Олон нийтийн сүлжээгээр нэг хэсэг түгсэн доорх пост 1300 хол давсан коммент, 21 мянган лайк, 12 мянган шэйр хийгджээ. Та бүхэн санаж байгаа бол манай сэтгүүлч өнгөрсөн Цагаан сарын өмнө тус бүтээлийн эзэнтэй уулзаж сурвалжлага хийж байсан юм. Тухайн үед тус бүтээлийн хөгжүүлэлт, туршилт судалгаа ид дундаа явж байсан болохоор бид битүү хатуу нийтлэл бичээд орхисон юм. Нийтлэлийг ЭНД дарж уншина уу
Ариунбат гэдэг залуу гайхамшгийг бүтээжээ. Удахгүй тэсрэлт болно.6 жилийн турш хөгжүүлэлт хийж туршилт амжилттай…
Posted by Azjargal Sambuu on Sunday, July 1, 2018
Тэгвэл энэхүү бүтээлийг олон нийтэд танилцуулахад бэлэн болжээ. Бүтээлийн эзэн Ц. Ариунбаттай ярилцлаа.
-Сайн байна уу. Бид хоёр уулзсанаас хойш нэлээд хугацаа өнгөрчээ. Бүтээл бэлэн болсон уу. Өнгөрсөн хугацаанд юу амжуулав, шинэ содон мэдээ байвал манай уншигчидтай хуваалцахгүй юу?
-Сайн. Сайн байна уу. Та бид хоёр уулзсанаас хойш манай хамт олон нэлээд ажил амжууллаа. Олон түмэнд сонирхуулах, тэднийг баярлуулах мэдээ ч олон байна. Юуны түрүүнд, бид “Ахуйн бохирдлыг боловсруулан ашиглах технологи” /АББАТ/ төхөөрөмжийн хөгжүүлэлт, сайжруулалтаа үндсэндээ хийж дуусгалаа.
Налайх, Багануурын нүүрснээс өндөр илчлэгтэй шатдаг хий гарган авч шинжлүүлсэн. Мөн төв цэвэрлэх байгууламжаас шингэн болон хатсан лаг авчирч, хий гаргаж шинжлүүллээ. Бас ахуйн хатуу хог хаягдлаас хий гарган авлаа. Маш сайн үр дүн гарсан. Технологийн явцад ялган гарсан үнс шороо хоосон эрдсээр нь замын хавтан гарган авлаа. Шинжилгээг ЭНД дарж үзнэ үү.
-Бүтээлийнхээ талаар тайлбарлаж өгөхгүй юу?
-АББАТ төхөөрөмж нь нүүрстөрөгч агуулсан органик бодисыг хүчилтөрөгчгүй орчинд өндөр температураар маш богино хугацаанд дулааны задралд оруулж, өндөр нэгдэлт молекулуудыг задалж, бага нэгдэлт молекулт бодис болгож байгаа юм. Ингэснээр нийлмэл байсан бодисууд дан дан бүтцээр салж хий, шингэн, хатуу биет гэсэн гурван хэсэгт хуваагдах юм. Үүний дараа төхөөрөмжийн турбин руу бүгд холилдон орж, шингэн нь дахин задралд орж, хийн төлөвт шилжиж, гурван төрлийн бодис хатуу болон хий болж байгаа юм. Хийтэй дагалдах хорт бодис болох хүхэр бусад диоксинуудыг шохой болон бусад уусмалаар шүүн угааж, бэлэн бүтээгдэхүүн болгоно. Харин хатуу үлдэгдэл нь турбины ажлын горимоос шалтгаалж, их бага нь тодорхойлогдоно. Гарсан хатуу үлдэгдлийг хөвүүлэн баяжуулалт буюу флотаци хийж хоосон эрдэс үнснээс нь коксыг хөөсрүүлэн ялгаж авах юм. Ингэснээр цэвэр кокс гарган авах ба хөөсний устай холилдсон шингэн коксыг гарган авч байгаа юм.
-Шингэн кокс юунд хэрэгтэй юм бэ?
-Шингэн кокс нь маш цэвэр түлш бөгөөд шаталтаас ямар ч утаа хорт бодис ялгарахгүй бөгөөд байгалийн хий шатааж байгаатай адил юм. Гол нь маш сайн экологийн шинэ төрлийн түлш юм. Нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудыг дэлхий нийт маш их бохирдолтой гэж үзэн хааж байгаа бол энэ түлш гарснаар нүүрс эргээд эрэлт хэрэгцээтэй болох юм. Өөрөөр хэлбэл, шингэн кокс бол маш их ирээдүйтэй түлш болж байгаа юм.
-Та бүхэн шинэ төрлийн түлш нээсэн гэсэн үг үү?
-Одоогоор бусад оронд коксоор шингэн түлш хийж байгаа туршлага алга байна. Учир нь, зардал өндөр. Зүгээр түүхий нүүрсийг буталж, маш нарийн ширхэгтэй нунтаг 50 мкм хүртэл /1мм-ийг 20-д хуваасантай/болгоод устай хольж, суспенз болгоод цахилгаан станц болон жижиг дулааны станцад ашиглаж байгаа юм. Гол нь шингэн болгоход маш их зардалтай бас нунтаглах явц нь технологийн хувьд маш их хүндрэлтэй байгаа юм. Тэгээд ч түүхий нүүрсэнд агуулагдах элдэв хорт элементүүд нь үлддэг учир дутагдалтай юм.
-Тэгвэл хийний талаар тайлбарлахгүй юу. Яг ямар учиртай хий гараад байгаа юм?
-АББАТ-аас гарч байгаа хий нь устөрөгч 55 орчим хувь, нүүрстөрөгчийн дан исэл 27 орчим хувь, метан 10 орчим хувь гарч байгаа синтетик хий юм. Энэ хийг цааш нь янз бүрийн технологийн хэрэглээнд ашиглаж болох ба хамгийн энгийн хэрэглээ гэхэд дулаан гаргах ахуйн газан хэрэглээнд ч ашиглах боломжтой юм. Мөн хийгээр ажилладаг генератораар цахилгаан гаргах боломжтой. Гэхдээ энэ хиймаш үнэ цэнэтэй түүхий эд учир уг хийг фишер тропшийн процессыг ашиглан төмрийн катализатороор шингэрүүлэх замаар шатахуун, дизель түлш гарган авах зорилгоор ашиглахад тохиромжтой юм. Харин дулааны хувьд дээр хэлсэн шингэн кокс нь хамгийн зохимжтой хувилбар юм.
-Тэгээд энэ төхөөрөмж огт хаягдалгүй болж таарах нь ээ?
-Тийм ээ. Хаягдал огт байхгүй. Бүх төрлийн хог хаягдал, хүний ялгадас, хог, нүүрс ер нь органик нэгдэл бүхий бүх төрлийн түүхий эдийг боловсруулна. Нүүрс хогонд дагах үнс шороо зэргийг нь замын хавтан болгоно.
-Гайхалтай юм аа. Тэгэхээр АББАТ-аар бид яг яаж утаанаасаа, хөрсний бохирдлоосоо, хогноосоо, мөн шороон замаасаа салах вэ. Дулааны зардал нь өрхүүдэд хэр үнэтэй тусах бол?
-Улаанбаатар хотод 400 орчим ширхгийг суурилуулахад бүх асуудлаасаа салах юм. Өөрөөр хэлбэл, 500 айлын дунд нэг АББАТ тавигдах ба 500 айлыг 10 хэсэгт 50 айлаар хувааж дунд нь дэд бүтцийг нь холбох юм. Гэр хорооллын бүх айлыг бие даасан дэд бүтэцтэй холбоно. Дулааны зардлын хувьд орон сууцны дулааны үнээр нийлүүлэх бүрэн боломжтой. Иргэд ахуйн хог, хаягдал, бохирын лагаа дулааны үнэдээ тодорхой хэмжээгээр тооцуулах бүрэн боломжтой.
-Гэр хороололд байгаа айлуудын тал орчим хувь нь монгол гэрт, байшинд амьдарч байна. Байшин нь дулаан алдагдал ихтэй шүү дээ. Энэ асуудлыг судалж үзсэн үү?
-Манай хамт олон 2016 оноос эхлэн модон бүтээгдэхүүний цогцолбор үйлдвэр барьж ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Барилгын ажил үндсэндээ шувтрах шатандаа орлоо. Нийт 12 мянган метр квадрат барилга.
Энэ үйлдвэр ашиглалтад орсноор ОСП хавтан МДФ хавтан үйлдвэрлэхээс гадна угсардаг орлогод нийцсэн хувийн орон сууц үйлдвэрлэх юм. Түүнчлэн хувийн сууцанд шаардагдах хаалга үүд тавилга шал цонх гэх мэт бүгдийг нэг дор үйлдвэрлэж, хямд өртөгтэй, дулаан алдагдал маш бага сууцыг олноор үйлдвэрлэж нийлүүлэх юм. Нийт 36 төрлийн загварын байшин байна. Бүх сууц нарны халаагууртай инженерийн бие даасан дэд бүтцийн шийдэлтэй, мөн түүнчлэн бүх тавилга нь дагалдана.
-Энэ байшин их таалагдаж байна. Зусланд ч, хөдөө, орон нутагт ч, хаана ч барьж болох юм байна. Үнэ өртгийн хувьд ямар байх бол. Угсрахад хэр хугацаа орох вэ?
-Тийм ээ, хаана ч барьж болно. Үнийн хувьд зураг дээрх байшин тооцоогоор 30 орчим сая төгрөг болох байх. Нарийн тооцоог үйлдвэр ашиглалтад орж байж гарна. Найман хүн таван цагийн дотор байшингаа угсарч байсан. Харин дотор гадна засал энэ тэрийг нь 5-6 хоногт хийх байх, барилгачдын ур чадвараас шалтгаална
-Таныг Японд очиж бүтээгдэхүүнээрээ үзэсгэлэнд оролцсон гэж байсан?
-Өнгөрсөн жил Токио хотын Биг сайт үзэсгэлэнд зохиогддог барилгын материалын үзэсгэлэнд өөрийн бүтээгдэхүүнээрээ оролцсон юм. Бүтээгдэхүүнүүд маань япончуудад маш их таалагдсан. Японы нэг компани бүгдийг нь худалдан авсан. Мөн Японы модон эдлэлийн холбооны дэд ерөнхийлөгч Ишимори бидэн дээр ирээд тус холбооны их хурлын үеэр болох үзэсгэлэнд оролцохыг урьсан юм. Бид урилгыг хүлээж авч, тус үзэсгэлэнд мөн оролцож бүтээгдэхүүнээ амжилттай борлуулж, мөн шагнал авсан юм. Японы талаас манай компанийг маш их сонирхож, өнгөрсөн аравдугаар сард нэг компанитай хамтын ажиллагааны гэрээ байгуулж, хувьцааныхаа 1,78% -ийг өгөөд ирсэн мөн бүтээгдэхүүн борлуулах эрхийг өгсөн юм.
-Танай хамт олон бидний өмнө тулгараад байгаа бараг бүх асуудлыг шийдэх гээд чимээгүйхэн зүтгэж байгаа юм байна шүү дээ? Яаж ийм олон ажлыг амжуулж нугалж байна даа?
-Мэдээж, маш их хүч хөдөлмөр, цаг, хөрөнгө орж байгаа. Тэглээ гээд бидэнд зогсох эрх байхгүй. Бидний өмнө утаанд хордож байгаа үр хүүхдүүд, ирээдүй маань байна. Би хамт олондоо нэг зүйлийг хэлдэг юм өдөр болгон хүүхдүүд, ард олон маань утаанаас болж амь нас нь эрсдэлд орж байна.Тиймээс бидэнд ядрах эрх байхгүй гэж. Манай хамт олон ч бүгд юу хийж байгаагаа сайн ойлгож байгаа учраас цаг наргүй ажиллаж байна даа. Ер нь шинээр зохион бүтээж хийнэ гэдэг маш их тэвчээр, судалгаа, цаг үрсэн ажил. Бид энэ төхөөрөмжөө бүтээхийн тулд үндсэндээ найман жил зарцуулж байна. Судалгаанд дөрвөн жил, зураг төсөлд хоёр жил, туршихад хоёр жил болж байна. Одоо ч сайжруулалт хийж, АББАТ-ын гурав дахь хувилбар дээр явж байна. Нэг асуудлыг ойлгох хэрэгтэй. Бидний хийж байгаа төхөөрөмж бол туршилтын загвар төгс болгоход үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд хугацаа, хөрөнгө мөнгө мэдээж орно. Бид одоогоор маш хязгаарлагдмал нөөц бололцоонд тулгуурлаж хийж байна. 100 хувь хүссэн хэмжээндээ зургийн дагуу хийхэд техникийн боломж хүрэлцэхгүй байх асуудал зөндөө гарч байна. Гэвч яаж ийж байгаад технологийг нь гарган авах нь чухал учир зарим нэг асуудлыг монголчлох аргаар давж туулж байна.
-Сүүлийн 20-оод жил бид утаа ярьсан, их хөрөнгө мөнгө үрсэн ч үр дүн гараагүй. Таны бодлоор бид юунд алдсан бэ?
-Бид чинь дэлхийн хамгийн хүйтэн оронд амьдарч байна. Мөн бидний ахуй монгол гэр сууц. Ийм амьдралын хэв маяг нөхцөлийг дэлхийн хаана ч байхгүй шүү дээ. Тиймээс дэлхийн эрдэмтэн зохион бүтээгч нар бидэнд зориулж толгойгоо гашилгаж манайд тохирсон техник технологи зохиох болов уу? Хэрэв гарц шийдэл байсан бол хэн нэг аавын хүү гаднаас оруулж ирээд шийдэх байлаа. Бүх бурууг төр, засаг руу хандуулах нь учир дутагдалтай ч юм. Ямар ч мундаг ерөнхий сайд, ерөнхийлөгч байгаад мөнгө байгаад шийдэж чадахгүй шүү дээ. Яагаад гэвэл бидэнд манай ахуй онцлогт тохирсон технологи алга байна.
Таны ширээн дээр байгаа энэ дөрвөн шилтэй юм юу вэ?
Энэ бор шаргал нь 58%-ийн агуулгатай 4%-ийн хүхэр агуулсан төмрийн хүдэр, том ширхэгтэй саарал нь 86%-ийн агуулгатай шууд ангижруулсан төмөр, нөгөө хоёр нь 99,8% хувийн төмөр. Би судалгааны ажил хийх явцад өнгөт болон хар төмрийг гарган авах технологийг сонирхож байсан юм. Яагаад гэвэл устөрөгч болон нүүрстөрөгчийн дан исэл нь металлыг ангижруулахад ашигладаг ба сүүлийн үед шууд ангижруулах технологи эрчимтэй хөгжиж байгаа юм. Өнгөрсөн зун манай найз надад төмрийн хүдэр авчирч өгөөд хүхрийг нь багасгах талаар судалж өгөөч гэсэн юм л даа. Тэгээд би АББАТ төхөөрөмжид оруулж үзсэн юм тэгээд их боломжийн үр дүн гарсан юм. Хамгийн гол нь хүхэр нь маш их багассанаас гадна төмрийн оксид маань шууд төмөр болсон юм. Ингээд хэд хэдэн удаа туршилтыг янз бүрээр хийж байгаад төхөөрөмжөө өөрчлөхөөр шийдэж дээр ярьсан 3 дахь хувилбар луугаа орсон юм. Ямар ч байсан онолын хувьд болно гэдгийг мэдэж байсан учир технологийн асуудал үлдэж байгаа юм л даа.
-АББАТ чинь бас төмрийн хүдэр боловсруулах боломжтой юм уу?
-Зөвхөн төмрийн хүдрээр зогсохгүй хар болон өнгөт металлыг гарган авах боломж нээгдэж байгаа юм. Өөрөөр хэлбэл шууд хүдрээс цэвэр металлыг гарган авах юм. Үйлдвэрлэлийн олон шат дамжлага алга болно гэсэн үг.
-Би ерөөсөө сайн ойлгож өгөхгүй байна л даа? Бид чинь өчнөөн олон жил цэвэр зэсийн үйлдвэртэй болох гэж мөрөөдсөн дотооддоо түүхий эдээ боловсруулах талаар маш их ярьсан Таны энэ технологи тийм боломжийг авчрах юм гэж үү?
-Мэдээж одоо хийж байгаа ажил маань амьдралд хэрэгжээд ирвэл Монголчууд бидний өмнө маш сайхан боломж нээгдэх юм. Англи улсад анх уурын хөдөлгүүр гарснаар аж үйлдвэрийн хувьсгал эхэлж хөгжлийн шинэ шатанд гарч байсан түүх бий шүү дээ. Бидний эргэн тойронд бидний өнөөдөр хэрэглэж байгаа гар утас унаж байгаа машин бүгд инженер эрдэмтдийн бүтээл шүү дээ. Одоо дэлхий маань маш хурдацтай хөгжиж байна металл боловсруулах салбарт маш том үсрэнгүй хөгжил ирж байна. Түүний нэг тод жишээ бол 3D метал принтер.
Хуучин технологиор токарь юм уу, фрезерийн машинаар нэг эд анги хийх гэж 50 орчим хувийн металлын хаягдал гаргаж, маш их цаг, хүн хүч зарцуулдаг байсан бол одоо эдийн засгийн асар их хэмнэлтийг дээрх технологи бий болгож байгаа юм. Гэхдээ хамгийн гол нь дээрх технологийн түүхий эд маш үнэтэй байгаад асуудал оршиж байна. Өөрөөр хэлбэл, металлургийн салбарын хөгжил жаахан хоцроод байгаа юм л даа.
-3D принтер гэж уншиж байсан юм байна. Гэхдээ хуванцраар л хэвлэдэг гэж ойлгож байсан бүх төрлийн металлаар болдог юм байна. Түүхий эдийн үнэ нь хэд байдаг юм бол?
-Одоогийн технологийн боловсруулалтаар нунтаг төмөр нь /atomized powder iron/ 1 тонн нь 30 орчим мянган ам.доллар байгаа. Нунтаг зэс болон өнгөт металлууд мэдээж бүр үнэтэй байгаа юм.
-Таны технологи энэ нунтаг металл гаргах юм байна. Тийм үү?
-Тийм. Бид төмрийн хүдрийг Хятад руу тонныг нь 50 орчим ам.доллараар гаргаж байгаа бол боловсруулбал тонн нь 30 мянган ам.доллар болох боломжтой болно. Хэрэв эд анги, деталь хийвэл бүр их ашигтай болох юм.
-Манай улс жилд гурван сая гаруй тонн төмрийн хүдэр гаргадаг гэсэн статистик байна. Тэгэхээр энэ төмрийн хүдрийг боловсруулахад хэдэн тонн нунтаг төмөр гарах вэ?
-Ойролцоогоор 1,7 сая байх.
-1,7 саяыг 30 мянгаар үржүүлэхэд 51 тэрбум ам.доллар болно. Манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүн чинь 10 тэрбум ам.доллар биз дээ?
-Энэ бол зөвхөн төмрийн хувьд бусад олон төрлийн хүдрийг боловсруулах боломж харагдаж байгаа. Би хэлсэн шүү дээ. Бүх төрлийн өнгөт металл хар металлыг цэврээр нь гаргах гэж.
-Байгаль орчинд хэр хор нөлөөтэй технологи болох вэ?
-Энэ технологи байгаль орчинд ямар ч хоргүй, хаягдалгүй маш цэвэр технологи
-Сүүлчийн асуулт. Бид яагаад хөгжихгүй байна вэ? 28 жил зах зээл, ардчилал гэж явлаа. Хүсэн хүлээсэн үр дүн гарахгүй, ард иргэд тун хэцүүхэн амьдарч байна шүү дээ?
-Хүн, хүн өөрийн өнцгөөс тайлбарлах байх л даа. Миний хувьд юу гэж харж байна вэ гэхээр бидэнд чадвар мэдлэг, зохион байгуулалт дутагдаж байна. Манай аж ахуй нэгжүүд бараг бүгд маш бага ашигтай ажиллаж байна. Түүний нэг тод илрэл ажилчдад очиж байгаа цалин. Бид өөрсдөө маш бага юм бүтээж, бүтээсэн юм нь өндөр зардалтай, өрсөлдөх боломжгүй байна. Тиймээс жаахан хуримтлагдсан төсвийн хөрөнгө оруулалтын ажлуудыг авах гэж улс төрийн дайн болж байна шүү дээ. Хувийн бизнес хийгээд ашиггүй учир бүгд төрийн албан хаагч болох гэж зүтгэж байна. Энэ ч тэдний буруу биш л дээ. Бидэнд шинжлэх ухаан, технологи алга. Бодит байдал дээр тавчиг шаахай барьсан ерөнхий сайдуудтай байна шүү дээ. Бидний хүсч мөрөөдөөд байгаа барууны ертөнцөд шинжлэх ухаан, технологи байна. Тэд гар утсыг 50 ам.доллараар хийгээд 1000 ам.доллараар дэлхий даяар зарж байна. Ийм өндөр ашиг хийж байхад ажилчдадаа 3-4 мянган ам.долларын цалин өгөх асуудал биш шүү дээ. Бид бүгдээрээ тэдний юмыг авч ашигладаг улс болж хувирсан болохоос биш өөдөөс нь өгөх, гялтайх юмгүй сууж байна шүү дээ. Тэд материалын хэрэглэгчид болохоор манайх шиг орноос газрын баялгийг хэдээр авахыг тэд л үнэ тогтооно. Тиймээс бид хэчнээн их баялгаа гаргаад амжилтад хүрч баян тансаг болохгүй. Хэрэв бид өөрсдөө зохиогоод бүтээгээд тэр нь дэлхийд эрэлт хэрэгцээ болж, дэлхийн эдийн засгийн интеграцичлалд хөл нийлүүлэн алхах юм бол хамгийн хөгжилтэй улс болоход тун амархан юм. Хувийн бизнес ашигтай болоод ирвэл ер нь хэн төрийн албан хаагч, улстөрч болохыг хүсэх билээ дээ.
-Сонирхолтой ярилцлага өгсөнд танд баярлалаа. Танд болон танай хамт олонд ажлын өндөр амжилт хүсье.
-За баярлалаа. Монгол Улс маань тун удахгүй хөгжлийг авчрах өөрийн гэсэн технологитой болох гэж байна. Нийт ард түмэндээ ирж буй шинэ оны гал халуун мэндийг хамт олныхоо өмнөөс хүргэе.
PS: Бүхэл бүтэн улс орны хөгжлийн асуудал ард иргэдийнхээ эрүүл таатай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхээр энэ хамт олон бор зүрхээрээ өөрсдийн итгэл сэтгэлд тулгуурлан бид бүхний хойч үеийн төлөө чимээгүйхэн хөдөлмөрлөж, зүтгэж байгааг хараад үнэхээр сэтгэл огшихгүй байж чадсангүй. Монгол Улсын маань нэн шинэ түүхэнд бид анх удаа өөрсдөө өндөр хэмжээний шинэ технологийг өлгийдөн авах цаг асуй. Бидний монголчууд дунд ийм сэтгэлтэй олон олон залуус байгаа нь дамжиггүй юм. Бурхан хүнийг бүтээсэн, инженерүүд бусдыг нь бүтээсэн гэж сонсож байсан юм байна. Тиймээс хөгжиж дэвшье гэвэл бид үр хүүхдээ инженер, зохион бүтээгч, химич, физикч болгох хэрэгтэй юм байна. Сүүлийн 28 жил бид ямар боловсон хүчин бэлдсэн бэ? гэдэг асуудлыг Та бүхэндээ үлдье.
Монголчуудын маань итгэл сэтгэлийн галыг асаах энэ хамт олондоо нийт монголчуудынхаа өмнөөс ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ.