Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 1800-1286 дугаарын утсанд арванхоёрдугаар сарын 3-14-ний хооронд 83 иргэн гомдол ирүүлж, мэдээлэл авчээ. Мөн Зөвлөгөө мэдээллийн төв арванхоёрдугаар сарын 10-23-ны хооронд 744 иргэнд үйлчилж албан бичиг, өргөдөл гомдол хүлээн авч гарын авлага, зөвлөмж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн байна.
Түүнчлэн шинэ жилийн баярын өдрүүд буюу арванхоёрдугаар сарын 29-нөөс 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрүүдэд Мэргэжлийн хяналтын байгууллага байнгын бэлэн байдалд байж, хариуцлагатай жижүүр ажиллуулж байна.
Тодруулбал иргэд 7012-8012 болон орон нутагт тухайн аймгийн Мэргэжлийн хяналтын байгууллагын утсаар холбогдон мэдээлэл, санал, гомдол өгөх боломжтой юм байна.
Мэргэжлийн хяналтын байгууллага шинэ жилийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэхдээ иргэдийг дараах зүйлд анхаарахыг сануулж байна. Тухайлбал, хаяг шошгын мэдээлэл бүрэн, хадгалах, хэрэглэх хугацаа дуусаагүй, хадгалалтын нөхцөл алдагдаагүй, уут савлагаа нь бүрэн бүтэн, чанар, аюулгүй байдал нь алдагдаагүй хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг сонгох. Мөн хоол, хүнсээ аль болох тухай бүрт нь шинээр бэлтгэн хэрэглэх, бэлэн болсон хоол, хүнсийг тасалгааны хэмд дөрвөөс цагаас дээш хугацаанд хадгалахгүй байх, бялуу, салат зэрэг түргэн муудах хүнсийг зохих хэмд хадгалах, хоол хүнсээр дамжих халдвар, хордлогоос урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.