Х.Нямбаатар гишүүний "матаас"-ыг шүүх зөв дэнсэлж чадсан уу?

Хуучирсан мэдээ: 2018.12.31-нд нийтлэгдсэн

Х.Нямбаатар гишүүний "матаас"-ыг шүүх зөв дэнсэлж чадсан уу?

Х.Нямбаатар гишүүний "матаас"-ыг шүүх зөв дэнсэлж чадсан уу?

iNews.mn сайтад өнгөрсөн зургадугаар сард  “У.Хүрэлсүхийн Засгийн газар унах нүхээ өөрөө малтав” гэсэн гарчигтай нийтлэл гарсан юм. Уг нийтлэлд Захиргааны ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай Засгийн газраас өргөн барьсан хуулийн төслийг сэтгүүлч шүүмжлэн бичсэн байдаг. Нийтлэл гарсны маргааш УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “УИХ-ын гишүүн миний нэр төрийг гутааж, үндэслэлгүйгээр гүтгэсэн” хэмээн цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байдаг. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс эхлэн шалгагдсан энэ хэргийг Цагдаагийн ерөнхий газар/ЦЕГ/-ын Нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах хэлтэс шийдвэрлэж, сэтгүүлчид 2 сая төгрөгийн торгууль оногдуулжээ.

Ингэхдээ Зөрчлийн хуулийн 6.21-д заасан “гүтгэх” гэмт хэрэг үйлдсэн хэмээн үзэж торгох шийтгэл оногдуулсан байна. Сэтгүүлч өөрийн бичсэн нийтлэлийн үндэслэл болох нотлох баримтуудыг хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж өгсөн боловч үүнийг үл харгалзан зөвхөн Х.Нямбаатар гишүүнийг “утсан хүүхэлдэй” гэснийх нь төлөө “гүтгэсэн” хэмээн яллажээ. Цагдаагийн байгууллагаас оногдуулсан энэ шийтгэлийг сэтгүүлч “үг хэлэх, хэвлэн нийтлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхэд нь халдсан” хэмээн үзэж шүүхэд гомдол гаргаж явсаар өнгөрөгч долоо хоногт Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх эцсийн шийдвэрийг гаргасан юм. Ингэхдээ “Х.Нямбаатар гишүүнийг гүтгэсэн нь нотлох баримтаар тогтоогдож байна” хэмээн үзэж, цагдаагийн байгууллагаас оногдуулсан шийтгэл болон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Зөрчлийн тухай хуульд “гүтгэх” гэдгийг “Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд дэлгэсэн, эсвэл мэдээллийн хэрэгсэл, нийтийн сүлжээгээр тараасан бол” хэмээн тодорхойлсон байдаг. Өөрөөр хэлбэл, “нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон худал мэдээлэл” буюу гүтгэх гэдэг хэргийн гол бүрэлдэхүүн нь байхгүй байхад зөрчилд тооцож ялласан гэсэн үг.  Судалгаанаас үзвэл 2018 он гарсаар 108 сэтгүүлч Зөрчлийн хуулиар шийтгүүлсэн нь  “гүтгэх” гэдэг зүйл ангитай холбоотой. Ингэхдээ 12 удаа гадаадад аялсан аймгийн Засаг даргыг 13 удаа аялсан гэж андуурч бичсэн сэтгүүлч “гүтгэх” гэдэг зүйл ангиар шийтгүүлсэн тохиолдол ч гарсан байна.

Өнгөрсөн наймдугаар сард Нийслэлийн прокурорын тушаалаар дүүргүүд дээр шалгагдаж байсан төрийн өндөр албан тушаалтантай холбоотой гомдлыг ЦЕГ-ын Нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах хэлтэс дээр төвлөрүүлэн шалгаж эхэлжээ. Энэ нь эрх мэдэл бүхий хүмүүсийн гомдлыг барагдуулдаг, эрх ашигт нь үйлчилдэг тусгай шүүх, тусгай цагдаатай боллоо гэх хардлагыг олон нийтэд төрүүлж байна.

Мөн үг хэлэх, хэвлэн нийтлэх, үзэл бодолтой байх гэх мэт хүний язгуур эрхтэй холбоотой хэргийг Зөрчлийн хуульд хамруулан шүүхийн хэлэлцүүлэггүйгээр шийтгэл оногдуулж байгаа нь өөрөө Үндсэн хуулиар хамгаалагдсан хүний үндсэн эрхийг зөрчиж байгаа хэрэг гэх шүүмжлэл ч өрнөж байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
4
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж