NEWS агентлаг үүсэн байгуулагдсан 2004 оноос хойш “ОНЫ ХҮН”-ийг тодруулж байна. “ОНЫ ХҮН”-ээр тодрох эрхмийн шийдвэр, үйлдэл, үг нь тухайн жилдээ улс орны амьдралд эерэг, эсвэл сөрөг нөлөө үзүүлсэн байх учиртай. Тиймээс манай агентлагийн энэ уламжлал нь оны эцэст шалгаруулдаг “шилдэг”-ээс ялгаатай юм.
NEWS агентлаг улиран одож буй 2018 оны “ОНЫ ХҮН”-ээр Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийг нэрлэж байна.
Ардчилсан намынхан төр барихаараа засгаараа тоглодог хэмээн ам булаалдан муулдаг байсан МАН-ынхан 2016 оны сонгуулиар үнэмлэхүй олонх буюу парламентын 76 суудлын 65-ыг аван гарч ирэн төр засгаа эмхэлж, УИХ-ыг Миеэгомбын Энхболдоор, гүйцэтгэх засаглалыг Жаргалтулгын Эрдэнэбатаар толгойлуулан ажиллаж эхэлсэн. Гэсэн ч ердөө нэг жил гаруйн дараа Ерөнхий сайдаа огцруулж, шинэ Ерөнхий сайд гарч ирсэн нь Ухнаагийн Хүрэлсүх. Үнэмлэхүй олонх МАН-ын бүлэг доторх эрх мэдэл, мөнгөний төлөөх хүсэлдээ хөтлөгдөгсөд болон сөрөг хүчин Ардчилсан намтай хүч хавсран МАН-ын түүхэнд анх удаа Засгийн газраа огцруулж гарч ирсэн нь У.Хүрэлсүх адармаат засаглалын эхлэл байсан.
Цэргийн боловсрол эзэмшсэн ч хар залуугаасаа намын кадр болсон хүн. Ингэхдээ зүгээр нэг дагалдагч кадр байсангүй. Өнөөгийн МАН-ын угшил, тухайн үеийн МАХН-ын залуучуудын байгууллагыг толгойлж, намаа хамгаалан Төрийн ордон тойрон гороолж, намынхаа тугийг чуулганы танхимд урж, өөрийн толгойгоор хариуцна хэмээн андгайлж байж намынхаа нэрээс Хувьсгалт гэдэг үгийг авахуулж, Төрийн ордонд хүн шанаадаж, УИХ-ын гишүүний суудлаасаа татгалзсан гээд тэр үнэхээр Монголын улс төрд мөрөө үлдээсэн хүн. Харин энэ мөр хар уу, цагаан уу?
2018 он гараад намын даргын суудлаа авч чадсан нь түүнд сүүлийн хэдэн сар өрнөж буй угсраа тоглолтуудыг хийх боломжийг олгосон. УИХ дахь бүлгийн дарга Б.Хаянхярвааг огцруулж, оронд нь Б.Тогтохсүрэнг суулгаж чадлаа. Улаанбаатар хотын Захирагч Су.Батболдыг ажлыг нь өгүүлж чадлаа. Одоо харин УИХ-ын дарга М.Энхболдыг албан тушаалаас нь буулгах акц ид өрнөж байна.
Хүчирхэг, гүжирмэг, булчинлаг, зоримог төрх бол түүний имиж гэсэн ойлголтыг тэрбээр болоод түүнийг хүрээлж буй багийнхан бүрдүүлэхийг хичээж буй нь илт. Ердөө хоёр хоногийн өмнө буюу арванхоёрдугаар сарын 29-нд Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутаг дахь Салхитын мөнгөний ордод явуулсан гүйцэтгэх ажиллагаа бол Ерөнхий сайдын арга барил, стиль, имиж, бас ирээдүйг хамгийн тод харуулсан үйлдэл байлаа.
Бараг томилогдсон өдрөөс нь огцруулах тухай яриа өрнөсөн нь өнөөдрийг хүртэл үргэлжилж байна. Мөн түүнийг намын даргаа авсан өдрөөс хойш бичсэн “Сүхийн байгуулсан намыг Сүхтэй хүн нураана” гэсэн яриа харин нотлогдож байна. МАН аль хэдийн хоёр хуваагдсан. Энэ хуваагдал албажих эсэх нь УИХ-ын даргыг огцруулж чадах эсэхээс л шалтгаалах болчоод байна. Намынхаа нэрээс “Х” үсгийг авч хаяж нэг хуваасан Хүрэлсүх, одоо М.Энхболдыг огцруулснаар хоёр дахиа хуваах үйлтэй ажээ.
МАН ийнхүү хүч суларснаар 2020 оны сонгуулийн үр дүнг таамаглах аргагүй болгож байна. МАН суларсан нь Ардчилсан намд 2020 оны сонгууль ашигтай эргэж байна гэж хэлэх аргагүй. М.Энхболдыг огцруулах акцын гол мессеж нь МАНАН-гийн засаглалыг унагаах гэсэн ерөнхий уриатай. МАНАН гэдэг үг МАН-д ч, Ардчилсан намд ч хамаатай. Бас хууль тогтоох засаглалын тэгүүнийг огцруулахаар Ардчилсан намын угшилтай Ерөнхийлөгчтэй хүч хавсарч байгаа.
Хэдийгээр судалгааны аль ч байгууллагын дүгнэлтэд /нам болгон, нам доторх фракц болгон өөр өөрийн ашиг сонирхлоор судалгаа хийдэг болсон/итгэх аргагүй байгаа ч эрх баригч МАН болон сөрөг хүчин Ардчилсан намын рейтинг аль аль нь 20 хүрэхгүй хувьтай байгаа нь Монголын улс төрийн талбарт манлайлал үгүй болсныг илтгэж байна. Ингэлээ гээд гурав дахь хүчинд боломж гарч ирж байна гэж ярих хүмүүс байгаа ч тэр гурав дахь хүчин хэн юм бэ, хаана байна вэ? Саяхан Улсын Дээд шүүх улс төрийн 30 дахь намыг албан ёсоор бүртгэж авсан. МАН, АН-аас гадна 28 нам бүгд нийлж нэг хүчин байгуулдаггүй л юм бол гурав дахь хүчин болон гарч ирэх улс төрийн цэгц үзэл баримтлалтай, нэр нүүр цэвэр хүчин алга. Дээд шүүхээс улс төрийн нам гэж албан ёсоор бүртгэгдсэн ч намын тамгаа гэртээ хадгалаад ойрын хамаатан садан, найз нөхөд нийлсэн бүлэг хүнийг намын гишүүн болгоод бүртгэчихдэг нь нууц биш.
У.Хүрэлсүх мэдээж манлайлахыг хүсч байгаа. Гэхдээ түүнд гэгээн хүслээс өөр зүйл алга. Чадвартай, мэдлэгтэй баг алга. Амжилттай улстөрч байхын суурь нь сайн багтай байх явдал. Нефть боловсруулах үйлдвэр барих, “Эрдэнэс Тавантолгой”-н IPO гаргах гэсэн хоёр гол зүйлийг өнгөрсөн нэг жил гаруйн хугацаанд ярилаа. Гэсэн ч ирээдүй цаг дээр ярих нэг хэрэг, одоо цаг дээр амьдрах өөр хэрэг.
Одоо цаг дээр байдал ямар байна вэ? Цалинтай, тэтгэвэртэй хэд нь бүгд банкны зээлийн өртэй, нийслэл хот нь угаарын хийндээ хордсон, уул уурхайгаас бусад салбар нь өсөлтгүй давжаарсан, төгрөгийн ханш суларсан, иргэдийн дийлэнх нь амьжиргаагаа залгуулдаг захуудын лангуу улам цөөрч, харин хотын төвийн моллуудад тансаг хэрэглээний лангуунууд нь нэмэгдсэн урвуу хамааралтай, ирээдүйд итгэх илтгэлгүй болсон ядуусаар хотын захын дүүргүүд дүүрсэн, амьжиргаа улам муудаж, сөхөрч унах хэмжээндээ аль хэдийн тулсан. Гэтэл түүний багийнхны хийдэг гоёчилсон, цэцэрхсэн, тавилттай мессежүүд амьдралаас дэндүү тасархай. Хөрсөн дээрээ бууж ирээсэй гэсэн үгийг хэлэхийг хүссэн хүн олон л юм билээ.
Ерөнхий сайдаар томилогдохдоо хэлсэн “Би зорьсноо хийж, хэлснээ хэрэгжүүлдэг Ерөнхий сайд байхыг хүсч байна. Би ард түмэндээ худлаа амлаж, хуурдаггүй Ерөнхий сайд байхыг хүсч байна. Би ард түмнээ өмгөөлдөг, авлигачидтай хатуу тэмцдэг Ерөнхий сайд байхыг хүсч байна” гэсэн нь биелсэн билүү. Ядахдаа ЖДҮ-ийн дуулианд холбогдсон сайдуудаа явуулчихсан бол энэ цоглог үгсийн тал нь биелэх байлаа.
МАНАН-г арилгасан ч будан нь өөрөө юм даа, У.Хүрэлсүх.
NEWS агентлагийн “ОНЫ ХҮН”-ээр тодорч байсан эрхмүүд
2004 он
Долгорсүрэнгийн ДАГВАДОРЖ
2005 он
Цахиагийн ЭЛБЭГДОРЖ
2006 он
Миеэгомбын ЭНХБОЛД
2007 он
Мөнхбатын ДАВААЖАРГАЛ
2008 он
Эрдэнийн БАТ-ҮҮЛ
2009 он
Цахиагийн ЭЛБЭГДОРЖ
2010 он
Сүхбаатарын БАТБОЛД
2011 он
Доржсүрэнгийн БОЛД
2012 он
Эрдэнийн БАТ-ҮҮЛ
2013 он
Ринчиннямын АМАРЖАРГАЛ
2014 он
Батхуягийн МӨНГӨНТУУЛ
2015 он
Зандаахүүгийн ЭНХБОЛД
2016 он
Доржсүрэнгийн СУМЪЯА
2017 он
Халтмаагийн БАТТУЛГА
Холбоотой мэдээ