ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев Украинаас импортлодог 510 сая ам.долларын өртөг бүхий 50 нэр төрлийн бараанд хориг тавьж байгаа тухайгаа өчигдөр /2018.12.29/мэдээлжээ. Энэ удаагийн хориг нь саяхан ОХУ-ын бараанд тавьсан хоригоо сунгасан Киевын эсрэг авч буй хариу арга хэмжээ бөгөөд хэрэв Украины тал хоригоо буцаавал бид ч мөн адил хариу үзүүлнэ гэж Медведев твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдэв.
ОХУ-ын Засгийн газрын албан ёсны сайтад дээрх 50 төрлийн бараа бүтээгдэхүүний жагсаалтыг нийтэлжээ. Үүнд гурил гурилан бүтээгдэхүүн, наранцэцэгийн тос, чихэр, шоколад, жимс, хүнсний ногоо, лаазалсан загасан бүтээгдэхүүн, шар айраг зэрэг хөдөө аж ахуйн гол бүтээгдэхүүн түүхий эд багтаж байгаа юм байна. Мөн зарим төрлийн машин механизм, багаж тоног төхөөрөмжний импортоо ч хязгаарлахаар болжээ.
Украины Засгийн газар арванхоёрдугаар сарын 18-ны өдөр ОХУ-ын 30 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнд тавьсан хоригоо 2019 он сүүлч хүртэл сунгаж байгаагаа мэдэгдэж байсан юм.
Эх сурвалж: RT