Оны онцлох дотоод ТАВАН үйл явдал

Хуучирсан мэдээ: 2019.01.01-нд нийтлэгдсэн

Оны онцлох дотоод ТАВАН үйл явдал

НЬЮС агентлаг 2018 онд Монгол Улсад өрнөсөн “Оны онцлох үйл явдал”-ыг нэрлэж байна.


ХОЁР ЕРӨНХИЙ САЙДЫГ НЭГ ӨДӨР БАРИВЧЛАВ

Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг 2018 оны дөрөвдүгээр сарын 10-нд АТГ-аас гэрчээр дуудаж ирүүлээд сэжигтнээр тооцон нэгэн зэрэг баривчилсан нь оны дуулиан болоод онцлох үйл явдлын нэг яах аргагүй мөн билээ.

Энэхүү алдарт баривчилгааны талаар тухайн үед АТГ-ын өгсөн албан ёсны тайлбар нь “Оюутолгой төслийн хүрээнд Монголын Засгийн газар болон  “Айвенхоу Майнз Монголия Инк” ХХК, “Айвенхоу Майнз Лимитед”,“Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед” компанийн хооронд 2009 оны аравдугаар сарын 6-ны өдөр байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ, хувь нийлүүлэгчдийн гэрээ, 2015 оны тавдугаар 18-ны өдөр Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг батлахад нэр бүхий албан тушаалтнууд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, илт хууль бус шийдвэр гаргаж, бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан байж болзошгүй хэрэгт 2007-2009 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баяр, 2014-2016 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ч.Сайханбилэг нарыг холбогдуулан шалгаж байна” гэх үг.

Нийтдээ хоёр сар шахам  цагдан хоригдсон тэднийг 2018 оны зургадугаар сарын 8-нд  батлан даалтад гаргасан бөгөөд АТГ-ын тэрхүү баривчилгааг “нэн шинэ үеийн хэлмэгдүүлэлт эхэллээ” гэсэн шүүмжлэл дагалдаж байв.

Дубайн гэрээ гэх толдотголтой Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтын төлөвлөгөөг байгуулсныхаа төлөө яллагдагчаар татагдсан  Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар болон УИХ, Засгийн газрын нийт гишүүдэд хандаж шоронгоос захидал бичихдээ “Ерөнхий сайдаар ажиллаж байсан хоёр ч хүн үүрэгт ажлаа гүйцэтгэж, Үндсэн хуулиар олгосон бүрэн эрхээ хэрэгжүүлж, УЛС ТӨРИЙН ШИЙДВЭР гаргасныхаа төлөө урт хугацаанд хоригдох залхаан цээрлүүлэлт “Вышинский”-н аргын амьд хохирогч болж байгаад” харамсч буйгаа илэрхийлж байлаа.  Тэднийг саатуулан хорьсон өдрүүдэд ердөө 2-3 удаа л байцаалт авсан талаар өмгөөлөгчид нь хэвлэлд мэдээлж байсан юм.

Мөн АТГ-ын алдарт баривчилгаанд Сангийн сайд асан С.Баярцогт, “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан, Татварын ерөнхий газрын дарга асан Б.Ариунсан, ТЕГ-ын Татварын удирдлага, хамтын ажиллагааны газрын дарга асан Б.Бадрал нар өртөж, 30-75 хоног цагдан хоригдсон юм. Оюутолгойгоор “овоглосон” энэ хэрэг ирэх онд хэрхэн өрнөх нь бас таашгүй.

Ж.НЯМСҮРЭН


УЛСТӨРЧДИЙН ТӨГС АВЛИГЫГ ИЛЧИЛСЭН ЖДҮ

Улиран одож буй 2018 онд улс төр, эдийн засгийн хүрээнд маш том “бөмбөг” тэсрэв. Энэ бол УИХ-ын гишүүд болон тэдний хамаарал бүхий этгээд мэдээлэлд ойр, давуу байдлаа ашиглан ЖДҮХС-аас зээл авсан явдал байлаа. Бүр тодруулбал, УИХ-ын 14 гишүүн, хоёр сайд, төрийн болон бусад агентлагийн дарга нар зээл авсан нь ил болсон. Чухам  үүнээс болж өнөөдөр МАН хоёр хуваагдаж, биесээ ЖДҮ-чин мөн, бишээр нь цоллож сууна. Эхнээсээ ч хариуцлагаа хүлээж, хоёр ч сайд ажлаа өгсөн. Түүгээр зогсохгүй одоо энэ хэргийг хуулийн байгууллага шалгаж, хамгийн сүүлд гэхэд УИХ-ын нэр бүхий гишүүдийг түдгэлзүүлэх санал УИХ-д оруулна гэдгээ мэдэгдсэн. Хооронд нь гинжээр холбогдсон мэт түдгэлзүүлэх цуваа цаашид ч үргэлжилнэ гэдгийг АТГ мэдэгдэж буй.

Хэрэг явдлыг эргэн сөхвөл, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяанд Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан бий. Энэ сангаар дамжуулан жижиг, дунд орлоготой үйлдвэрлэлийг дэмжих, хөгжүүлэх зорилгоор аж ахуй нэгж, иргэнд жил бүр зээл олгодог. Гэхдээ энэ жилийн хувьд авсан эзэд нь жирийн иргэн, аж ахуй нэгж гэхээс илүү УИХ-ын гишүүд, Засгийн газрын сайд нар өөрсдийн эзэмшдэг компанидаа 950 сая орчим зээлийг авсан байгаа юм. Яг л зохион байгуулалттай, ижил үнийн дүнтэйг тараасан мэт. Гишүүд болон сайд нар өөрөө болон өөрийн хамаарал бүхий этгээдийн компанидаа зээл авсан мэдээлэл олон нийтэд ил гарсан. Аливаа бүртгэлийн систем онлайн болсон учраас энэ мэдээллийг дурын хүн ороод харах боломжтой, хэн гэдэг УИХ-ын гишүүн ямар компанидаа зээл авсан нь тодорхой гарч ирсэн. Олны хэл аманд өртөж эхлэнгүүт зарим гишүүн нь авсан зээлээ өдөрт нь буцааж төлж, ард түмнээс уучлал гуйгаад өнгөрсөн нь ч бий. Хамгийн харамсалтай нь, гуравхан хувийн хүүтэй зээл авчхаад өөрийн банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулан өндөр хүүтэй зээл олгож байсан тохиолдол ч бийг хуулийн байгууллага сануулж буй. Хэрэв энэ үйлдэл нь нотлогдвол УИХ-ын гишүүнээсээ өөрийн хүсэлтээр татгалзах ч багадахаар. УИХ-ын гишүүд сайд, дарга нар өөртөө, өөрийн хамаарал бүхий компанидаа ЖДҮХС-ийн зээлийг аваагүй, жинхэнэ эзэд нь зээлд хамрагдсан бол хэдэн ажлын байр бий болох, хэдэн хүний амьдрал, амьжиргаа дээшлэх байсан бол…

Зөвхөн ил гарч, олонд мэдэгдсэн нь ЖДҮ. Үүнээс цаана Засгийн газрын 29 сан бий. Энэ сангуудаар дамжуулан олгодог зээл, буцалтгүй, эргэн төлөлтгүй зээлүүд ч бий. Тэр бүгдийг өнгөрсөн хугацаанд сонгогдсон гишүүд, сайд нар авдаг байсан бол яах вэ. Аль нам нь Засгийн эрх барьж байгаагаас шалтгаалан намынхандаа, сайд нартаа, гишүүддээ зээл олгодог байгаад тэр нь энэ удаад л илэрсэн бол яах вэ. Засгийн газраас эдгээр 29 санд шалгалт хийж буй. Гэхдээ энэ шалгалтын дүн эцэслэгдэхгүй байсаар шинэ онтой золгож байна. Яг л ЖДҮ-г ил гаргаж, олны анхааралд оруулсан шиг энэ сангуудыг бүгдийг нь шалгаж, шалгалтын дүнгээ олон нийтэд мэдээлэх хэрэгтэй. Ингэж байж төрөөс санхүүждэг, орлогождог, төрд байгаа эрх мэдлээ ашиглан хөлжигсдөд чөдөр, сануулга болно.

Засгийн газрын сангууд бол зөвхөн улстөрчдийн бидний нүднээс далд хийдэг төгс санхүүгийн орлого нь байж, сонгуулиар хэдэн сая, тэрбумаар нь зарцуулаад түүнийгээ энэ мэт сангаар дамжуулан авдаг байж гэж хардмаар. Чухам иймээс л төрд шургалагчид хөлжиж, жинхэнэ эзэддээ хүрэх ёстой төрийн үйлчилгээ, хүртээмж нь тэг зогсолттой өдийг хүрч. ЖДҮ бол цаашид тэг хүртээмжийг нэмэгдүүлэх, сан нэрээр санхүүжигчдийг таслан зогсоох, эсвэл төрийн мөнгөнд хүссэнээрээ, давуу байдлаа ашиглан гар дүрдэггүй байх том сануулга, анхааруулгыг өгсөн улиран одож буй оны онцлох үйл явдал байлаа.

Ш.ОЮУНЧИМЭГ


ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ ӨМНӨ БАЙГААГҮЙГЭЭР ТЭЛЛЭЭ

2018 онд Монголын хөрөнгийн зах зээл тун идэвхтэй, хөрөнгө оруулагчид завгүй жил байлаа.

“2018 онд хувьцааны зах зээл идэвхтэй байна” хэмээн 2017 онд үнэт цаасны компаниудын шинжээчид таамаглаж байсан нь биеллээ олов. 2017 онд хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 65.3 хувиар өсөж 2.44 их наяд төгрөгт хүрч, "Жинст Увс", "iTools" компаниудын хувьцааны эрэлт өндөр байсан.

Тэгвэл 2018 онд хөрөнгийн зах зээл өмнөх оныхоос илүү тэлж, дотоодын олон компани IPO-г амжилттай гаргалаа. Оны эхэнд гэхэд л банк бус санхүүгийн салбарын нэг, даатгалын салбарын хоёр аж ахуйн нэгж IPO гаргажээ. Энэ нь банкнаас бусад санхүүгийн салбаруудын өөр хоорондын үйл ажиллагааны уялдаа, нэгдмэл, уян хатан байдал тухайн салбарын өсөлт, хөгжлийн нэг хүчин зүйл болсныг бүрэн илтгэнэ.

Ялангуяа даатгалын салбарт IPO гаргана гэдэг нь зах зээлийн дэвшил юм. Санхүүгийн зах зээлийн тулгуур гурван багана нь банк, даатгал, хөрөнгийн зах зээл гэж үздэг. Монголд банк хангалттай хөгжсөн байхад даатгал, хөрөнгийн салбар хангалттай хөгжөөгүй энэ үед  даатгалын компани IPO гаргаж байгаа нь хөрөнгийн салбарт нэгэн шинэ хуудсыг нээсэн онцлох үйл явдал байлаа. Даатгалын салбар хөгжих томрох хэрээр мэргэжлийн хөрөнгө оруулагч бий болно.

“Мандал даатгал” компани салбартаа анх удаа хувьцаагаа нээлттэй арилжаалж, Монголдоо төдийгүй Азийн тавцанд өрсөлдөх даатгал, санхүүгийн олон улсын брэндийг бий болгож, түүнээс бий болох үр ашгийг нь олон түмэнд хүртээх гэж нээлттэй компани болох хэлбэрийг 2018 оны эхэнд сонгов. “Мандал даатгал” ХК нь нийт хувьцааныхаа 25 хувийг олон нийтэд санал болгож 7.4 тэрбум төгрөгийг олон нийтээс татан төвлөрүүлсэн бөгөөд нийтдээ 1,916,207 ширхэг хувьцаа худалдан авах захиалга ирүүлсэн нь олон нийтэд санал болгосон дүнгээс 23 хувиар давсан үзүүлэлт боллоо. Ингэснээр “Мандал даатгал” ХК нь даатгалын салбарын манлайлагч, номер компани гэдгээ дахин баталгаажуулсан юм.

Хоёр дахь IPO гаргасан даатгалын компани болох “Ард даатгал” ХК нь Монголын Хөрөнгийн биржээс 2018 оны зургадугаар сарын 13-ны өдөр нээлттэй хувьцаат компани болох зөвшөөрлөө хүлээн авсан. “Ард даатгал” нь компанийхаа 30 хувийг ард иргэдэд эзэмшүүлснээр таван тэрбум гаруй төгрөгийг татан төвлөрүүлж, дүрмийн сан болон өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэхэд зарцуулна гэж төлөвлөсөн.

Тэгвэл оны хамгийн эхэнд буюу хоёрдугаар сарын 7-нд IPO гаргасан компани бол “ЛэндМН”. “ЛэндМН” нь Хөрөнгийн бирж дээр IPO гаргаж буй анхны банк бус санхүүгийн байгууллага гэдгээрээ онцлогтой. “ЛэндМН” компани хиймэл оюун ухаанд суурилан бүтээгдсэн аппликейшнээр хурдан хугацаанд, хялбар аргаар зээл авах үйлчилгээ нэвтрүүлсэн нь Монголын санхүүгийн салбарт цоо шинэ, дэвшилтэт үйлчилгээ болоод байна. Энэхүү үйлчилгээг хэрэглэгчдэд анх таниулсан “ЛэндМН” компани хувьцааныхаа 25 хувийг хөрөнгийн зах зээлд гаргаснаараа олон нийтийн компани болсон. Тус компани олон нийтэд 12.5 хувийг буюу 100 сая ширхэг, тодорхойлсон стратегийн хөрөнгө оруулагчдад 12.5 хувийг буюу 100 сая ширхэг хувьцаа арилжаалж нийт 5 тэрбум төгрөг татан төвлөрүүлжээ.

Мөн энэ онд “Монгол Базальт” ХК  амжилттай IPO гаргаж, нийт 3102 хувьцаа эзэмшигчидтэй, нээлттэй хувьцаат компани болсон юм. Нийт хувьцааныхаа 30 хувь буюу 16,925,100 ширхэг хувьцааг тус бүрийг нь 380 төгрөгийн тогтоосон үнээр Монголын хөрөнгийн бирж дээр нийтэд санал болгосон. Энэ талаар тус компанийг үүсгэн байгуулагч Л.Ариунболд хэлэхдээ “IPO гаргахын тулд есөн жилийн өмнөөс оролдлого хийсэн. Сүүлийн таван жил өөрсдийгөө бэлтгэсэн. Компанийн хамт олон удирдлагын багийн сэтгэл зүй тус зах зээлд бэлэн байх нь чухал. Хөрөнгө оруулагч нар наад зах нь 10-20 жилийн өгөөжийг харуулж чадах бодит төлөвлөгөөнүүдээ боловсруулж чадсаны үндсэн дээр IPO гаргах эрмэлзэл, эр зоригоо илэрхийлэх ёстой. Нээлттэй компани болсноор Монголын нийгэм эдийн засгийн өгөөж дээшлэх цаашлаад бүс нутгийн хэмжээнд өрсөлдөх чадвар сайжирна гэдэг том агуулгаар нь харуулахыг хичээн ажиллах хариуцлага бидэнд оногдсон. Үүнийг дагаад компанийн санхүү, бүтэц, гүйцэтгэх удирдлага, харуул хамгаалалтаасаа эхлээд бүгд дахин шинэ үе шат, шинэ хариуцлага, шинэ хөдөлмөрийн харилцаанд орж байгаа явдал нь компанийг цаашид үр дүнтэй урт хугацаанд ажиллах нөхцөл бүрдлээ” гэсэн юм.

Түүнчлэн энэ оны наймдугаар сард “Хөвсгөл Алтандуулга” ХК нэмж хувьцаа гаргасан нь хөрөнгийн зах зээл хэр ашигтай ажиллаж байгааг бататгав. Тус компани нэмж 4.4 сая ширхэг хувьцаа гарган, 3.7 тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээр зорьж байна. Нэмж гаргах хувьцааны 70 гаруй хувийг стратегийн хөрөнгө оруулагчдад, 30 орчим хувийг нь олон нийтэд санал болгож байгаа аж. “Хөвсгөл Алтандуулга” компанийн бизнес үнэлгээгээр нэгж хувьцаа нь 1159-1350 төгрөгийн хооронд байна гэж “BDО” аудитын компани тооцоолжээ. Харин олон нийтэд нэгж хувьцааг 850 төгрөгөөр санал болгох юм. Тус компани татан төвлөрүүлсэн хөрөнгийн 15 хувийг тоног, төхөөрөмж болон сэлбэг авахад, үлдсэн 75 хувийг эргэлтийн хөрөнгө болгохоор төлөвлөсөн. Өөрөөр хэлбэл, эргэлтийн хөрөнгөө өсгөснөөр түүхий эдийн нөөцөө нэмэгдүүлж, үйлдвэрлэлийнхээ хүчин чадлыг 80-90 хувьд хүргэхээр зорьж байгаа аж. Ингэснээр 2018 онд борлуулалтын орлогоо найман тэрбум төгрөгт хүргэхээр зорьжээ. Энэ нь 2017 оны дүнгээс гурав дахин өссөн үзүүлэлт юм. Мөн оны эхний улирлаас Улаанбаатарт бүтээгдэхүүнээ борлуулж эхэлсэн нь гол нөлөө үзүүлсэн гэж тус компаниас мэдээлж буй.

Мөн энэ онд Хөрөнгийн зах зээлд амжилттай тоглосон “Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн” Монголын хөрөнгийн биржид шинээр бүртгэгдсэн, анхны давхар бүртгэлтэй компани юм. “Эрдэнэ ресурс девелопмент корпорэйшн” ХК нь нийт хувьцааныхаа 2.7 хувь буюу 4 сая ширхэг хувьцааг тус бүрийг нь 640 төгрөгөөр МХБ-ээр дамжуулан олон нийтэд санал болгож, нийт 2.56 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэх бөгөөд төвлөрүүлсэн хөрөнгийг хайгуулын өрөмдлөг, нөөцийн тооцоолол, техникийн судалгаа хийж гүйцэтгэхэд зарцуулахаар төлөвлөж байна.

Харин шинэ оны босгон дээр өндөгний үйлдвэрлэл, худалдаа эрхэлдэг “Түмэн шувуут” компанийн Монгол Улсын хөрөнгийн зах зээлд IPO гаргах зөвшөөрлийг Санхүүгийн зохицуулах хороо өгчээ. “Түмэн шувуут” ХХК нь ирэх оны эхэнд  нэг бүр нь 20 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий нийт 200 сая ширхэг энгийн хувьцааг бүртгүүлж, 25 хувь буюу 50 сая ширхгийг, тус бүрийн үнэ нь 200 төгрөгөөр нийтэд санал болгон худалдаална.

Ирэх онд “Эрдэнэс Тавантолгой” олон улсын хөрөнгийн бирж дээр нийт хувьцааныхаа 30 хувьд IPO хийж, хөрөнгө босгохоор хүлээгдэж байна.

Ш.АДЪЯАМАА


МАН-ЫН ХАГАРАЛ  2019 ОНД ҮРГЭЛЖИЛНЭ

Давтагдашгүй, мартагдашгүй МАН-ын хагарал төрөө эвдэж  түмнээ хуваах шахаад байна. МАН-ынхан УИХ-ын сонгуульд 65 суудал авч ард түмний хүлээлгэсэн хэт өндөр итгэлийг даанч даасангүй. Ялангуяа оны эхний хагаст эхэлсэн хямралын эхлэл оны төгсгөлд олон нийтийн эсэргүүцлийн жагсаал хүртлээ хурцдав. УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “60 тэрбумын хэрэг” гэгчтэй холбогдуулан нээлттэй сонсгол явуулах албан бичгийг УИХ-ын даргад хүргүүлсэн боловч Хууль зүйн байнгын хороо хэлэлцэхгүй байгаа тул ээлжит бус чуулган зарлаж “60 тэрбумын хэрэг” болон “Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг Стандарт банкинд барьцаалсан хэргийг хэлэлцэх шаардлагыг УИХ-ын даргад хүргүүлсэн. Эндээс эхэлсэн улс төрийн акц үргэлжилсээр өнөөдрийг хүртэл УИХ-ын үйл ажиллагаа гацах хүртэл хямрал үргэлжлэв.

УИХ-ын дарга М.Энхболд энэ талаар холбогдох байгууллага удаа дараа шалгасан, өөрийнх нь хүсэлтээр дахин шалгаж буйг илэрхийлээд Төрийн байгуулалтын байнгын хороонд дээрх асуудлаар нээлттэй сонсгол явуулахыг даалгаад байгаа юм. Гэвч холбогдох эх сурвалжууд болон нээлттэй сонсголд оролцох хууль хяналтын байгууллагын зүгээс хэргийг шалгах шатанд байгаа тул нээлттэй сонсголд оролцож дэлгэрэнгүй ярих боломжгүй гэсэн хариу өгөөд байгаа талаар мэдээлэл гарч байсан.

Энэ хооронд юу болсон бэ гэвэл УИХ, Засгийн газрын нэр бүхий гишүүд эрх мэдэл, албан тушаалын давуу талаа ашиглан ЖДҮХС-гийн зээл авсан хэрэгт холбогдоод зарим нь шалгагдаж одоогоор нэр бүхий дөрвөн гишүүнийг УИХ-ын гишүүнээс нь түдгэлзүүлэн шалгах шаардлагатай байгаагаа прокурорын байгууллагаас ирүүлээд байгаа юм. Хамгийн ноцтой нь ЖДҮХС-гийн зээлд хамрагдсан гишүүд нь Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулахын төлөө саналаа өгсөн гишүүд бөгөөд тус бүр 950 сая төгрөгийн зээл авсан гэх мэдээллийг тодорхой мэдээлсэн гишүүн цөөнгүй бий. Энэ бол УИХ-ын гишүүний саналыг “худалдаж авсан” буюу төрийн эрх мэдлийг хууль бусаар авсан гэмт хэрэг болж хувираад байна. Нөгөөтэйгүүр тодорхой баримттай, АТГ-аас шалгаж тогтоосон дүгнэлттэй, хэтэрхий барьцтай хэрэг. Гэтэл нотлогдож өгөхгүй байгаа эвлүүлэг үү, бичлэг үү гэж маргасаар байгаа нэг бүрхэг сэжмээс өөр баримтгүй “60 тэрбумын хэрэг”-ийг ЖДҮХС-гийн зээлийн хэрэгтэй зэрэгцүүлж барьцаалаад төрийн ажлыг гацаачихаад байна.

Үүний улмаас улс төрийн тогтворгүй байдал нь эдийн засгийн тогтворгүй байдалд нөлөөлж, төрд итгэх иргэдийн итгэл, УИХ-ын үнэлэмж бүхэлдээ уналтад оров. УИХ-ын ажлыг гацааж байгаа тэр хүчин нь УИХ-аас томилогддог Засгийн газар байгаагаараа онцлогтой төдийгүй танхимын зарим гишүүнтэйгээ хариуцлага тооцсон тул зарим сайдаа томилуулж чадаагүй байна. УИХ Засгийн газраа элэг бүтэн болгох ёстой гэхээр намын дарга, Ерөнхий сайдынхаа үгнээс зөрвөл огцрох тул УИХ-даа суух эрхгүй ийм дүр зураг харагдаад байна. Тэгэхээр намын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх гэдэг хүн албан тушаалын байдлаа ашиглан УИХ-ын гишүүний ажлаа хийх боломжид үл үзэгдэх шантаажаар айлган сүрдүүлж төрийн эрх барих дээд байгууллагын ажлыг гацааж буй нь хэнд ч ойлгомжтой байна.

Энэ нөхцөл байдалд хэн их шоудаж, ард түмний өмнө өрөвдүүлэх тактик хэрэглэж муухай хүмүүстэй тэмцсэн гоё шударга хүн болохыг харуулахаар хууль зөрчиж байгааг сонгогчид дүгнэнэ. Хэдийгээр хоёр талаас “эвлэрүүлэх ажлын хэсэг” гэгч гарсан гэх боловч ЖДҮХС-аас хамаарал бүхий компанидаа зээл авсан зарим гишүүнийг УИХ-ын гишүүнээс нь түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэх шаардлага тулгарсан нь эвлэрч боломжгүй нөхцөл байдлыг үүсгээд байгаа бололтой.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярвааг “Намын даргаа шүүмжилсэн, ЖДҮХС-гийн зээл авсан гишүүдээ хамгаалсангүй” гэх үндэслэлээр чөлөөлсөн, БСШУС-ын сайд Ц.Цогзолмааг “Засгийн газраа огцруулах санал өгсөн”, ХЗДХ-ийн дэд сайд Б.Энхбаярыг “ЖДҮХС-аас зээл авсан нь гэмт хэрэг” гэж хэлснээр нь хариуцлага хүлээлгэж огцруулсан нь нөхцөл байдлыг улам хурцатгаж байна.

Засгийн газар нь УИХ-аа “дарамталдаг” нөхцөл байдал нэгэнт үүсч МАН төрийн дээр гарлаа гэдгийг түүхэнд бичиж үлдээсэн хүн нь У.Хүрэлсүх, “огноо” нь 2018 он яах аргагүй мөн байлаа. Харамсалтай нь энэ үйл явдал дуусаагүй, харин ч ид өрнөж байна. Магадгүй 2020 он хүртэл ч ил, далд үргэлжилж мэдэх юм.

МАН-ын хагарал төрийг гутааж, ард түмний эв нэгдэлд сэв суулгасан энэ үйл явдлын нөгөө талд УИХ-ын дарга М.Энхболд буй. Түүний хувьд огцроход харамсахгүй, шаардлагаа хуулийн дагуу тавь гэсэн тайлбарыг л өгөөд байх юм. Үнэхээр ч өнөөдөр мөрдөж буй хуульд заасан таван шаардлагын “бай”-г онож байсангүй. Шинээр “энэ зорилгодоо тааруулаад” хууль санаачлаад баталчих юм болов уу гэхээр тэгсэнгүй. Тэгэхээр УИХ-ын дарга М.Энхболд хэчнээн эв нэгдэлд “дуртай” ч гэмт хэрэг үйлдсэн нь Цэцээр нотлогдоод огцорч байсан Ц.Нямдоржийг дуурайгаад хуульд заагаагүй үндэслэлээр ажлаа өгвөл хууль зөрчсөн хэрэг болох юм. Эрүүл мэндийн шалтгаан буюу өөрөө хүссэн гэх үндэслэлээр ажлаа өгөхөөр цаашид удаа дараа бичиг өргөн бариад, хэвлэлээр “пиар” өрнүүлээд, олон нийтийг цуглуулж жагсаагаад, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар барьцаалж бойкот хийх замаар УИХ-ын даргыг огцруулдаг жишиг тогтоно гэж үзээд байгаа аж.

Энэ “хар” үйл явдал зөвхөн эрх мэдэлтнүүдийн хүрээнд өрнөж байна. Үүгээрээ төрийн бусад шатны байгууллагуудын үйл ажиллагаа цалгардаж, эдийн засгийн үйл явц өрнөхөд том  саад болоод байна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гурван гишүүний хоёрынх нь ил тэмцэл, нөгөөгийнх нь далд эрх ашгийн тухай бодит үйл явц хийгээд олон нийтийн дунд тарсан цуурхал 2018 оны сүүлийн хагас жилд сонгогчдыг бухимдууллаа. Төрд итгэх итгэлийг бөхөөлөө. Үүнийг МАН-ын хагарлын нөлөөгөөр 2018 онд ард түмэнд “бэлэглэсэн” бодит хохирол  гэж нэрлэж болох юм. Харамсалтай нь,  хохирол үргэлжилсээр. Хэзээ дуусах нь харагдахгүй байна.

У.ОРГИЛМАА


УТАА, ТҮГЖРЭЛИЙН ӨМНӨ СӨХӨРСӨН МОНГОЛЫН ТӨР

Утаа, түгжрэл хоёр Монгол төрийн зовлон болоод удаж байна. У.Хүрэлсүхийн Засгийн газар агаарын бохирдлыг бууруулахын тулд өнгөрсөн онд Улаанбаатар хотын хэмжээнд ирэх оны тавдугаар сараас түүхий нүүрсний хэрэглээг хориглож, энэ онд боловсруулсан түлш үйлдвэрлэх “Тавантолгой түлш” компанийг байгуулах шийдвэр гаргасан.

Нийслэлийн гэр хорооллын 220 мянган өрхийг боловсруулсан түлшээр хангах “Тавантолгой түлш” компани өнгөрсөн намар үйлдвэрлэлээ эхлүүлж, Баянхошуу орчмын өрхүүдэд түлшээ нийлүүлж байна.

Улаанбаатар хотын гэр хорооллын 220 мянган өрх жилдээ 1.2 сая тонн түүхий нүүрс хэрэглэдэг бөгөөд эрэлтийг нь боловсруулсан түлшээр хангадаг болсноор агаарын бохирдлыг 50 хувь бууруулах боломжтой. Засгийн газрын энэхүү тооцоолол хөрсөн дээрээ буухын тулд сайн чанарын боловсруулсан түлш үйлдвэрлэх шаардлагатай болж буй юм.

НҮБ-ын Хүүхдийн сангаас гаргасан судалгаагаар түүхий нүүрснээс үүдэлтэй агаарын бохирдол хүүхдэд хамгийн их хортой нөлөө үзүүлж байна. Тэр дундаа ураг амьгүй төрөх, эхийн хэвлийдээ амьсгал хураах, дутуу төрөх, жингийн алдагдалтай төрөх, уушигны үрэвсэл, астма, бронхит болон тархины дутуу хөгжилтэй байх, бэлэг эрхтний тээрхийн арьсны наалдангитай төрөх зэргээр хүн амын удам зүйд ч нөлөөлж эхэлсэн. Ирэх жилүүдэд агаарын бохирдлын хэмжээг эрчимтэй бууруулж чадахгүй бол түүнээс үүдэлтэй хүүхдийн өвчлөлийг анагаах зардал 2025 он гэхэд 33 хувиар нэмэгдэж, эрүүл мэндийн байгууллагуудаас жил бүр 4.8 тэрбум төгрөгийн нэмэлт зардал гарах төлөвтэй байгаа нь дээрх судалгаагаар гарчээ.

Энэ тохиолдолд утаатай хийх тэмцэлд зарцуулж буй зардлын хэмжээ улам өснө гэсэн үг. Учир нь, өнгөрсөн 20 шахам жилийн хугацаанд утаатай хийх тэмцэлд Засгийн газраас гадаадын зээл, тусламж, төсвөөс нийтдээ хоёр их наядаар тооцогдох хэмжээний зардлыг гаргасан байдаг. Гэвч үр дүн гараагүй, эсрэгээрээ агаарын бохирдол улам нэмэгдсэн.

Иймээс утаатай тэмцэхэд зарцуулж байгаа хөрөнгийг ирэх жилүүдэд үр ашигтай зарцуулахын тулд гэр хорооллын иргэд боловсруулсан түлшийг хэрэглээндээ бүрэн нэвтрүүлэх, цаашлаад Засгийн газар иргэн бүрээ ажилтай орлоготой болгож, орон байраа сайжруулах боломжийг олгохгүй бол хоногийн хоолоо арай ядан залгуулж байгаа иргэд түүхий нүүрсээ худалдан авч дийлэхгүйгээс хэрэглэгдэхгүй болсон дугуй шатааж, өвлийг давж байна.

Утаанаас гадна эрх баригчдын шийдэж чадахгүй, “шүдний өвчин” болоод удаж байгаа  өөр нэг проблем бол автомашины түгжрэл.

Жил ирэх тутам импортоор орж ирэх автомашины тоо 80 мянгаар нэмэгддэг бөгөөд энэ жил улсын хэмжээнд 900 мянга гаруй тээврийн хэрэгсэл тоологджээ. Эдгээрийн 600 мянга гаруй нь Улаанбаатар хотод өдөр бүр хөдөлгөөнд оролцож, даацаасаа хэтэрсэн автомашины хөдөлгөөнийг зохицуулах даалгаврыг замын цагдаа нар авч байна.

Хүн амын өсөлтийг даган нэмэгдэж байгаа тээврийн хөдөлгөөний ачааллыг сааруулахын тулд Засгийн газраас Тээврийн цагдаагийн газрын орчимд гүүрэн зам барих шийдвэр гаргаж, өнгөрсөн зун ажил нь эхэлсэн. Гүүрэн зам барих санхүүжилтийг БНХАУ-аас авах зээлийн эх үүсвэрээс “босгож” байна. Нийтдээ 30 орчим сая ам.долларыг зарцуулна.  Саатал гарчихгүй бол гүүрэн зам 2020 оны УИХ-ын сонгуулийн өмнө ашиглалтад орох бололцоотой. Гэхдээ гүүрэн зам баригдсанаар Улаанбаатар хотын автомашины түгжрэлийг бүрэн шийдэхгүй, ачааллыг 30 орчим хувиар л бууруулах тооцоо байгаа. Иймээс энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд насжилт өндөр автомашинд өндөр татвар тогтоох, Улаанбаатар хотын хэмжээнд бүсчлэлийн татвар тогтоох, нийтийн тээврийг хөгжүүлж, хүн бүр автобусаар зорчих боломжийг олгох зэрэг цогц бодлого хэрэгжүүлэхгүйгээр замаа өргөтгөж, шинээр гүүрэн гарц бариад проблемыг шийдэхгүй гэж үзэж байна.

Г.НЭРГҮЙ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж