Барилгын салбарыг “хундаам”-тай болгоё

Хуучирсан мэдээ: 2015.03.13-нд нийтлэгдсэн

Барилгын салбарыг “хундаам”-тай болгоё

Монгол Улсад 2013 онд 1.3 сая ам метр талбайд 20400 айлын орон сууц барьж ашиглалтад оруулсан бол 2014 онд энэ тоо улам өсч 1.8 сая ам метр талбайд 24 мянган айл өрх шинэ байртай болжээ.

Энэ нь барилгын салбарын түүхэнд байгаагүй хурдтай бүтээн байгуул алт. Олон янзын хийцтэй, өндөр өндөр шилэн барилгууд сүндэрлэж XXI зууны монголчууд бид гадаадын улсуудыг гайхахааргүй амьдарч байгаа нь сайн хэрэг. Нэг үгээр, манай улсад барилгын салбар маш хурдтай хөгжиж байна. Та ч санал нийлэх байх.

Гэвч өнгөндөө ийм боловч, тогоон дотроо бугшсан нэг том асуудал үүссээр даруй 20 гаруй жилийг үджээ.

ХУВЬЧЛАХ НЭРЭЭР УСТГАЖЭЭ

Барилга, орон сууц гэдэг бидний зөвхөн ажиллаж, амьдрах хэрэгцээг хангах төдий гэвэл өрөөсгөл ойлголт. Тухайн улсын баялаг болж үлдэхээс гадна түүх соёлын томоохон дурсгалд тооцогддог. Хамгийн гол нь шинжлэх ухааны ололт, судалгаагаар тодорхойлогддог гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Монгол орны нийт газар нутгийн 72 хувь нь газар хөдлөлийн идэвхтэй бүсэд оршдог бөгөөд нийт газар нутгийн 62 хувь нь цэвдэг, хөлдүү хөрстэй. Улаанбаатар дэлхийн хамгийн хүйтэн нийслэл гэгддэг. Дөрвөн уулын дунд жилийн хагаст буюу зургаан сарын турш хасах хэмтэй байдаг энэ бүсэд өдөр, сараар босч буй шилэн барилгууд хэр тэсвэртэй бол. Орон сууцны тэнгэрт хөөрсөн үнэ хэр бодит вэ. Хот төлөвлөлтийн бодлогын алдаа, олон хүний амь насыг авч одсон осол гэмтлийн шалтгаан юунаас болж гардаг, үүнийг засч сайжруулж болохыг судлах шинжлэх байгууллага алга гэхэд болно.

1965 онд Сайд нарын зөвлөлийн тогтоолоор Барилгын шинжилгээний институтийг байгуулж байжээ. Үүнээс хойш Барилгын үйлдвэрлэлийн эрдэм шинжилгээний институт, хот байгуулалтын чиглэлээр хүрээлэнгүүд байгуулагдаж, энэ салбарын эрдэм шинжилгээ, судалгааны оргил үе байсан гэлцэнэ. Нэг хүрээлэнд гэхэд 600-700 хүн ажиллаж тал бүрт судалгаа шинжилгээ хийх зэргээр барилгын материалын тархац, хөрс, аймгуудын төлөвлөлт, үйлдвэр районы байршлыг судалж, норм дүрэм боловсруулах ажил ид өрнөж байжээ. Харин 1990-ээд оноос хүрээлэн, институтүүдийг менежментийн хувьчлалаар ШУА-д харьяалуулснаар хөгжлийн зам нь уруудсан гэдгийг мэргэжилтнүүд дуу нэгтэйгээр хэлж байна.

СУУРЬ СУДАЛГАА ЧУХАЛ

Хамгийн энгийн жишээ гэхэд Улаанбаатар хотын төлөвлөлт юм. Эрх мэдэл, мөнгөнд захирагдаж энд тэнд уулын амыг сэтэлж, гол усны гольдрол дээр барьсан өч төчнөөн барилга нийслэлд бий. Орон сууцны хороолол, хотхон ч байгаа. Судалгаагаар 50-100 жилд томоохон үер давтагддаг юм байна. 1966 оны үерийг нийслэлчүүд сайн мэднэ. Түүнээс хойш 50 жил өнгөрч, барилга байшин эмх цэгцгүй баригдсан өнөө үед томоохон үер болбол давж гарахад хэцүү. Түүнээс гадна барилгын салбарын суурь судалгаа сүүлийн 20 жилд хоцрогдсоор иржээ.

450 гаруй норм, дүрмийг мөрдөж ажилладаг ч энэ нь хуучных аж. Жилд тав, арваар нь шинэчилж байгаа ч удаашралтай байгаа нь шүүмжлэлтэй. Түүнчлэн барилгачдын цалин хөлсний үнэлэмжийг нормчлоогүй, аль 70, 80 оныхоор тооцож иржээ. Барилгын үнэлгээ ч асуудалтай. Манайд судалгааны олон байгууллага байдаг ч тэд зөвхөн орон сууцны зах зээл дээрх үнийг судалдгаас барилгын өөрийн өртөг болох эмнэлэг, сургууль, цэцэрлэг, орон сууцны барилгын ам метр нь тус бүртээ хэдэн төгрөгөөр бүтдэг вэ. Мэргэжлийн байгууллага хэдэн хувийн ашиг хардаг, хөрөнгө оруулагчийн ашиг хэд байгааг тодорхойлсон судалгаа байдаггүй юм байна.

ИНСТИТУТ БАЙГУУЛАХАД ДОР ХАЯЖ ТАВАН ЖИЛ ШААРДЛАГАТАЙ

Засгийн газрын тогтоолоор 2012 онд Зураг төслийн институт байгуулжээ. Жилийн дараа үйл ажиллагааг нь өргөжүүлж Зураг төслийн эрдэм шинжилгээний институт болгосон ч 2014 оны сүүлчээр татан буулгажээ. Эрдэм шинжилгээний байгууллага хөлөө олж оршин тогтнох хугацаа дор хаяж таван жил байдаг. Мэргэжилтнээ цуглуулна, мэргэшүүлнэ, зүг чигээ олоод таван жилийн дараагаас судалгаа, шинжилгээ хийж эхэлнэ. Гэвч ганц, хоёр жилийн дотор үр дүнг нь тооцож ийм байгууллага шаардлагагүй гэж үзсэн нь салбарын хөгжлийн хамгийн том ухралт болсон гэж тайлбарлах нэгэн ч байна.

Гэхдээ энэ салбарт судалгааны байгууллага бүрмөсөн устаж үгүй болоогүй ч одоогийн байгаа холбоо, корпорац, судалгааны институт, лабораториудад мэдлэг чадвартай баг хамт олон бүрэлдэж чадахгүй байгаа гэнэ. Зах зээлийн эрэлт, хэрэгцээг дагаж бизнесийн зорилготой болж үлджээ. Эдгээрт хамгийн ихээр анхаарал хандуулах ёстой салбарын яамны бодлого алдагдсан гэдгийг олон хүн шүүмжилж байгаа юм. Яамныхан өөрсдөө ч үүнийг хүлээн зөвшөөрдөг юм билээ.

Олон барилга босоод л байвал хөгжиж байна гэх нь харалган үзэл. Хот төлөвлөлт, улс орны онцлогт тохирсон материал, хийц, барилгачдын үнэлэмж зэргийг зайлшгүй төрөөс судалж, ирээдүйн хөгжлийн бодлогыг тодорхойлсон байх ёстой. Үүний тулд эрдэм, шинжилгээний томоохон байгууллага зайлшгүй шаардлагатайг мэргэжилтнүүд онцолж байна. Тэд ийм байр суурьтай байна.

Б.ЭНХЗАЯА

Эх сурвалж: "Зууны мэдээ"

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж