“Зөөлөн хүчний бодлого үгүйлэгдэж байна”

Хуучирсан мэдээ: 2015.03.13-нд нийтлэгдсэн

“Зөөлөн хүчний бодлого үгүйлэгдэж байна”

“Монголын соёлын өв – гадаад сурталчилгаа” бодлогын хэлэлцүүлэг өнөөдөр Гадаад хэргийн яаманд боллоо. Хэлэлцүүлгийн явцад Соёлын бодлого ба гадаад сурталчилгаа, Соёлын өвийн тулгамдсн асуудлаар ГХ-ны Гадаад сурталчилгаа, мэдээллийн газар, БСШУЯ-ны Соёлын бодлого зохицуулалтын газар, СУИС, Соёлын өвийн төв, ШУА-ын архелиогийн хүрээлэнгийн албаны хүмүүс санал солилцсон юм.

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн “Сүүлийн жилүүдэд “Soft power” буюу зөөлөн хүчний бодлого гадаад бодлогын чухал ойлголт болоод байна. Зөөлөн хүчний бодлогын цөм болсон соёлын харилцаагаар дамжуулан улсаа сурталчлах, имиж бүрдүүлэх,  үндэстнийг брэндчилэх, соёлын өвийг таниулах чиглэлээр хийсэн, хийж байгаа ажлуудаа уялдуулах, гадаад сурталчилгааны нэгдсэн бодлого хэрэгжүүлэх шаардлагатай” гэдгийг онцолж байв.


Монгол Улс 1990-ээд оны хүртэл Гадаад хэргийн яамны дэргэд Соёлын газартай байсан бол сүүлийн хэдэн жил энэ асуудал орхигдож ирсэн аж. Харин энэ жилээс Гадаад хэргийн яаманд Гадаад сурталчилгаа, мэдээллийн газар байгуулагдсан нь соёлын өвөөр дамжуулан улсаа сурталчлахад  чухал гүүр болно гэж үзэж байна.

 

Энэ үеэр хэлэлцүүлэгт оролцогчдын байр суурийг сонирхлоо.

СУИС-ын Тайз, дэлгэцийн урлагийн сургуулийн захирал Ж.Долгорсүрэн:

Соёлын бодлогын  нэг онцгой асуудал нь соёлын олон талт байдлыг бий болгох,  төрөл зүйлийг хадгалж хамгаалах. Үүнд төрийн цэгцтэй бодлого, түүнийг хэрэгжүүлэх механизмыг тодорхойлох шаардлагатай. Монголчууд өөртөө байгаа баялагаа эдийн засгийн эргэлтэд  оруулах арга, туршлага муу байна. Тиймээс бидэн Итгэлт баяны ухаан хэрэгтэй байгаа юм. хүн болгон өөрт байгаа баялагаа яаж эргэлтэнд оруулах уу, аялал жуулчлалын байгууллагатай хэрхэн  хамтарч ажиллах вэ гэдэгт суралцах шаардлага байна.

ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын дарга Г.Жаргалсайхан:

-Юнескогийн гишүүн 195 оронд Монголын өв соёлыг сурталчлах ажил давхар хийгдэж байна. Өнөөдөр соёлынхоо өвийг  хууль бусаар гадагшаа гарах  асуудлыг таслан зогсоох ёстой. Бид  хууль бусаар гарсан соёлын өвийг илрүүлэх, буцааж авчирах тал дээр тодорхой ажил хийж байна. Монгол Улсын нэгдэн орсон конвенцийн хүрээнд олон тооны соёлын өвийг ЮНЕСКО-д  бүртгүүлсэн. Цаашдаа бүртгүүлээд зогсохгүй хадгалж хамгаалах, хойч үедээ өвлүүлэх, Засгийн газар соёлын өвөө сурталчлах тал дээр юу хийж болох вэ гэдэг чухал байна.

Соёлын өвийн төвийн захирал Г.Энхбат:

-Өнөөдрийн хэлэлцүүлгээр  гадаадад гарсан Монгол үндэстэнтэй холбоотой соёлын биет өв, биет бус өвийн чиглэлээрх судалгааг хэрхэн хийх, холбогдох байгууллагатай хамтарч ажиллах асуудлыг хөндлөө. Бидний зүгээс энэ ажлын хүрээнд тусгайлсан мэдээллийн тусгай программ хангамж хийгээд, түүнийгээ олон нийтэд сурталчлах баазтай болох асуудлыг тавьж байна. Манайд байгаа мэдээллээр 1993 онд анх удаа гадаадад байгаа ЭСЯ-д  үүрэг өгөөд гадаадад байгаа соёлын өвөө бүртгэх үүрэг өгч байсан юм билээ. Энэ чиг үүргийн дагуу 30 орчим хуудас материал Азийн болон баруун европын орнуудаас факсаар мэдээлэл ирсэн байдаг. Яг хэдэн дурсгал гадагшаа гарсныг тоогоор хэлэхэд эрт  байна.  Мэдээллийн сантай болсноор тодорхой хугацааны дараа маш нарийн статистик тоо гарна.


Хэлэлцүүлэгт Гадаад хэргийн яам, Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны яам, Шинжлэх ухааны академи, ЮНЕСКО-ын Монголын үндэсний комисс, Соёлын өвийн төв, Дипломат академи, Архивын Ерөнхий газар, СУИС, ШУТИС, Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэн, Олон улсын Монгол судлалын холбоо, Монголын энхтайван найрамдлын байгууллага, Монголын үндэсний музей, Байгалийн түүхийн музей, Богд хааны ордон музей, Чойжин ламын сүм музей, Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Чингис хаан дээд сургууль, Монголын урлагийн зөвлөл, Монгол мэдлэг академи, Үндэсний номын сангийн төлөөлөл оролцлоо.

С.ОТГОН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж