Ерөнхий сайдын чиглэлийн дагуу ЗГХЭГ-ын дарга Г.Зандашатар сайд, салбарын яам, хариуцсан агентлагийнхан болон тагнуул, цагдаагийн тусгай, дотоодын цэргийн бүрэлдэхүүнтэйгээр Дундговь аймагт аймгийн прокурорын хяналтын дор тусгай ажиллагаа зохион байгуулжээ. Тус аймгийн Гурвансайхан суманд байдаг Зүүн болон Салхитын ордыг 2043-2047 он хүртэлх ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг цуцалсан байна. Уг ордын тусгай зөвшөөрлийг Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай компани эзэмшдэг байжээ. Тэд Монгол Улсын хууль тогтоомжуудыг зөрчсөн, татвараа нуун дарагдуулсан, худлаа мэдээлсэн, авилга хээл хахуулийн хэрэгт орооцолдсон гэх асуудлаар шүүх дээр маргаантай байгаа аж.
Салхитын мөнгөний ордын батлагдсан мөнгөний нөөц нь 770 мянган тонн. Мөн алт, газрын ховор метальтай. Эрдэс баялгийн гарцаа нуух замаар олборлож ирсэн тус компани 154 мянган тонн хүдэр экспортонд гарах гэж байхад нь зогсоосон байна. Нийтдээ 200-аад метрийн гүн ухах уурхай одоогоор 60 гаруй метр гүн ухжээ. Ийнхүү Монголын хуулийг зөрчиж байсан гадаадын компаниудын үйл ажиллагааг Засгийн газрын зүгээс зогсоож, тусгай зөвшөөрлүүдийг нь цуцалж улсын мэдэлд авсан байна.
"Салхитын мөнгөний ордыг эзэмшдэг "Жи Пи Эф" ХХК нь 930 сая гаруй төгрөгийн татварыг нууж, худал мэдүүлсэн. Түүнчлэн эрх борлуулахдаа 30 хувийн татвараа улсад тушаагаагүй байна. "Жи Пи Эф" ХХК-д нийт 930.668.417.21 төгрөгийн акт тавьж, Дундговь аймгийн татварын хэлтсийн дансанд 15-н хоногийн дотор шилжүүлэхийг тус компанийн захирал Жин Жиан Минд даалгасан байна. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт “тусгай” зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 16.11, 16.14-д заасан аргачлалын дагуу холбогдох татварыг тайлагнаагүй, эсхүл үнэлгээ тооцоход шаардагдах, мэдээллийг санаатайгаар нуун дарагдуулсан, худал мэдүүлж тайлагнасан гэх үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцлахаар заасан байна" гэж мэдээллээ.
Ж.ЭРХЭС
Холбоотой мэдээ