“Эрдэнэт” үйлдвэрээ өргөтгөж байна

Хуучирсан мэдээ: 2015.03.13-нд нийтлэгдсэн

“Эрдэнэт” үйлдвэрээ өргөтгөж байна

-Манай сурвалжлагч Г.Нэргүй Орхон аймагт томилолтоор ажиллаж байна-

Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийнхэн хүчин чадлаа өргөтгөж, хүдэр, зэсийн баяжмалын боловсруулалтынхаа хэмжээг 26 хувиар өсгөхөөр болоод байна.

Өнөөгийн үйлдвэрийн хүчин чадал нь жилд 26 сая тонн хүдэр, 550 мянган тонн зэсийн баяжмал боловсруулах боломжтой. Үйлдвэрлэлийг өргөтгөснөөр хүдэр боловсруулалт 6 сая тонноор нэмэгдэж 32 сая тоннд хүрнэ, зэсийн баяжмалын боловсруулалт ч мөн өснө. Үйлдвэрийг өргөтгөхөд зориулж тус үйлдвэрийнхэн дотоод боломжоо ашиглаж, 142 сая ам.долларын хөрөнгө зарцуулж байна. Гэвч дэлхийн зах зээлд зэсийн үнэ буусаар нэг тонн нь 5800 ам.доллараар үнэлэгдэх болсон нь зэс хайлуулах үйлдвэрийг цаг алдалгүй барьж байгуулахгүй бол өрсөлдөх чадварыг бууруулж байгааг үйлвэрийн удирдлага Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатыг “Эрдэнэт” үйлдвэрт ажиллах үед санууллаа.


Энэ тухай болон бусад асуудлаар “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал Б.Даваацэрэнээс тодруулснаа хүргэе.

-“Эрдэнэт” үйлдвэр өнгөрсөн онд хэчнээн тонн зэсийн баяжмал экспортлов. Үйлдвэрээ өргөтгөснөөр экспортын хэмжээ хэд болж нэмэгдэх вэ. Дэлхийн зах зээлд зэсийн үнэ уналттай байна. Эргэж өсөх прогноз байна уу. Зэсийн үнэ унасан нь үйлдвэрийн үйл ажиллагаанд хүндрэл учрах уу?

-“Эрдэнэт” үйлдвэр нь жил болгон 550 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэж, экспортолдог,  боломжит хүчин чадал маань энэ. Өнөө жил өргөтгөлөө ашиглалтад оруулснаар хүчин чадал нэмэгдэнэ. Зэсийн ханшаар судалгаа хийдэг байгууллагуудын өгч байгаа мэдээллээр ирэх зургадугаар сараас зэсийн үнэ бага зэрэг сэргэж магадгүй. Гэхдээ л нэг тонн зэс 6000 ам.доллараас дээш гарахааргүй байна. Ийм нөхцөлд эдийн засгийн хүнд байдал үргэлжилнэ. 2015 он гарсаар 1 тонн зэсийн үнэ 6000 ам.доллараас доош буусан учраас “Эрдэнэт” үйлдвэр эдийн засгийн хэмнэлтийн бодлогоо хэрэгжүүлж эхэлсэн цаашдаа ч . энэ чиглэлийн арга хэмжээгээ үргэлжлүүлнэ. Тухайлбал, өөрийн өртөг зардлаа бууруулах чиглэлээр бодитой алхамууд хийж байна. Мөн эдийн засгийн онц байдал зарласан, энэ хүрээнд үйлдвэрт нэн тэргүүнд шаардлагатай хангамжийн асуудлыг шийдэхээс, бусад асуудлыг зогсоосон, Хөрөнгө оруулалтын чиглэлийн тоног төхөөрөмж худалдан авалт зогссон.

-Зөвхөн зэсийн үнэ буурсан нь ийм хүчтэй нөлөө үзүүлж байна уу. Эсвэл өөр шалтгаанууд давхар нөлөөлж байгаа юу?

-Дэлхийн зах зээлд зэсийн үнэ унасантай л холбоотой. “Эрдэнэт” үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Он гараад эхний хоёр сарын байдлаар үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө  биелүүлсэн. Сар болгон 40-45 мянган тонн зэсийн баяжмал экспортод гаргаж байна. “Эрдэнэт” үйлдвэрийн хувьд 2015 оны бизнес төлөвлөгөөгөө 1 тонн зэс 6800 ам.доллар байна гэж тооцсон. Зардал, улсын төсөвт оруулах татварын орлогоо ч энэ хэмжээгээр тооцсон. Харамсалтай нь, ханш бидний төлөвлөснөөс 1000 ам.доллараар доогуур байна. Энэ хэмжээгээр борлуулалтын орлого 100 гаруй сая ам.доллараар буурсан.

Зэсийн ханшаар судалгаа хийдэг байгууллагуудын өгч байгаа мэдээллээр ирэх зургадугаар сараас зэсийн үнэ бага зэрэг сэргэж магадгүй. Гэхдээ л нэг тонн зэс 6000 ам.доллараас дээш гарахааргүй байна.

-Зэс хайлуулах үйлдвэр баръя гэсэн төлөвлөгөө байна уу?

-Үйлдвэр байгуулагдаад 37 жил болж байна, энэ хугацаанд манай үйлдвэрийн хамт олны мөрөөдөл бол зэс хайлах үйлдвэр барих. Хийсэн судалгаа ч маш их. Харамсалтай нь, улс төрийн нөхцөл байдал, зах зээлийн нөхцөл байдлаасаа хамаараад энэ ажил өнөөдрийг хүртэл бодит байдлаараа хэрэгжээгүй. Одоо зэс хайлуулах үйлдвэрээ барих цаг нь болсон. Яагаад гэвэл Монгол Улсад зөвхөн “Эрдэнэт” үйлдвэр зэсийн баяжмал экпортлогч байсан бол Оюутолгой компани нэмэгдсэн, удахгүй Цагаан суваргын ордыг ашиглана. Нэлээн хэдэн ордууд ч бас судлагдаж байна. Тэгэхээр зэсийн баяжмалын экспорт огцом нэмэгдэнэ. Цэвэр зэс үйлдвэрлэх асуудлаа шийдэх цаг нь болсон. Монгол Улсын Засгийн газар, Аж үйлдвэрийн яамнаас тодорхой шийдвэр гаргая гээд сайд ажиллаж байна. Бидний ярьж байгаа том зүйл бол зэс хайлуулах үйлдвэрээ хаана барих вэ, ямар хөрөнгийн эх үүсвэрээр барих вэ, ямар хэлбэрээр бариулах вэ, хэнээр бариулах вэ гэдэг асуудлыг яаралтай шийдэх ёстой.

-“Эрдэнэт” үйлдвэр Орос, Монголын хамтарсан хөрөнгө оруулалттай үйлдвэр. Энэ асуудалд Оросын талаас санал өгч байгаа юу?

-Оросууд үйлдвэр ашигтай ажиллаасай, эдийн засгийн хүнд үед өөрсдийгөө аваад гараасай л гэж хүсэж байгаа. Цаашдаа бол экспортод гардаг өрсөлдөөн нэмэгдээд бүтээгдэхүүний хэмжээ нэмэгдэх юм бол Эрдэнэт  газар зүйн байршлын хувьд гол экспортлогч Хятад улсын нутаг дэвсгэрээс хол учраас тээврийн зардал нэмэгдэх, өндөр өртөгөөр борлуулах энэ утгаараа зэс хайлуулах үлдвэрийг яаралтай барих ёстой гэж үзэж байгаа. Зах зээлийн нөхцөл ч тэгж шаардаж байгаа, төрийн бодлого ч бас дэмжиж байгаа. Ямар арга замаар, технологиор барих вэ гэдэг гаргалгааг гаргаж шийдэх ёстой.

-“Эрдэнэт”-ийн зэсийн нөөц удахгүй дуусна гэх асуудал үе үе хөндөгддөг. Энэ нөхцөлд үйлдвэрийг яах вэ?

-“Эрдэнэт” үйлдвэрийн зэсийн нөөц дуусах болоогүй. Байгуулагдсанаасаа хойш 37 жил ажиллаж байна, дахиад 37 жил ажиллах нөөц бий. Зэсийн нөөц дуусаж байна гэдэг мэдээлэл ташаа.

-Шахааны бизнес зогссон гэж ойлгож болох уу?

-Шахааны бизнес зогсож байна. Нийлүүлэгч компаниудын хувьд ашиг бодно, Гэхдээ үйлдвэр зах зээлийн үнээс өндөр үнээр бараа авна гэдэг өөрсдийнхөө эдийн засгийн нөхцөл байдлыг хүндрүүлэхийн нэг хэлбэр шүү дээ. Өнөөдөр зэсийн үнэ ч муу байна,  эдийн засгийн нөхцөл ч хүнд байна, Харилцан ашигтай байх зарчмыг л барина.

Г.НЭРГҮЙ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж