Австрийн хөгжимчид Монголын тайзнаа

Хуучирсан мэдээ: 2015.03.13-нд нийтлэгдсэн

Австрийн хөгжимчид Монголын тайзнаа

УДБЭТ нь 2015 оны гадаад харилцааны хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор олон томоохон ажил төлөвлөсний нэг нь АНУ-ын ЭСЯ-ны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Harmony of Flute and Harp” төсөл юм. Уг төслийн хүрээнд АНУ-ын флейта хөгжимчин Жэфри Кохан, Австри улсын босоо ятгачин Тина Зердин нар Монголд ирж сургалт явуулж хамтарсан тоглолт зохион байгуулна.

Флейтa болон арфа хөгжимчдийн “Harmony of Flute and Harp” тоглолтыг УДБЭТ-ын тайзнаа 2015 оны 03-р сарын 19-ны 19:00 цагт зохион байгуулах гэж байна. Тоглолтонд зочин хөгжимчид, УДБЭТеатрын хөгжимчид болон оюутан сурагчид оролцож эдгээр хөгжмийн зэмсгүүдийн өвөрмөц сонин бүтээлүүдээс тоглож үзэгчдийн хүртээл болгох бөгөөд УДБЭТеатрын бүжигчид хамтран тоглох юм.

АНУ-ын хөгжимчин Жэфри Кохан нь ОУ-ын эртний хөгжмийн Фландерс фестивалийн конкурсийн дээд шагналтай, флейтa хөгжмийн мастер хэмээх цол хүртэж байсан шилдэг хөгжимчин юм. Тэрээр дэлхийн 25 оронд флейта хөгжмийн тоглолтоо хийж, флейтa хөгжмийг олон улсын түвшинд тунхаглан, шилдэг хөгжмийн зэмсгүүдийн нэг гэдгийг хүлээн зөвшөөрүүлж чадсан чадварлаг нэгэн аж. Түүний хувьд Монгол улсад анх удаа ирж байна.

Жэфри Кохан, Тина зердин нар 03-р сарын 16-нд Монголд ирнэ.

Тина Зердин нь гадаадын болон Австрийн үндэсний симфони найрал хөгжмийн фестивалуудад амжилттай оролцож байсан, одоо Италийн Ла Скала театрт тоглож буй туршлагатай хөгжимчин юм. Тэрээр Монгол-Австрийн дипломат харилцаа тогтоосоны 50 жилийн ойн соёлын арга хэмжээнд оролцохоор 2013 оны 06-р сард монголд анх удаа ирсэн бөгөөд тэр цагаас хойш Монгол- Австрийн засгийн газар хоорондын гэрээгээр УДБЭТ-д босоо ятгачин бэлтгэгч багшаар ажиллаж байна. 2013 оны 11-р сарын 23-нд манай театрын зохион байгуулсан “Босоо ятгын үдэш” тоглолтонд өөрийн удирдлаган доор суралцсан сурагчидтайгаа хамтран дэлхийн сонгодог бүтээлүүдээс эшиглүүлсэн нь монголын сонгодог урлагийн үзэгчдээс өндөр үнэлэлт авч чадсан билээ.

Төслийн хүрээнд Жэфри Кохан нь хөгжмийн сургуулийн оюутнуудад мастер класс явуулж, монголын мэргэжлийн урлагийн байгууллагуудын флейта болон лимбэ хөгжимчидтэй туршлага солилцон уулзалт хийж 5 төрлийн лимбийг танилцуулах юм. Тина Зердин арфа хөгжим суралцаж байгаа оюутнуудтайгаа ажиллаж зөөвөр зөвлөгөө өгч, тоглолтонд хамтран оролцуулна. 

Жэфри Кохан, Тина зердин нар нь 03-р сарын 16-нд Монголд ирэх бөгөөд тоглолт болон сургалтын тухай хэвлэлийн бага хурлыг 03-р сарын 17-ны 11.00 цагт УДБЭТ-ын 2 давхрын фоейнд зохион байгуулах гэж байна.

Тасалбарыг УДБЭТ-ын касс болон www.monda.mn -р худалдаалж байна. Билетийн үнэ 8000,10000,15000 буюу үндсэн үнээр худалдаалагдана.

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж