О.Хангай: Ард түмнийхээ итгэлийг алдахгүйг хичээж явна

Хуучирсан мэдээ: 2018.12.31-нд нийтлэгдсэн

О.Хангай: Ард түмнийхээ итгэлийг алдахгүйг хичээж явна

О.Хангай: Ард түмнийхээ итгэлийг алдахгүйг хичээж явна

Улсын харцага О.Хангайтай шинэ оны өмнөхөн ярилцлаа. Тэрбээр энэ онд олон барилдаанд түрүүлээд байна. Хамгийн сүүлд Монгол Улс үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жилийн ойд зориулсан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх барилдаанд түрүүлсэн юм.

Хэдийгээр тэрбээр Үндэсний их баяр наадмын дөрвийн даваанд Ш.Мөнгөнбаатарт унасан ч бэлтгэлээ эрчимтэй хийж, бөхөд хайртай ард түмнийхээ итгэлийг алдахгүйг хичээж яваагаа хэлж байв.

Ингээд Ховд аймгийн Буянт сумын харьяат, Ховд бөхийн дэвжээ, Нийслэлийн Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Зорчигч тээврийн нэгтгэл компани, “Их Монгол” сан, “Од” группийн бөх Монгол Улсын харцага Оргихын Хангайтай ярилцсанаа хүргэе.


-Энэ жилийн улсын их баяр наадмын оноолтын даваанд Ш.Мөнгөнбаатартай таарсан. Энэ барилдаан наадмын таамгийг зөрүүлсэн гэж бөх сонирхогчид үздэг. Эндээс яриагаа эхэлье?

-Ш.Мөнгөнбаатар арслан олон жил улсын цолны төлөө барилдсан. Түүнийг ард түмэн шинэ цол аваасай гэж их хүссэн шүү дээ. Би Ш.Мөнгөнбаатар харцагатай таарна гэж бодоогүй. Барилдааны тухайд сайхан барилдаан болсон. Надад энэ барилдаанд унаад харамсаад байсан зүйл байхгүй ээ. Бид хоёр улсын наадамд таарч байгаагүй. Харин энэ жил дөрвийн даваанд таарчихсан. Өмнө нь заалны барилдаанд олон удаа барилдаж байсан ч наадмаар таарна гэж ёстой санаагүй шүү.

-Улсын наадмын дараа Дарьганга суманд болсон Алтан дарь овооны барилдаанд барилдсан. Мөн олон барилдааны түрүүг авлаа шүү дээ.

-Төрийн тахилгат Алтан дарь овооны их тахилгын барилдаанд барилдсан. Наадмын дараа байсан болохоор цаг хугацааны хувьд таарсан байгаа. Үүнээс хойш намрын олон барилдаанд барилдлаа. Мэдээж та гадаадад болсон барилдааныг хэлж байх шиг байна.

-Тийм ээ. Өнгөрсөн арав, арваннэгдүгээр сард болсон барилдаанууд их анхаарал татаж байсан. Та хоёр түрүүтэй гадаадаас ирсэн шүү дээ?

-БНСУ-д болсон шырим барилдааны гадаад бөхчүүдийн барилдаанд түрүүлсэн. Би өнгөрсөн жил оролцож байсан. Энэ жил нээлттэй болж, гадаадын бөхчүүдийн барилдаанд цомын эзэн болсон. Ер нь их олон орноос бөхчүүд ирж барилдсан. Испани, Шинэ Зеланд, ОХУ, БНХАУ гээд орны бөхчүүд байсан. Солонгосын шырим бөхийн бэлтгэл гэж тусгайлан хийсэнгүй. Зохион байгуулагчид өөрсдөө урьсан болохоор оролцоод ирье гэж бодож явсан. Тэгээд түрүү бөхийн цомтой ирсэн. Солонгостоо бол их өндөр ач холбогдолтой тэмцээн юм билээ. Монголчууд олноор ирж бөхчүүдээ дэмжиж байсан.

-Энэ барилдааны дараа Өвөрмонголд барилдсан?

-БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Шилийн гол аймагт болдог “Алтан бүс”-ийн барилдаан нэр хүндтэй барилдааны нэг байдаг. Энэ жил тав дахь удаагаа боллоо. Өмнөх жилүүдэд манай бөхчүүд амжилттай барилдаж, түрүү бөхөөр тодорч байсан удаатай. Энэ удаагийн барилдаанд 20-иод бөхийн бүрэлдэхүүнтэй очсон. Манай бөхчүүдээс шөвгийн дөрөвт гурван бөх үлдсэн. Н.Жаргалбаяр заан, Д.Анар начин бид гурав Өвөрмонголын Чандмань аваргатай үлдсэн. Би Чандмань аваргатай үзүүр, түрүүнд үлдэж давснаар, “Алтан бүс”-ийн эзэн болсон.

-Та гадаадад болсон хоёр тэмцээнд дараалан түрүүлсэний дараа сүмо бөхийн холбооны ойд зориулсан барилдаанд түрүүлсэн. Энэхүү барилдааны дараа үзэгчидтэй удаан байсан гэж сонслоо.

-“Буянт-Ухаа”-д Сүмо бөхийн холбооны 25 жилийн ойд зориулсан барилдаан арванхоёрдугаар сарын 9-нд болсон. Энэ барилдаан сугалаагаар болсноороо онцлог байлаа. Бэлтгэл сайн байсан болохоор сайхан барилдааныг үзүүлсэн. Дөрвийн даваанд аймгийн арслан Б.Зоригтбаатарыг, тавын даваанд улсын арслан Э.Оюунболдыг, зургаагийн даваанд улсын начин Б.Чимэдванданг давж түрүүллээ. “Буянт-Ухаа” ордонд барилдаан болж, үзэгчид сэтгэл хангалуун байх шиг байсан. Барилдааны дараа бөхөд хайртай ард түмэнтэйгээ зургаа татуулаад нилээн удчихсан. Мэдээж бөхчүүдээ хайрладаг түмэн олноо бид хүндэтгэнэ. Энэ барилдааны дараа хүмүүстэй уулзаж, цаг орчим болсон санагдана. Бөхөө үзэх гээд ирсэн хэн ч гэсэн түрүү бөхтэй зургаа татуулчий гэж бодно шүү дээ. Хэрвээ би бөх барилдаагүй бол мөн л ингэж явах байсан байх. Ер нь аль болох жудагтай сайхан барилдаж, ард түмнийхээ итгэлийг алдахгүй явахыг их хичээдэг дээ.

-Бөхийн өргөөнд барилдаан болохгүй болсноос хойш заалны барилдааны тоо цөөрлөө. Таны хувьд бэлтгэлээ хэрхэн хийж байна вэ?

-Заалны барилдаан цөөн болж байгаа. Үндэсний бөхийн бэлтгэлээ Ховдын бөхчүүдийн хамт Урт цагааны зааланд хийж байна. Ц.Мягмарсүрэн заан, Ц.Лхагвасүрэн начин, Н.Батзаяа харцага тэргүүтэй хүмүүс ахлаад явж байгаа. Хүчний бэлтгэлийн хувьд “Хархорум” фитнесс клубт Б.Алтангэрэл багшийн удирдлага дор хийж байна. Долоо хоногийн ажлын таван өдөр бэлтгэл хийдэг.

-Таныг бөхөөр их хожуу барилдсан гэж байсан. Дунд сургуулийн сурагч байхдаа волейболын тамирчин байжээ. Энэ тухайгаа яривал.

-Би ХААИС-ийн дөрөвдүгээр курст сурч байхдаа бөхөөр хичээллэж эхэлсэн. Тэгэхээр их хожуу бөхтэй холбогдсон гэж хэлэх байх. Дунд сургуулийн сурагч байхдаа волейболын спортоор хичээллэдэг байсан. Манай Буянт сумын сургуульд волейболын Анхбаяр, Отгонбаяр гээд хоёр багш байсан. Манай ангид хоёр хүүхэд тоглодог байсан ч тэднийг дагаж тоглосоор байгаад сүүлдээ ангиараа волейбол тоглодог болсон. Манай сумын сурагчид аймаг, бүсийн тэмцээнд их сайн оролцдог. Би аймгийн аварга шалгаруулах тэмцээнээс медальтай ирж байлаа. Ховд аймгаасаа нэг шалгараад өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцоод авсан шүү. Гэхдээ оюутан болоод волейбол бараг тоглоогүй. Би газар зохион байгуулалтын ангид суралцсан. Хичээл хийдэг хүүхэд байлаа. Тэгээд төгсөх курстээ л барилдах болсон доо.

-Таны гэр бүлийн хүнийг волейбол тоглодог гэж байсан?

-Гэр бүлийн маань хүнийг Н.Дэлгэртуяа гэдэг. Ховд аймгийн Манхан сумын харьяат. Бид хоёр арван жилдээ танилцсан юм. Сум сумаасаа волейболын тэмцээнд ирээд, явдаг байсан. Эхнэртэйгээ оюутан болоод үерхэж эхэлсэн дээ. Бид багаасаа спорттой холбоотой байсан болохоор бие биенээ сайн дэмждэг. Одоо бид нэг охинтой.

-Таны зуны амралт ногооны талбайд өнгөрдөг байсныг дууллаа. Ажилсаг хүүхэд байжээ. Хичээлийн хажуугаар волейбол тоглоно бас зуны цагт аав, ээждээ тусална?

-Би багаасаа л хар бор ажлыг хийж ирсэн. Ногооны ажил дөрөвдүгээр сараас эхлээд аравдугаар сард дуусна. Энэ хугацаанд гэр бүлээрээ ногооны талбайд өнжинө шүү дээ. Аав маань аграномич мэргэжилтэй. Тиймээс манайх гэдэг айл газар тариаланд хамгийн ойр байлаа. Одоо ч аав минь ногоогоо тарьдаг. Найзуудтайгаа ногооны ажлаа хийчээд барилдана. Ер нь тэр үе сайхан байжээ. Зуны амралтаар хүүхдүүд гэртээ амарч байхад би хөдөө ногооны талбайд өнжинө. Тэдэнд атаархах сэтгэл бас хааяа төрнө. Гэхдээ хүүхэд насанд хийж, сурсан зүйл одоо их хэрэг болдог. Магадгүй бөх болох үндэс суурь ч үүнээс эхлэлтэй болов уу. Хөвгүүд чинь ногооны талбайд их зүйл хийнэ шүү дээ. Хавар, намрын ажил ихтэй үе бас сайхан байсан. Бөөн дурсамж шүү дээ.

-Та хүүхэд байсан үеийнхээ дурсамжаас манай уншигчидтай хуваалцахгүй юу?

-Би өвөөгийн хүүхэд. Манай өвөөг Чирчинжав гэдэг. Өвөөгөө байнга дагаж явдаг хүүхэд байлаа. Нэг өдөр тал дээр хөл нүцгэн найзуудтайгаа тоглоод гүйж явсан чинь өвөө аймгийн төв орохоор мотоциклиэ уначихсан давхиж явав. Би өвөөг дагаж явна гэсээр байгаад хамт явсан юм. Тэгсэн аймгийн төвд хөл нүцгэн очоод их ичиж билээ. Өвөө гутал авч өгч миний санаа амарч байсан. Тэр үед би хараахан сургуульд ороогүй байсан юм. Хүүхэд байхдаа өвөөгийн л хүү байлаа. Энэ дурсамж минь надад их тод үлдсэн дээ. Бас ногооны талбай дээр найзуудтайгаа барилдаж явсан үе минь сайхан. Одоо ч багын найзуудтайгаа ярих зүйл их байдаг. Ер нь хүний хүүхэд нас гэдэг гэгээн мөрөөдлөөр дүүрэн сайхан үе шүү. Тэр үед хийж байсан зүйл одоо ч хэрэг болж байна. Тэгэхээр би ногооны талбайд ажиллаж, өөртөө багагүй хүч тэнхээ хуримтлуулж байж дээ.

Их сургуулиа төгсөх жилээ бөхөөр барилдаж эхэлсэн болохоор аавын минь надад зөвлөсөн зөвлөгөө өнөөдрийн энэ амжилтын минь эхлэл байсан. Тиймээс дурсамж гэхээр хамгийн түрүүн хүүхэд насны тэр сайхан дурсамжаа хуучлах дуртай.

-Сумын заан болсны дараа жилээ аймгийн цолонд хүрсэн гэдэг. Аав, ээжийнхээ ажилд нь тус болдог байсан хүү тэднийг баярлуулсан гэхээр сайхан байх. Энэ талаар ярилцаад яриагаа өндөрлөе.

-2011 онд Ховд аймгийн Мөнххайрхан суманд түрүүлээд сумын заан болсон үе минь их тод үлдсэн. Дараа жил нь аймгийн заан болж, мөн ч их баярласан. Манай сумын бөхчүүдээс ойрын хэдэн жил аймгийн наадмын үзүүр, түрүүнд үлдээгүй байсан юм билээ. Намайг аймгийн наадамд тэгж сайн барилдана гэж аав, ээжээс эхлээд төсөөлөөгүй олон хүн байсан гэдэг. Ер нь энэ барилдааны дараа надад нутаг орноороо баярласан байдаг. Бас 2014 оны цагаан сарын барилдаанд анх үзүүрлэсэн маань мартагдашгүй барилдааны нэг байсан. Тухайн үед үзүүрлэнэ гэж бодож байгаагүй. Мэдээж төрийн наадмын улсын цолны барилдаанууд минь их сайхан санагддаг. Би улсын наадамд дөрвөн жил барилдаж, цолонд хүрсэн. Мэдээж барилдаан бүр хариуцлагатай шүү дээ. Өнөөдөр энэ сайхан цолонд хүрээд бас ард түмнийхээ итгэл хайрыг аваад явах минь их том аз завшаан юмаа. Мэдээж бэлтгэл, сургуулилтаа сайн хийж, түмэн олныхоо итгэлийг алдахгүй улам л өөрийгөө дайчилна даа. Энэ дашрамд, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэс, “Их Монгол” сан, “Од” групп, Зорчигч тээврийн нэгтгэл компанийн хамт олондоо баярлаж байгаагаа хэлье. Мөн байнга, тусалж дэмждэг бүгдэд талархаж байна. Та бүхэндээ шинэ оны баярын мэнд хүргэе.

ОРГИХЫН ХАНГАЙ

  • Ховд аймгийн Буянт сумын харьяат, үндэсний бөхийн харцага цолтой,
  • 2012 онд Ховд аймгийн баяр наадамд аймгийн харцага Н.Батсайханд өвдөг шороодон үзүүрлэж, “Аймгийн заан” цол хүртсэн,
  • 2013 онд Бүх цэргийн наадамд тав дөвж шөвгөрөн “Нэмэх” чимэг хүртсэн,
  • 2013 онд Ховд аймгийн баяр наадамд аймгийн начин Д.Бадамгараваар найм даван түрүүлж, “Аймгийн арслан” цол хүртсэн,
  • 2017 онд Бүх цэргийн баяр наадамд тав давж шөвгөрөн “Өсөх” чимэг цол хүртсэн,
  • 2017 онд Улсын их баяр наадамд тухайн үед аймгийн арслан цолтой байсан улсын начин Б.Сериктэй тунан барилдаж, зургаа давж шөвгөрч, “Улсын харцага” цол хүртсэн.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
65
ЗөвЗөв
7
ГайхмаарГайхмаар
6
ТэнэглэлТэнэглэл
5
ХөөрхөнХөөрхөн
2
ХахаХаха
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж