээр солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох асуудал гурван улсын хамтын ажиллагааны үр дүнд бий болно хэмээн Хойд Солонгос үзжээ.

АНУ, Хойд Солонгосын төрийн тэргүүн нарын хоёр дахь удаагийн дээд хэмжээний уулзалтыг 2019 онд хийх тухай асуудал одоогоор яригдаж байна.

Э.УРАНЦЭЦЭГ


БНХАУ, АНУ-ЫН ХООРОНДЫН ХУДАЛДААНЫ ДАЙНЫ НӨЛӨӨ 2019 ОНД ГАРНА

Дэлхийн эдийн засагт маш хүчтэй нөлөө үзүүлэх хоёр том гүрэн болох БНХАУ, АНУ 2018 оны туршид худалдааны асуудлаар маргалдаж, улмаар эрсдэл хүлээж, ангал руу унахгүйн тулд нэг талдаа гарахаар шийдсэн бололтой. Хоёр улсын худалдааны маргаанаас үүдээд 2019 онд дэлхийн эдийн засгийн өсөлт саарна гэж шинжээчид дүгнээд эхэлжээ.

Гэхдээ асуудал хаашаа ч эргэж болно. Учир нь, удаан хугацааны туршид худалдааны асуудлаар маргаантай байсан Ши Жиньпин, Дональд Трамп нар хоёрдугаар сарын эхээр болсон Их-20 уулзалтын үеэр хоёр тал хэлэлцээ хийж, БНХАУ-ын зүгээс АНУ-д буулт хийв.

Худалдааны маргаан намжихгүй бол ирж буй 2019 онд БНХАУ-ын 200 тэрбум ам.долларын үнэ бүхий бараа бүтээгдэхүүнд ногдуулаад байгаа 10 хувийн татвараа 25 хүртэлх хувь болгон өсгөнө гэдгээ Трамп мэдэгдсэн удаатай. Тэгвэл тэрбээр БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзсаны дараагаар дээрх шийдвэрээ эргэн харахаар боллоо. Харин хоёр талын худалдааны эргэлтийг тэнцвэржүүлэхийн тулд БНХАУ АНУ-аас эрчим хүч, аж үйлдвэр, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг тодорхой хэмжээгээр авахаар яриа хэлэлцээ хийжээ.

Хоёр тал 90 хоногийн туршид технологи нэвтрүүлэх, оюуны өмчийг хамгаалах, цахим халдлага, хөдөө аж ахуй болон тарифын бус саад тотгорыг асуудлаарх хэлэлцээг дуусгахыг аль аль тал нь хичээн ажиллахаар тохиролцов.

Ингээд хоёр талын албан ёсны төлөөлөгчид худалдааны маргааны асуудлаар 2019 оны нэгдүгээр сарын 07-нд Бээжин хотноо уулзахаар товложээ.

БНХАУ, АНУ-ЫН ХАРИЛЦАА ЯАГААД АНГАЛЫН ИРМЭГТ ХҮРЭВ

БНХАУ болон АНУ нь 2018 онд эдийн засагт нөлөөлж болохуйц худалдааны маргааныг дэгдээлээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 2018 оны гуравдугаар сарын 22-нд “БНХАУ-ын эдийн засгийн түрэмгийлэлтэй тэмцэх тухай” меморандумд гарын үсэг зурснаар дээрх маргаан эхэлсэн юм. Энэхүү баримт бичиг нь  БНХАУ-ын импортын бүтээгдэхүүнд хязгаарлалт тогтоох боломжийг олгосон ажээ.

Дональд Трамп ийм шийдвэр гаргах болсон нь БНХАУ-ын Засгийн газрыг оюуны өмчийн тухай хуулийг зөрчиж байна хэмээн үзсэнтэй холбоотой ажээ. Улмаар АНУ-ын Ерөнхийлөгчийн зарлигтай уялдуулан энэ 2018 оны гуравдугаар сарын 23-нд ганд 25 хувийн, хөнгөн цагаанд 10 хувийн татвар ногдуулах шийдвэр гарав.

АНУ-ын энэ үйлдлийг Хятад улс зүгээр хараад суусангүй. Тэд дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн АНУ-ын 128 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулжээ. Ингэхдээ найман нэр төрлийн бараа бүтээгдэхүүнд гэхэд л 15 хувийн татвар ногдуулав. Харин гахайн маханд 25 хувийн татвар ногдуулсан юм. БНХАУ-ын Сангийн яамны мэдээллээр Хятад улсын энэ алхам нь АНУ-ын Засаг захиргаа ган, хөнгөн цагаанд ногдуулж буй импортын татварыг нэмсэнтэй шууд холбоотой гэв. БНХАУ-ын дээр шийдвэр дөрөвдүгээр сарын 2-ноос хүчин төгөлдөр үйлчилсэн эхэлсэн юм.

Улмаар АНУ дөрөвдүгээр сарын 4-нд Хятад улсыг АНУ-ын бараа бүтээгдэхүүний оюуны өмчийг зөрчсөн хэмээн буруутган Хятадын 1300 төрлийн бүтээгдэхүүнд татвар ногдуулан, жагсаалтыг нь олон нийтэд ил болгов.

Үүний хариу болгож БНХАУ-ын Төрийн зөвлөл АНУ-аас импортолж байгаа 106 нэр төрлийн бүтээгдэхүүнд 25 хувийн татвар ногдуулах шийдвэр гаргав. 106 нэр төрлийн бүтээгдэхүүн дунд шар буурцаг, машин, нисэх онгоц, химийн бодис оров.

Ийнхүү дэлхийн эдийн засагт нөлөө бүхий хоёр их гүрний дунд худалдааны маргаан үүсч, энэ нь даамжирвал худалдааны дайн эхлэх эрсдэлтэй гэдгийг шинжээчид онцолж эхлэв. Үйл явдал хэрхэн өрнөх нь дэлхийн бүхий л улс орны анхаарлын төвд байлаа.

Үүнээс гадна, БНХАУ-ын тод бизнесмен Жак Ма энэ худалдааны дайн 20 жилийн турш үргэлжилнэ хэмээн хэлсэн удаатай.

Удалгүй АНУ болон БНХАУ тавдугаар сард худалдааны дайн үүсгэхгүй байхаар тогтож, харилцан өсгөсөн татвараа цуцлахаар тохиролцсон юм. Харамсалтай нь, хоёр улсын худалдааны маргаан зөвшилцөлд хүрэхгүй явсаар Вашингтоны зүгээс Бээжингийн бараа бүтээгдэхүүнд дахин шинэ татвар ногдуулах болсноо зарлажээ.

Тодруулбал, АНУ зургадугаар сарын дундуур БНХАУ-ын бараа бүтээгдэхүүнд 25 хувийн татвар ногдуулжээ. Энэ нь БНХАУ-ын 50 тэрбум ам.долларын үнэ бүхий арав гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнд ногдуулсан татвар байв.

АНУ-ын энэ үйлдлийг БНХАУ хүчтэй эсэргүүцэж, улмаар 50 тэрбум ам.долларын үнэ бүхий АНУ-аас импортолж буй 659 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнд 25 хувийн татвар ногдуулжээ.

АНУ болон БНХАУ-ын харилцан бие биедээ ногдуулсан татварын арга хэмжээг долдугаар сарын 06-наас хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн билээ.

Удалгүй АНУ БНХАУ-ын 16 тэрбум ам.доллар үнэ бүхий бараа бүтээгдэхүүнд дахин 25 хувийн татвар ногдууллаа. Энэ шийдвэр нь хэрэгжиж эхэлмэгц хэдхэн минутын дараа БНХАУ хариу болгон АНУ-ын бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулав.

АНУ, БНХАУ харилцан бие биеэ өдөөн хатгасан дээрх үйлдэл нь улам даамжирч, улмаар АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп есдүгээр сарын 18-нд БНХАУ-ын 200 тэрбум ам.долларын үнэ бүхий бараа бүтээгдэхүүнд 10 хувийн татвар ногдуулж байгаагаа зарлав. Энэ мэдэгдэл нь есдүгээр сарын 24-нд хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн бөгөөд он дуустал хэрэгжинэ. Харин 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн тарифаа 25 хүртэлх хувиар нэмэгдүүлнэ гэжээ.  Мөн хэрвээ БНХАУ-ын зүгээс хариу арга хэмжээгээ үргэлжлүүлсэн тохиолдолд 267 тэрбум ам.долларын үнэ бүхий бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулна гэдгээ ч дурдсан юм.

АНУ-ын энэхүү мэдэгдэлд ундууцсан Хятад улс есдүгээр сарын 24-нд 60 тэрбум ам.долларын үнэ бүхий АНУ-ын бараа бүтээгдэхүүнд 10 болон 5 хувийн татвар ногдуулж буйгаа мэдэгдэв. Энэхүү шинэ татвар нь 5200 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнд хамарчээ.

Харин АНУ-ын зүгээс есдүгээр сарын сүүлчээр Хятадын Батлан хамгаалах яамны ажилтнууд болон Рособоронэкспорт компанид тус тус хориг тавьжээ. Рособоронэкспорт компани нь оросын нисэх онгоц болон С-400 пуужингийн системийн худалдан авах хэлэлцээнээс болж хоригт орсон ажээ. Энэ үед Бээжин АНУ-ыг хоригоо цуцлахыг эрчимтэйгээр уриалж эхэлсэн юм. Тодруулбал, БНХАУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Гэн Шуан худалдааны дайнаас үүдэх гарах үр дагаврыг АНУ хариуцах болно гэсэн мэдэгдэл хийсэн билээ.

Нөхцөл байдал хурцадмал байдалд шилжиж, улмаар БНХАУ-ын дарга Ши Жиньпин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нар утсаар үүсээд буй нөхцөл байдлын тухай ярилцаж, улмаар асуудлыг Аргентинд болох ИХ-20 уулзалтаар хэлэлцэхээр тохиролцсон юм.

Трамп мэдэгдэлдээ, АНУ БНХАУ-тай харилцах худалдааны эргэлтэд маш том ач холбогдол өгдөг. Иймээс БНХАУ руу экспортын бараа бүтээгдэхүүнээ өргөжүүлэхэд бэлэн байна гэсэн бол Ши Жиньпин  худалдааны харилцаанд үүсээд буй маргааныг хоёр тал харилцан ашигтайгаар  шийдэх хэрэгтэй гэв.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын мэдэгдэж буйгаар хоёр улсын хоорондох худалдааны эргэлтэд ойролцоогоор 540 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүн ховордсон гэв. Өөрөө хэлбэл, АНУ БНХАУ-тай харьцуулахад тус улсаас маш их хэмжээний бараа бүтээгдэхүүн импортолдог гэжээ.

АНУ-ын эдийн засгийн шинжээчдийн товчооны мэдээллээр, 2017 онд БНХАУ 550 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнийг АНУ-д нийлүүлсэн бол АНУ БНХАУ-д 130 орчим тэрбум ам.долларын бараа нийлүүлжээ. Харин худалдааны тэнцвэргүй байдлыг Хятадын талаас АНУ-ын эдийн засгийн дотоод бодлоготой холбоотой гэж үзэж байгаа ажээ.

Э.УРАНЦЭЦЭГ


ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ СААРНА

Хөгжингүй орнуудын Төв банкууд мөнгөний бодлогоор дамжуулж эдийн засагтаа түлхэц үзүүлэхээ аажмаар зогсоосны улмаас энэ 2018 онд эдийн засгийн өсөлт 2.2 хувьд байгаа ч ирэх хоёр жилийн хугацаанд 2 хувь болж буурах төлөвтэй байна.

Дэлхийн банкны тайланд дурдсанаар, түүхий эд, бараа бүтээгдэхүүн экспортлогчдын үйл ажиллагаа гүйцэд сэргэж, үнэ нь энэ жилийн өсөлтийн дараа тогтворжих хандлагатай байгаа зэргээс шалтгаалан хөгжиж буй орнуудын эдийн засгийн өсөлт 2018 онд 4.5%, 2019 онд 4.7 хувь хүрэн чангарах төлөвтэй байгаа аж.

Хөгжингүй орнуудын эдийн засаг удаашран, сэргэж байсан гол түүхий эд экспортлогч зах зээлүүд болон хөгжиж буй орнуудын эдийн засаг тогтворжсоноор дэлхийн эдийн засгийн өсөлт ирэх 2019, 2020 онд аажим удаашрах төлөв ажиглагдаж буй. Энэ жил ажиглагдсан эдийн засгийн өсөлт ялангуяа Өмнөд Азийн хурдацтай хөгжиж буй улс орнуудад олон сая хүнийг ядуурлаас гаргахад туслах ажээ.

Санхүүгийн зах зээлийн замбараагүй, тогтворгүй байдал үүсэх магадлал ихэсч, зарим хөгжиж буй зах зээл болон хөгжиж буй орны эдийн засаг хүндхэн нөхцөл байдалд орох эмзэг байдал нэмэгджээ. Бодлогын тодорхой бус байдал, геополитикийн эрсдэл улам бүр нэмэгдэхийн зэрэгцээ худалдааг хязгаарлах протекционист бодлогод нааштай байх хандлага ч мөн нэмэгдсэн байна.

Урт хугацаанд дэлхийн зах зээл дэх түүхий эдийн эрэлт хэрэгцээ буурах хандлагатай байгаа нь түүхий эд, бараа бүтээгдэхүүний үнийн хэтийн төлөвт нөлөөлж, тэдгээрийг экспортлогч орнуудын ирээдүйн өсөлтөд нөлөөлж болохыг Дэлхийн банкнаас анхааруулав. Шинээр хөгжиж буй зах зээлүүд нь өнгөрсөн 20 жилийн хугацаанд дэлхийн металл, эрчим хүчний хэрэглээ нэмэгдэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан хэдий ч ихэнхийнх нь хувьд түүхий эд, бараа бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээний өсөлт удаашрах төлөвтэй байна.

Дэлхийн Банкны Хөгжлийн эдийн засаг хариуцсан Ахлах захирал Шантаяанан Деваражаны үзэж буйгаар, түүхий эдийн хэрэглээний өсөлт буурах төсөөлөл нь түүхий эд, бараа бүтээгдэхүүний экспортын орлогоос хамааралтай хөгжиж буй орнуудын гуравны хоёрын хувьд бэрхшээл бий болгож болзошгүй аж. Энэ нь эдийн засгийг төрөлжүүлэн солонгоруулах, төсөв мөнгөний хүрээг бэхжүүлэх хэрэгцээ шаардлага байгааг улам баталж буй юм.

Компанийн өр өсөх нь санхүүгийн тогтвортой байдлын асуудлыг улам хөндөж, хөрөнгө оруулалтад нөлөөлж болзошгүй. Компанийн өр болон зарим орны хувьд гадаад валютын өр дэлхийн санхүүгийн хямралаас хойш хурдацтай нэмэгдсэн нь эдгээр орныг зээлийн өртгийн дарамт өсөн нэмэгдэх эрсдэлд оруулж байгаа аж.

Дэлхийн Банкны Хөгжлийн эдийн засгийн төлөв байдал хариуцсан Захирал Аяхан Косе хэлэхдээ, хөгжингүй орнууд мөнгөний бодлого хэвийн хэмжээнд барих явдал нэмэгдэх үед хөгжиж буй эдийн засагтай улс орнуудын бодлого боловсруулагчид санхүүгийн зах зээлийн тогтворгүй байдлыг даван туулахад бэлэн байх ёстой. Өрийн түвшинг өсгөх нь улс орнуудыг зээлийн өндөр хүүгийн эмзэг байдалд оруулдаг. Иймд санхүүгийн хямралаас хамгаалах арга хэмжээ бий болгох шаардлагатайг онцолж байна.

Бүсийн хувьд Зүүн Ази, Номхон далайн бүс нутагт өсөлт 2018 онд 6.3 хувь байснаа 2019 онд 6.1 хувь болж бага зэрэг буурах төлөвтэй байна. Эдийн засгийн сэргэлтийн мөчлөгийн нөлөөллийн улмаас Хятадаас бусад улс орны өсөлт 2018 онд 5.4 хувь байснаа 2019 онд 5.3 хувь болж буурах нь. Бүсийн түүхий эд экспортлогч, импортлогч орнуудын хувьд ирэх хоёр жилийн хугацаанд хүчин чадлын хязгаарлалт болон үнийн дарамт улам эрчимжиж, олон орнуудад мөнгөний бодлогоо чангатгахад хүргэх төлөвтэй байна.

Европ болон Төв Азийн бүс нутгийн өсөлт 2018 онд 3.2 хувь болж аажим өссөн бол 2019 онд 3.1 хувь хувь болж буурах төлөвтэй байна. Манай хойд хөрш ОХУ-ын эдийн засгийн өсөлтийн төсөөлөл энэ жил 1.5 хувьд тогтвортой байсан бол газрын тосны үнэ өссөн, мөнгөний бодлогыг сулруулсны нөлөөгөөр газрын тосны үйлдвэрлэлийн хэмжээг бууруулсан, эдийн засгийн хориг арга хэмжээний тодорхойгүй байдлыг зохих хэмжээгээр нөхөх учраас ирэх жил 1.8 хувиар тэлнэ гэж тооцоолжээ.

Төв Америкийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн экспортлогч зарим улс орны өсөлт 2018-2019 онд сэргэж, энэ бүсийн түүхий эд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн импортлогч орнуудын өсөлт тогтвортой байх буюу удаашрах төсөөлөлтэй байна.

Ойрхи Дорнод ба Хойд Африкт газрын тосны үнэ унасны улмаас газрын тос экспортлогчдын үйл ажиллагаа сэргэж, бүс нутгийн өсөлт 2018 онд 3 хувь байсан бол 2019 онд 3.3 хувь болж бэхжих төлөвтэй байна. Саудын Арабын эдийн засгийн өсөлт энэ жил 1.8 хувь байснаа ирэх жил 2.1 хувь хүрч тэлнэ гэсэн таамаглал бий.

Энэтхэгийн эдийн засгийн өсөлтөд саад учруулж байсан хүчин зүйлс саарсан учраас бүс нутгийн өсөлт 2018 онд 6.9 хувь хувь байснаа 2019 онд 7.1 болж өснө гэж таамаглажээ. Бангладеш улсын эдийн засаг 2018-2019 оны санхүүгийн жилд 6.7 хувь болж хурдсах төлөвтэй байгаа аж.

Саб Сахарын Африкт өсөлт 2018 онд 3.1 хувь байснаа 2019 онд 3.5 болж өсөх төсөөлөлтэй байгаа нь урт хугацааны дунджаас доогуур үзүүлэлт аж. Нигери улсын эдийн засгийн өсөлт хөрөнгө оруулалт доогуур байснаас газрын тосны бус салбарт өсөлт хэвээр байсны улмаас энэ жил 2.1 хувь ирэх жил 2.2 хувь болж өсөх магадлалтай байна. Ангол улсын эдийн засаг 2018 онд 1.7 хувь байснаа газрын тосны үнэ өссөн, байгалийн хийн үйлдвэрлэл нэмэгдсэн, бизнесийн орчин сайжирсан зэргийн улмаас гадаад валютын нөөц нэмэгдэх тул 2019 онд 2.2 хувь болж өсөх төлөвтэй байна. Уул уурхайн бүтээгдэхүүний үйлдвэрлэл нэмэгдэж, металын үнэ тогтвортой байснаар метал экспортлогчдын үйл ажиллагаа сэргэх төсөөлөлтэй байна. Хөдөө аж ахуйн салбарын нөхцөл байдал, дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг сайжруулснаар байгалийн баялгийн бус салбарт өсөлт тогтвортой хэвээр байх төлөвтэй байна.

Д.ЭРДЭНЭТУЯА


САУДЫН АРАБ ТЭРСЛҮҮ СЭТГҮҮЛЧИЙН АМИЙГ ХОРООВ

Улиран одож буй онд олон улсын анхаарлын төвд байсан халуун үйл явдлын нэг нь Саудын Арабын сэтгүүлч Жамаль Хашогги амиа алдсан хэрэг байв. Тэрбээр Туркийн Истамбул дахь Саудын Арабын Ерөнхий консулын газарт амиа алдсан нь тодорхой болсон билээ. Түүний үхлийн талаар дэлхийн хэвлэлүүд маш олон өнцгөөр мэдээлэл бэлтгэн хүргэсээр буй юм. CNN агентлаг “Саудын Арабын эрх баригчид сэтгүүлчийн үхлийн шалтгааны тайланг засварлаж, баримт бичгийг эцсийн байдлаар танилцуулахдаа үйл явдлын тэс өөр хувилбар танилцуулж магадгүй” хэмээн мэдээлж байв.

Туркийн албаны хүмүүс Жамаль Хашоггийн амийг Саудын Арабын тагнуулууд хөнөөсөн гэж үзсэн ч Саудын Араб үүнийг няцаасан билээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Жамаль Хашоггийн хэргийн ард “үл бүтэх алуурчид байгаа” гэж мэдээлсэн талаар BBC агентлаг уламжилж байв. Арабын “Al-Jazeera” телевизийн мэдээлснээр, Туркийн Ерөнхий прокурорын газраас Жамаль Хашогги Консулын газарт байхдаа амиа алдсаныг нотлох баримт олсон гэж мэдэгдсэн.

Саудын Араб гаралтай, “Washington post” сонины сэтгүүлч Жамаль Хашогги сураггүй алга болж, түүнийг Саудын Арабын Засгийн газрын захиалгаар хөнөөсөн гэх таамаг гарч, Истанбул дахь консулын байрны гадна түүнийг суллахыг шаардсан лоозон барьсан хүмүүс жагсаал хийв. Түүнийг хөнөөх үеийн аудио бичлэг Туркийн албаныханд бий хэмээн “Sabah” сонин аюулгүй албаныхны эх сурвалжийн мэдээллээс иш татан мэдээлж байв. Тус сонинд бичсэнээр Жамалийн зүүж явсан “Apple” брэндийн бугуйн цагт Истанбул дахь Саудын Арабын консулын байранд болсон яриа бичигдсэн байсан гэж мэдээлсэн билээ.

Хохирогч Жамаль консулын байр руу орохынхоо өмнө сүйт бүсгүйдээ “iPhone” гар утсаа өгсөн бөгөөд Туркийн албаныхан түүний “iCloud” хаягийг ашиглан аудио бичлэгийг олж авсан аж. Түүнчлэн Саудын Арабын албаныхан бичлэгийг устгахыг оролдсон боловч  “Apple” цаг хурууны хээ таньдаг, зөвхөн нууц дугаараар онгойдог тул нээж чадаагүй байна. Сэтгүүлчийг Саудын Арабын 15 гишүүнтэй захиалгат аллага гүйцэтгэдэг бүлэглэл хөнөөсөн гэж Туркийн эх сурвалж мэдэгдэж байв.

Сэтгүүлч Жамаль Хашогги нь аравдугаар сарын 2-нд гэрлэлтийн бичиг баримт бүрдүүлэхээр Саудын Арабын консулын байр руу явж ороод сураггүй болсон байдаг. Сүйт бүсгүй Хатиш Ченгизийнх нь хэлснээр, Жамал түгшсэн байдалтайгаар “Удахгүй уулзъя, хонгор минь” гэж хэлээд консулын байр руу оржээ. Жамаль орон нутгийн цагаар 13:00 цагт консулын газар руу ороод, шөнийн 00:00 цаг хүртэл хүлээсэн ч гарч ирээгүй аж. Аравдугаар сарын 6-нд 60 насных нь төрсөн өдрөөр анх удаа түүнийг Саудын Арабын Засгийн газрын захиалгаар хөнөөсөн гэх мэдэгдэл гарсан ч Саудын Арабын тал үүнийг эрс няцааж байв.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп сэтгүүлчийн үхлийн хэрэгт Саудын Арабыг шийтгэх зорилгоор тус улстай хийхээр төлөвлөсөн зэвсгийн наймаагаа цуцлахаа анхааруулсан. Түүнчлэн сэтгүүлчийг Саудын Арабын Засгийн газрын оролцоотой хөнөөсөн нь батлагдвал тус улсын эсрэг хориг арга хэмжээ авч, зэвсгийн худалдаагаа зогсооно гэж мэдэгдсэн билээ.

Жамаль нь Саудын Арабын хааны гэр бүлтэй дотно байсан ч 33 настай ханхүү Мухаммед болон Засгийн газрын эсрэг хамгийн том шүүмжлэгч нэгэн болжээ. Тэрбээр “Washington Post” сонинд Саудын Арабын Засгийн газраас Йемен улсад явуулж буй цэргийн ажиллагаа болон эмэгтэйчүүдийг автомашин жолоодохыг зөвшөөрснийхөө дараа эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгчдийг баривчилсан зэргийг нь шүүмжлэн бичсэн аж.

Жамаль 2017 оны есдүгээр сард Засгийн газраас түүнд ээлжит анхааруулга өгсний дараа эх орноо орхихоос өөр аргагүйд хүрч, АНУ-ыг зорьжээ. Дотны найзууд нь баривчлагдаж, "Al-Hayat" сонин түүний нийтлэлийг хэвлэхээ больсон аж. Саудын Арабаас явж, Истанбулын Консулын газарт алга болох хүртлээ Жамал АНУ, Их Британи, Туркэд амьдарч байжээ.

Саудын Арабын Гадаад хэргийн сайд Адель аль-Жубейр сэтгүүлч Жамаль Хашогги амиа алдсан гэх хэрэгтэй холбогдуулан товч мэдээлэл өгөхдөө түүнийг хороосон тухай мэдээллийг үгүйсгэснээр олон улсын эсэргүүцэлтэй тулгарсан билээ.

Тус улсын эрх баригчид Истамбулын консулын газарт сэтгүүлч Жамаль Хашогги амиа алдсан нь "маш ноцтой алдаа" болохыг тэмдэглээд, эл хэрэгт хаан Салман, угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Салман нар холбоогүй болохыг мэдэгдсэнийг “Reuters” агентлаг уламжилж байв.

CNN агентлаг Туркийн засгийн газрын мөрдөн шалгах ажиллагааны явцад нэгэн эрэгтэй Саудын Арабын консулын газраас сэтгүүлч Хашоггийн хувцсыг өмсөн, хуурамч сахал, нүдний шил зүүгээд гарч буй хяналтын камерын бичлэгийг олж авсан талаар мэдээлсэн билээ.

Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Салман Эр-Риядад болсон хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт дээр “Сэтгүүлчийг хөнөөсөн этгээдүүдийг шүүхэд өгч, хариуцлага тооцуулах болно. Энэ харамсалтай явдал нь нийт Саудын Арабчууд төдийгүй дэлхийн хүн бүрийн сэтгэлийг эмзэглүүллээ. Ийм хэрэг гарах ёсгүй байсан” хэмээн хэлэв.

Саудын Арабын Прокурорын газраас сэтгүүлч Хашоггийг хөнөөсөн хэрэгт 11 хүнийг буруутган шалгаснаас тавыг нь "гэмт хэргийг захиалах, гүйцэтгэх" ажиллагаанд оролцсон хэмээн үзэж, цаазаар авах ялаар шийтгэхээр шийдвэрлэсэн талаар мэдээлсэн. Амиа алдсан сэтгүүлч Жамаль Хашоггийн хүү Саудын Арабыг орхиж, АНУ-д очсон билээ. Өнөөдрийг хүртэл Хашоггийн цогцсыг ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгөөгүй байгаа бөгөөд сэтгүүлчийн биеийг тусгай уусмалд уусгасан байх магадлалтай талаар хэвлэлүүд мэдээлж байв.

Канадын Монреаль хотод оршин суудаг, Саудын Араб гаралтай, нийгмийн идэвхтэн Омар Абдель Азиз гэх идэвхтэн Жамаль Хашоггитой “WhatsApp”-ын мессенжерээр нэг жилийн хугацаанд харилцсан 400 гаруй зурвасаа дэлгэсэн. Хашогги амиа алдахаасаа өмнө илгээсэн зурвасууддаа Саудын Арабын угсаа залгамжлах ханхүү Мухаммед Бин Салманыг “Араатан” хэмээн тодорхойлоод, урдаа тааралдсан бүхнийг залгидаг “Pac Man” хэмээх тоглоомтой зүйрлэжээ.

Хашогги, Абдель нар цахим сүлжээнд Саудын эрх баригчдыг эсэргүүцсэн залуучуудыг нэгтгэсэн “Цахим зөгийнүүд” нэртэй хөдөлгөөн өрнүүлэхээр зэхэж, өөрийн зүгээс хэдэн арван мянган ам.долларын санхүүжилт гаргаж, түүн дээрээ иргэдээс хандив цуглуулж байсан талаар CNN мэдээлсэн билээ.

“Time” сэтгүүл “Washington Post” сонины сэтгүүлч Жамаль Хашоггийг оны онцлох хүнээр нэрлэв. Түүний амиа алдсан хэрэг одоо ч дэлхий нийтийн анхаарлын төвд байж, хариулт нэхсээр байна.

Д.ЭРДЭНЭТУЯА


ХОЙД ХӨРШИД ӨРНӨСӨН 30 ХОНОГ 

2018 оны спортын томоохон үйл явдлын нэг хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/ байв. 21 дэх удаагийн ДАШТ ОХУ-ын Москва, Санкт-Петербург зэрэг 11 хотод зургадугаар сарын 14-нөөс долдугаар сарын 15-ны хооронд болсон юм.

Шилдэг 32 багаас 16 нь хасагдах шатанд үлдэж, Франц, Хорват, Англи, Бельгийн шигшээ баг хагас шигшээд үлдсэн. Тэртээ 1998 онд нутагтаа зохион байгуулсан ДАШТ-ээс анхны цомоо хүртсэн францчууд энэ удаа аваргын алтан медалийг хүртсэн бол түүхэн амжилт үзүүлсэн хорватчууд мөнгөн медальтай гэртээ харьсан. Харин хүрэл медалийг Бельгийн шигшээ баг хүртэж, англичууд дөрөвдүгээр байрт орсон юм.

Хагас шигшээд үлдсэн дөрвөн багаас хамгийн өндөр амжилтаа үзүүлж ДАШТ-ээс анхны медалиа зүүсэн Бельгийн шигшээ баг зургаа дахь цомоо хүртэхээр Орост ирсэн Бразилыг шөвгийн наймд хожиж, нутаг буцаасан юм. Мөн 1998 оны хүрэл медалиа мөнгөн медалиар өнгийг нь хувиргаж чадсан Хорватын шигшээ баг ОХУ-ын багийг хэдэн сая хөгжөөн дэмжигчдийнх нь өмнө хожиж, цааш тоглох эрхээ авсан билээ.

ДАШТ-ийг эхлэхээс өмнө хамгийн муу үзүүлэлттэй байгаа ОХУ-ын багийг хэсгээсээ шалгарах нь хүнд даалгавар хэмээн бичиж байсан. Гэвч ОХУ-ын шигшээ баг ДАШТ-ий нээлтийн тоглолтод Саудын Арабыг 5:0-оор хожиж, гараагаа амжилттай эхлүүлсэн юм. Улмаар хэсгийн хоёрдугаар байраар хасагдах шатанд шалгарч 2010 оны дэлхийн аварга Испанийг торгуулийн цохилтоор хожиж, шуугиан тарьсан юм. Оросуудын энэ ялалтыг шөвгийн наймд хорватчууд мөн торгуулийн цохилтоор зогсоож чадсанаар зохион байгуулагчид цааш тоглох эрхгүй болсон. Гэхдээ энэ удаа орос залуус сайн тоглолтыг үзүүлж, чамгүй олон гоолоор хөгжөөн дэмжигчдээ баярлуулж чадсан юм.

Аргентин, Уругвай, Бельгийн шигшээ багуудыг хасагдах шатанд хожиж, финалд үлдсэн францчуудыг Лука Модрич тэргүүтэй хорватчууд дийлээгүй. Гэхдээ багаа ДАШТ-ий финалд хүргэж чадсан энэ амжилтаараа “Реал Мадрид” клубийн хагас хамгаалагч Лука Модрич оны шилдэг хөлбөмбөгчинд очдог “Алтан бөмбөг” /Ballon d’Or/ шагналын эзэн болсон. Уг шагналыг сүүлийн 10 жилийн хугацаанд Криштиану Роналду, Лионель Месси хоёр тэнцүүхэн хувааж аваад байсан. Тэгвэл “Алтан бөмбөг”-т гурван удаа нэр дэвшиж, 2016 онд тавдугаар байрт орж байсан Л.Модрич дэлхийн аваргад үзүүлсэн амжилтаараа шилдэг нь байж чадлаа.

Мөн ДАШТ-ээс алтан цомтой харьсан Францын залуу од К.Мбаппе ч энэ жилийн залуу хөлбөмбөгчинд очдог “Алтан цом”-ын эзэн болсон юм.

Бүтэн сарын турш хойд хөршид болсон хөлбөмбөгийн ДАШТ-ийг Олон улсын хөлбөмбөгийн холбооноос сайн зохион байгуулсан гэдэг үнэлгээ өгсөн. Мөн бүтэн сарын турш үргэлжилсэн тэмцээнийг 3 тэрбум 572 сая хүн телевиз болон онлайнаар үзэж байсан судалгааг мэргэжилтнүүд гаргасан. Үүнээс гадна Олон улсын хөлбөмбөгийн холбооноос долдугаар сарын 15-д болсон Франц, Хорватын тоглолтыг 1,12 тэрбум хүн телевизээр үзсэн гэж өндрөөр үнэлсэн.

Мэдээж эдгээр өдрүүдэд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинээс гадна хойд хөршид зочилсон Саудын Арабын ханхүү Мухамед бен Салман, Хорватын анхны эмэгтэй ерөнхийлөгч Колинда Грабар Китравич нарын төрийн өндөр албан тушаалтай эрхмүүд дэлхийн хэвлэлийн хуудасны тэргүүн нүүрэнд тамирчдаас илүүтэй заларч байв.

21 дэх удаагийн ДАШТ-д оролцсон 32 багаас онцлох нэгэн баг бол Төв Америкийн бүсээс шалгаран оролцсон Панам улс байлаа. АНУ, Гондурас, Тринадад ба Тобаго улсуудыг ардаа орхин Орост ирсэн панамчууд энэ удаа онцгой гоолтойгоор нутаг буцсан. Хэсэгтээ Англи, Белги, Тунис зэрэг том багуудтай багтсан ч хоёр гоол /Англи, Тунис/ эсрэг багийнхаа хаалганд хийж, дөрөвхөн сая панамчуудаа баярлуулж чадсан юм. Хөлбөмбөгийн төлөө сэтгэл зүрхээ гарган ажиллаж чадсанаар Панамын ард түмэн ДАШТ-д багаа үдэж, мөн анхны гоолтойгоо Оросоос ирсэн түүхийг бичсэн.

Ази тивийн орнуудаас Японы шигшээ баг шөвгийн 16-д үлдэж, Бельгид 3:2-оор дийлдсэн. Мөн БНСУ-ын шигшээ баг хэсэгтээ хоёр хожигдсон ч сүүлийн тоглолтод дэлхийн дөрвөн удаагийн аварга Германыг хожиж, шуугиантайгаар тэмцээнээ өндөрлүүлсэн юм.

Дэлхийн сая сая хөгжөөн дэмжигчдийн зүрх сэтгэлд баяр бахдал, уйтгар гунигтайгаар үлдсэн хөлбөмбөгийн ДАШТ монголчуудын хувьд ч онцгой тохиолтой байсан.

ДАШТ-д түрүүлсэн хөлбөмбөгчин, эсвэл тухайн улсын ерөнхийлөгч гар хүрэх эрхтэй байдаг “Алтан цом” энэ жил таван тивийн 50 улсын 63 хотоор зорчихдоо Улаанбаатарт саатсан нь онцлох үйл явдал байлаа. Өндөр хамгаалалт дор ирсэн “Алтан цом”-т Ерөнхийлөгч Х.Баттулга гар хүрч энэхүү цомд хүрсэн анхны монгол хүн болсон юм. Мөн хойд хөршид болсон хөлбөмбөгийн ДАШТ-д Монголын хоёр хүүхэд олон улсын сургалтад хамрагдаж, Коста-Рика болон Швейцарын тоглолтын бөмбөгний хөтөч хүүхдээр Ө.Анар шалгарсан зэрэг онцгой үйл явдлууд тохиолоо.

Хойд хөршид өрнөсөн 30 хоногт дэлхийн сая сая хөгжөөн дэмжигчид баяр баясал, ялалт, ялагдалын дор нэгдэж байлаа. Одоо хөлбөмбөгийн үнэнч фанатууд 22 дахь удаагийн ДАШТ-ийг өвөл үзэхэд бэлдэх юм. Тодруулбал, Катарт 2022 онд болох ДАШТ арваннэгдүгээр сарын 21-ээс арванхоёрдугаар сарын 18-ны хооронд болохоор болж, анх удаа хөлбөмбөгийн ДАШТ өвөл болохоор болсон.

Ч.БОЛОРЧУЛУУН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж