ШУТИС-ийн харьяа Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн /ХҮСХХ/ Ноос, ноолуур судлалын салбарын 2016-2018 онд хэрэгжүүлж буй доктор(Sc.D), профессор Г.Надмид удирдагчтай “Нэхмэлийн үйлдвэрийн хими технологийн боловсруулалтад хэрэглэдэг зарим материалыг байгалийн гаралтай түүхий эдээр орлуулан хэрэглэх технологийн судалгаа” сэдэвт ШУТ-ийн төслийн судалгаа, үйлдвэрлэл туршилтын ажлын үр дүнд бий болсон "Ургамлын био бэлдмэлээр боловсруулсан эко бүтээгдэхүүн" нь 2018 оны ХҮСХХ-ийн шилдэг бүтээлээр шалгарсан.
Ургамлын био бэлдмэлээр боловсруулах технологи нь эко-органик ноолууран нэхмэл, сүлжмэл бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг бий болгохоос гадна будах болон гүйцэтгэн боловсруулалтын технологиудыг нэг үечлэлд оруулсан онол-практикийн ач холбогдолтой шийдлийг бий болгосон. Ноос ноолуурыг ургамлын био бэлдмэлээр боловсруулснаар байгалийн зөөлөн дулаан өнгө, антибактериал, хэт ягаан туяанаас хамгаалах чадвар, зөөлөн чанарыг нь сайжруулан, кератины химийн өөрчлөлт болон пиллинг үүсэлтийг багасгасан зэрэг хэрэглээний давуу шинж чанарыг бий болгосон. Үүнийг нэг жишээ бол ХҮСХХ-тэй хамтын ажиллагаатай Япон улсын KE’KEN Нэхмэлийн шалгалт, баталгаажуулалтын төвөөр антибактериал шинж чанарыг шинжлүүлэхэд энгийн хонины ноосон шааль дээр -0.5 буюу антибактериал идэвхгүй байсан бол ургамлын био бэлдмэлээр боловсруулсан ноосон шааль дээр +2.8 буюу антибактериал идэвхтэй гэсэн шинжилгээний дүн гарч эко бүтээгдэхүүн нь антибактериал шинж чанартай болохыг баталсан.
Мөн төслийн туршилт судалгааны ажлын хүрээнд төслийн удирдагч, доктор(Sc.D), профессор Г.Надмидын санаачилсан Ариунаа сури дизайнертай хамтран ажиллаж буй ажлын эхний үр дүнг 2018 оны арванхоёрдугаар сарын 1-нд Designer’s special fashion show-гаар олон нийтэд танилцуулсан. Энэ арга хэмжээний үеэр дизайнер Ариунаа сури "Шилдэг брэнд үүсгэн байгуулагч" шагнал авсан.
Энэхүү эко бүтээгдэхүүний туршилт судалгааны ажлыг төслийн багийн үндсэн гишүүд доктор (Sc.D), профессор Г.Надмид ЭША, докторант С.Цэрэндулам, ЭША, докторант Г.Батчимэг, ЭША, докторант Х.Соёл-Ундрах, ИХА-н дарга Ч.Батсүрэн, ЭША, докторант Б.Хонгорзул, ЭША, докторант Э.Дагвасүрэн, шинжээч Д.Цэвэлмаа нар гүйцэтгэснээс гадна төслийн оролцогч М.Тамара, Р.Бавуудорж, Ц.Цэнд-Аюуш, Ариунаа сури нар хамтран ажилласан юмаа
Эх сурвалж: ХҮСХХ-ийн Ноос ноолуур судлалын салбар
Холбоотой мэдээ