Шилдэг тоглогчдыг цуглуулж, амжилтанд хүрсэн багууд

Хуучирсан мэдээ: 2018.12.30-нд нийтлэгдсэн

Шилдэг тоглогчдыг цуглуулж, амжилтанд хүрсэн багууд

Шилдэг тоглогчдыг цуглуулж, амжилтанд хүрсэн багууд

Багийн спортод олон авъяаслаг тоглогчдыг нэг дор цуглуулж хүчирхэг, дийлдэшгүй багийг бүрдүүлэх явдал олон бий. Эдгээр багууд тухайн спортын төрөлдөө өөрсдийн хаанчлалыг бүтээж чаддаг бол зарим нь ердөө 2-3 жилийн супер амжилт үзүүлээд алга болдог. Ингээд спортын түүхэнд тодоор бичигдэн үлдсэн зарим супер багийн бүрдлийг танилцуулая.

1995-2001 оны Колорадо Эвеланш баг

Өнөө цагийн Колорадо Эвеланш багийн түүхэнд нэрээ мөнхөлсөн тоглогч бол Ж.Саких юм. Түүний эрин үед Колорадо Эвеланш баг багийн түүхэнд хүртсэн 2 цомоо хоюуланг нь өргөсөн байдаг. Гэхдээ эдгээр 2 цомын сүүлийнх нь буюу 2001 оны стэнлийн цом хүртсэн улирал бол багийн түүхэн дэх хамгийн амттай амжилт байсан юм. Тухайн улирал Колорадо Эвеланш баг стэнлийн цомыг хүртэсний зэрэгцээ ҮХЛ-н бусад 7 шагналыг багийн тоглогчид нь хүртсэн байдаг. Ж.Саких, Б.Рой, П.Форсберг нарын шилдэг тоглогчид дээр нэмэгдэж ирсэн Р.Блэйк, Р.Бурк нар Колорадо Эвеланш багийг маш хүчирхэг болгосон юм.

2007-2012 оны Бостон Селтикс багийн Шинэ Их Гурвал

НБА-н аварга цолыг хамгийн олон хүртсэн баг бол зүүн эргийн Бостон хотын Бостон Селтикс баг юм. Атлантын далайн эргийн Бостон хотын баг 17 удаа аваргын цомыг өргөсөн амжилтаар тэргүүлдэг. Гэвч тэдний 16 цом нь ХХ зуунд, тэр дундаа НБА-н домогт тоглогч Л.Бёрдтой хамаатай. Тэгвэл шинэ зуунд Д.Эйнж багтаа НБА-н аваргын цомыг авчирахын тулд Р.Алленыг тухайн үеийн Сиатл Суперсоникс багаас, К.Гарнеттыг Миннесота Тимбервулвз багаас авчирсан. Багийн менежер Д.Эйнжийн багтаа аваргын цомыг авч ирэх “мастер төлөвлөгөө” амжилттай хэрэгжиж П.Пирс тэргүүтэй Р.Аллен, К.Гарнетт нарын Их Гурвал нэгдсэн эхний улиралдаа л НБА-н аварга цолыг хүртсэн. Хэдийгээр олон жилийн амжилт үзүүлж чадаагүй ч эдгээр Их Гурвал 1 удаа аваргын бөгж зүүж, хоёронтоо бүсийн аварга болж 5 удаа дивизионы аварга болсон байдаг.

2007-2012 оны “Ялагдашгүй Арамада” Испаний шигшээ баг

Хөлбөмбөгийн ертөнцөд “Сайн клубтэй ч муу шигшээ багтай” гэж үеийн үед хэлэгдэж ирсэн Испаний шигшээ баг одоогоос арваад жилийн тэртээ дэлхийн болон Европын тавцанд зогсоогдошгүй багийг бүрдүүлсэн. Л.Арагонесын бүрдүүлж, В.дель Боскегийн засаж сайжруулсан Испаний шигшээ баг 2008, 2012 онд дараалан Европын аварга болж, 2010 онд анх удаагаа дэлхийн аварга цолыг хүртсэн. Хаалган дээр И.Касильяс, хойноо С.Рамос, К.Пуйоль, Ж.Пике, дундаа Ш.Алонсо, Шави, А.Иньеста, урдаа Ф.Торрес, Д.Вилла нар багийн цөмийг бүрдүүлж байсан “Ялагдашгүй Арамада” байрлалаа алдахгүй, багаараа сэтгэж, төвийн бүсдээ маш санаачлагатай тоглолтыг үзүүлж нэгэн үе өөрсдийн хаанчлалыг тогтоосон.

2011-2014 оны Миамигийн ИХ ГУРВАЛ

Миами Хит багийн 30 жилийн түүхэн дэх хамгийн оргил амжилт бол 2010-2014 оны улирал байсан юм. Багийн удирдлагууд 2010 оны 7 сарын 1-нд Л.Жеймс болон К.Бош нарыг багтаа нэгтгэсэн нь орчин цагийн сагсан бөмбөгийн түүхэн дэх хамгийн шилдэг Их Гурвалыг бүрдэх эхлэл болсон. Багийн лидер Д.Уэйд дээр 2003 оны драфтын “анги”-н залуус болох Л.Жеймс, К.Бош нарыг авчирсан нь НБА-д Миами Хит багийн 4 жилийн хаанчлалыг авчирсан. Энэ хугацаанд Миами Хит баг 4 удаа бүсийн аварга болж 2 удаа НБА-н аварга цолыг хүртсэн байдаг

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж