Долоо хоногийн онцлох үйл явдал

Хуучирсан мэдээ: 2018.12.30-нд нийтлэгдсэн

Долоо хоногийн онцлох үйл явдал

Долоо хоногийн онцлох үйл явдал

NEWS агентлаг өнгөрч буй долоо хоногт улс эх оронд өрнөсөн онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна


 – АРДЫН УРАН ЗОХИОЛЧ Ш.СҮРЭНЖАВЫГ СҮҮЛЧИЙН ЗАМД НЬ ҮДЭЖ ӨГӨВ – 

Өнгөрч буй долоо хоногт Монгол Улсын Ардын уран зохиолч, Төрийн шагналт яруу найрагч Шаравын Сүрэнжавыг монголын ард түмэн сүүлчийн замд нь үдэж өглөө.

Шаравын Сүрэнжав нь “Ерэн баатрын дууль”, “Багш”, “Би тэнгэрийн хүү”, “Миний Монгол”, “Ард Монгол”, “Гар” зэрэг иргэний утга уянгын шүлэг найраглал хийгээд “Хэрлэнгийн барьяа” роман, “Амьд явбал нэгийг үзнэ”, “Мартаж болшгүй он жилүүд”, “Долгионт жилүүдийн туужис” зэрэг эсээ дурсамж, эрийн гурван наадмын тухай өгүүлсэн “Гарьд магнай”, “Тод магнай”, “Цэц магнай” уран сайхны кино зэрэг бүтээлээрээ олон түмний хүндлэлийг хүлээж, хайрлуулсан Монгол Улсын Ардын уран зохиолч, Төрийн шагналт яруу найрагч байсан билээ. Түүнтэй салах ёс гүйцэтгэх үйл ажиллагаа даваа гаригт /2018.12.24/ Соёлын төв өргөөнд болж,  Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд  тэргүүтэй улс төр, нийгмийн зүтгэлтнүүд оролцон, гэр бүл, үр ач, ахан дүүст нь гүн эмгэнэл илэрхийлэв.

-МОНГОЛ УЛСЫН АНХНЫ ДУУРИЙН ДУУЧИН Г. ХАЙДАВ БУРХНЫ ОРОНД ЗАЛАРЛАА – 

Шинэ оны өмнөхөн Монгол түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн, хөдөлмөрийн баатар, Монголын анхны дуурийн дуучин Г.Хайдав 93 насандаа бурхны оронд заларлаа.

Тэрээр 1925 онд одоогийн Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд төрсөн бөгөөд Соёл урлагийн их сургуулийг байгуулах ажлыг санаачилж байв.  Урлагийн тайзнаа 80 гаруй жил дуулсан тэрээр урын сандаа 700 гаруй дуутай. Гонгорын Хайдав нь Монголын болон дэлхийн томоохон романс, ари, дууриудыг дуулсан гайхамшигт нэгэн байсан билээ.


-СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ТАЙВАН ЖАГСААЛ БОЛОВ-

Өнгөрч буй долоо хоногт  УИХ-ын нэр бүхий гишүүд УИХ-ын дарга М.Энхболдыг огцрохыг шаардаж, Сүхбаатарын талбайд "МАНАН дэглэмийн эсрэг монгол түмний нэгдэл" эсэргүүцлийн тайван жагсаалыг зохион байгууллаа.

УИХ-ын нэр бүхий гишүүд, эвсэл хөдөлгөөнүүд, УИХ-д суудалтай намууд нэгдэж МАНАН дэглэмийн эсрэг “Монгол түмний нэгдэл” хөдөлгөөнийг үүсгэн байгуулсан юм. Тэд УИХ-ын даргыг өөрийн хүсэлтээр огцрохыг шаардаж, жагсаалд иргэдээс гадна УИХ-ын таван гишүүн оролцов.


-ЗАСГИЙН ГАЗРЫН ТҮҮХЭН ШИЙДВЭР-

Засгийн газрын ээлжит хуралдаан лхагва гаригт /2018.12.26/ болж өндөрлөсөн. Хуралдаанаар Тавантолгой ордыг түшиглэж цахилгаан станц байгуулах шийдвэрийг гаргажээ. Ингэснээр ирэх 2019 оноос эхлэн Оюутолгойн эрчим хүчний хангамжийн тодорхой хэсгийг  дотооддоо хангаж эхлэх юм байна.

Тавантолгойг түшиглэн барих Оюутолгой, Тавантолгойг эрчим хүчээр хангах 300 мегаваттын цахилгаан станцыг 2023 оны зургадугаар сард ашиглалтад оруулна гэж Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн мэдэгдэв.

Дашрамд дуулгахад, Оюутолгой компани нь БНХАУ-аас 110 мегаваттын цахилгаан эрчим хүчийг 170 сая ам.доллароор худалдан авдаг. Оюутолгойн эрчим хүчний нийт хэрэглээ Монгол Улсын хэрэглээний 20 хувьтай тэнцдэг хэмээн үздэг юм байна.

 -ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ДЭД САЙДЫГ ЧӨЛӨӨЛӨВ

Мөн Засгийн газрын ээлжит хуралдаанаар Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаярыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргажээ. Түүнийг ямар үндэслэлээр албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан нь одоогоор тодорхой бус байгаа. Дэд сайд Б.Энхбаяр нь өөрөө чөлөөлөгдөх өргөдлөө өгөөгүй. Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн тэрбээр дагуу байр сууриа илэрхийлэхдээ "Таалагдахгүй байна гэсэн үндэслэлээр чөлөөлснийг хэвлэлээс мэдлээ" хэмээн жиргэжээ.


-ТӨРИЙН ШАГНАЛ-

Шинэ оны босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга төрийн дээд одон медалийг гардуулдаг уламжлалтай. Ингээд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу дараах эрхэмүүд төрийн дээд одон медаль, цолыг хүртсэн юм.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар – Ардын уран зохиолч Бөхийн Бааст

Монгол Улсын ардын жүжигчин – Гавьяат жүжигчин Дамдинжавын Түвшинжаргал

Монгол Улсын ардын эмч – Гавьяат эмч Норовын Оюундэлгэр

Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор

  • “Говь” ХК-ийн ахмад ажилтан Балдангийн Галбадрах,
  • “Их засаг” их сургуулийн аж ахуй эрхэлсэн проректор Жамбалын Хайдав нарыг тус тус шагналаа.

Монгол Улсын гавьяат багш цолоор

  • Монголын Хүүхдийн ордны дуу хөгжмийн багш Сандуйжавын Ганчимэг,
  • Нийгмийн ухааны дээд сургуулийн багш Санжаажавын Дамба,
  • Нийслэлийн Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны өндөр настан, ахмад багш Дорждэрэмийн Лхагвасүрэн,
  • Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны өндөр настан, ахмад багш Гочоогийн Наянтай,
  • Орхон их сургуулийн инноваци эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал Цэдэндамбын Содов,
  • “Шинэ-Үе” дунд сургуулийн орлогч захирал Нямаагийн Цэрэндолгор,
  • Монголын хүүхдийн ордны багш Батнасангийн Энхтуяа нарыг шагналаа.

Монгол Улсын гавьяат жүжигчин цолоор

  • Баянхонгор аймгийн хөгжимт драмын театрын уран сайхны удирдагч Цэндийн Алтанцэцэг,
  • СУИС-ийн дуулаачийн ангийн ахмад багш Дуламын Баасанжав,
  • “Маск” продакшны жүжигчин Магсаржаламын Баярмагнай нарыг Монгол Улсын гавьяат жүжигчин цолоор шагнав.

Монгол Улсын гавьяат малын эмч цолоор

  • Дорнод аймгийн Булшан сумын өндөр настан Рагчаагийн Дугарыг шагналаа.

Монгол Улсын гавьяат тамирчин цолоор

  • “Улаанбаатар” фитнесс клубын тамирчин Гамбагын Угалзцэцэгийг шагнав.

Монгол Улсын гавьяат тээвэрчин цолоор

  • ГХЯ-ны дипломат байгууллагын үйлчилгээ эрхлэх газрын ахмад ажилтан Далхаагийн Дуйнхаржав,
  • Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын өндөр настан, ахмад тээвэрчин Гимбэлийн Падсүрэн нарыг шагналаа.

Монгол Улсын гавьяат хуульч цолоор

  • “Сутай” хууль зүйн дээд сургуулийн захирал Дамдины Алтангэрэл,
  • МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, доктор профессор Тэшигийн Мөнхжаргал нарыг шагнав.

Монгол Улсын гавьяат эдийн засагч цолоор

  • “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн Санхүү, эдийн засаг эрхэлсэн дэд захирал Буян-Өлзийн Жаргалсайханг шагнав.

Монгол Улсын хүний гавьяат эмч цолоор

  • АШУҮИС-ийн АУС-ийн Эх барих, эмэгтэйчүүд судлалын тэнхимийн ахлах багш Гочоогийн Мэндсайхан,
  • Нялхасын клиник сувилалын ерөнхий менежер Хашбатын Хаш-Иш нарыг хүний гавьяат эмч цолоор тус тус шагналаа.

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн цолоор

  • Үндэсний төв номын сангийн ахмад судлаач, зааварлагч Шарав-Арилдын Базар,
  • Хууль сахиулахын их сургуулийн ахмад багш Дамбын Цогт-Очир нарыг Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор шагнав.

Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор

  • Завхан аймгийн Боловсрол, соёлын газрын морин хуурын багш Юндэнгийн Дэлгэрнасан,
  • Хөгжим бүжгийн коллежийн аж ахуйн албаны дарга Дагванамдалын Баатар,
  • Монгол Улсын консерваторын багш Балжиннямын Пүрэвдорж нарыг шагналаа.

Монгол Улсын үйлчилгээний гавьяат ажилтан цолоор

  • Гаалийн ерөнхий газрын дэд дарга Ёндонгийн Бат-Эрдэнэ,
  • ОБЕГ-ын Үндэсний аврах бригадын тэргүүн ахлагч Жамсрангийн Баяртогтох нарыг шагнав.

Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор

  • Шинжлэх ухааны академийн хэл, зохиолын хүрээлэнгийн салбарын эрхлэгч Очирбатын Самбуудоржийг шагналаа.

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор

  • Батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлого судлалын төвийн дарга, Бригадын генерал Чимэддоржийн Сосорбарам,

Алтангадас одонгоор

  • Хүндийн өргөлтийн спортын мастер Цэрэндоржийн Оюунчимэг,
  • “Төгөл” эмэгтэйчүүдийн эмнэлгийн их эмч Дагвын Бямбадорж,
  • Баян-Өлгий аймгийн Өлгий сумын дунд сургуулийн сурагч Нургайвын Айшолпан нарыг Алтангадас одонгоор шагнав.

Цэргийн гавьяаны одонгоор

  • Зэвсэгт хүчний жанжин штабын Ажиллагааны удирдлагын газрын офицер, Дэд хурандаа  Гончигдоржийн Хатанбаатар

Цэргийн хүндэт медалиар

  • Нийслэлийн онцгой байдлын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн Гал түймэр унтраах асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Жаргалсайханы Алтанхуяг

Шударга журам медалиар

  • Нийслэлийн онцгой байдлын газрын Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал сөнөөгч, ахлах ахлагч Сүрэнгийн Очирсумлай нарыг шагналаа.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Шилдэг залуу ажилчинд шагнал олгох тухай” зарлиг гаргаж, Монгол-Солонгосын хамтарсан политехникийн коллежийн оюутан, гагнуурчин Эрдэнийн Уужимсэтгэлд  Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит Шилдэг залуу ажилчин шагнал олгов

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Дипломат цол олгох тухай” зарлиг гаргаж, Гадаад харилцааны салбарт олон жил үр бүтээл, идэвх санаачилгатай ажиллаж, гадаад бодлогын тэргүүлэх зорилтуудыг хэрэгжүүлэхэд оруулсан бодит хувь нэмрийг өндрөөр үнэлж:

Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд цолыг

  • Монгол Улсаас Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лодойдамбын Галбадрах
  • Улсын Их Хурлын гишүүн, Гадаад харилцааны сайд Дамдины Цогтбаатар нарт

Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин цолыг

  • Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Батлайн Чулуунхүү,
  • Монгол Улсаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын байнгын төлөөлөгчийн газар суугаа байнгын төлөөлөгч, Элчин сайд Сүхээгийн Сүхболд нарт гардууллаа.

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 29-ний өдрийг 2007 оноос эхлэн  Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны өдөр болгон хуульчилж, бүх нийтээр тэмдэглэж ирсэн.  Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан 107 жилийн ойн энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж "Монголын геологи ба ашигт малтмал” хэмээх 8 боть бүтээлд Төрийн соёрхол хүртээлээ.


-ХОТЫН ДАРГЫГ ТОМИЛОХ АСУУДЛЫГ ДАВАА ГАРИГТ ХЭЛЭЛЦЭНЭ-

Өнгөрч буй долоо хоногийн баасан гаригт Улаанбаатар хотын захирагч бөгөөд Нийслэлийн Засаг даргыг томилох асуудлыг НИТХ авч хэлэлцэн, томилох ёстой байсан. Гэвч, НИТХ дахв АН-ын бүлгээс хотын даргыг хэлэлцэх асуудлыг хойшлуулах санал гаргаж, асуудлыг ирэх даваа гаригт хүртэл хойшлуулсан юм

МАН-ын Удирдах Зөвлөлөөс НИТХ-ын дарга С.Амарсайханыг хотын даргад нэр дэвшүүлэхээр тогтоод байгаа билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж