АВАРДС: Улстөрчдийн оны онцлох үг, үйлдэл

Хуучирсан мэдээ: 2018.12.29-нд нийтлэгдсэн

АВАРДС: Улстөрчдийн оны онцлох үг, үйлдэл

АВАРДС: Улстөрчдийн оны онцлох үг, үйлдэл

Хуучин оны төгсгөл, шинэ оны босгон дээр алдаа оноо амжилт бүтээлээ дүгнэдэг. Энэхүү жишгээр Монгол Улсаа  хөгжүүлдэггүй ч монголчуудыгаа үргэлж хөгжөөж ирдэг улстөрчдийн трэнд үг, үйлдлээс онцлон амралтын өдрийн чимх инээд хүргэе. 


ОНЫ ОНЦЛОХ ТАМИРЧИН

Энэ номинацид Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх гар дээрээ 86 суниасан амжилтаараа Ерөнхийлөгчийн боди имижийг хол хаяв. Одоогоор Ерөнхий сайдаас илүү тоогоор гар дээрээ суниасан улстөрч байхгүй байна.

ОНЫ "ШҮДГҮЙ АРСЛАН"

МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ номинацийн эзнээр мөн л өрсөлдөгчгүй тодорч байна. Эрх барьж байгаа том намын дарга  "шүдгүй" болсонд УИХ-ын дарга М.Энхболд буруудсан бөгөөд тэд "зодолдох"-доо нэгийнхээ шүдийг булга цохьсон байх магадлалтай гэж итгэсэн УИХ-ын 40 гишүүн  нийлээд М.Энхболдыгоо буландаж байгаад "нүдэв".  Ер нь энэ оны онцлох үг, үйлдлээрээ  Ерөнхий сайд хамгийн олон трэндийн эзэн болж байгаа юм.  Түүний чуулганы хуралдаан дээр хэлсэн ".аагаад" гэдэг үгийг ч фэнүүд нь алга ташин хүлээж авсан билээ.  Үхэхээс айдаггүй Ерөнхий сайдын маань үг, үйлдэл үргэлжид биднийгээ баясгадагт нь баярлалаа.

ОНЫ ҮНЭТ СУУДАЛ

Энэ бол УИХ-ын даргын суудал. М.Энхболдын сууж байгаа сандал, барьж буй алхыг нь авахын тулд эрх барьж байгаа намын гишүүд жагсаал хүртэл зохион байгууллаа. Ямар сандал гэхээрээ Монголын төрийг гацаах хүртэл үнэд хүрч байгааг гадаадынхан хүртэл гайхаж буй гэх. Алтан сандал, алмаазан алх ч байж магадгүй л юм…?

ОНЫ ЭРДЭНЭ МЭТ АХ 

Мэдээж, УИХ-ын гишүүн Б.Наранхүүтэй зэрэгцэх эрдэнэ мэт ах байхгүй. Тэрбээр хажуудаа байсан эрдэнэ мэт дүүгээ анзаарч байгаагүйн төлөө ЖДҮ-гээс авсан зээлийг нь төлөөд зогсохгүй нэмж хоёр тэрбум төгрөг бэлэглэснээрээ Монголын олон ах нарыг хөлдөө чирсэн нь гарцаагүй.

ОНЫ ШИЛДЭГ "ХУЛГАЙЧИД"

Энэ номинацид УИХ-ын 14 гишүүн энэ тэнцүү өрсөлдөж байна. Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл нэрээр мөнгө "идчихсэн" гишүүд маань эхнэр, хүүхдээ танихгүй болтлоо өөрчлөгдсөнөө нуусангүй.  Зарим нь ах дүүтэйгээ дарга болсноосоос хойш бараг уулзахгүй "нүүр буруулснаа" хүртэл ярилаа. Зүүн гараараа авсан мөнгөө баруун гараараа төлж, бусдыгаа хөлдөө чирсэн Н.Учралд уурласан зарим "шударга" төрийн албан хаагчид ЖДҮ бохир байсныг мэдсэн бол  зээл авахгүй байсандаа халагласан билээ.

ОНЫ ОНЦЛОХ ӨӨРЧЛӨЛТ

Энэ номинацид УИХ-ын гишүүн, АН-ын гишүүн Л.Болдтой өрсөлдсөн хүн бол НИТХ-ын МАН-ын төлөөлөгч Г.Төмөрбаатар. Гэвч,  гадаад имижиндээ анхаарал хандуулсан төлөөлөгчөөс илүү үзэл бодол үнэт зүйлээ өөрчилж, АН-аас МАН руу "урвасан" Л.Болд оны онцлох "өөрчлөлт" номинацийн эзнээр  яах аргагүй тодорч байна. Ардчилагч Л.Болдын толгойг хүртэл 360 градус эргүүлсэн "тархи угаалт" юу байсныг АН-ын бодоод бодоод бодын шийр дөрөв, Болдын толгой ганц болчихоод байгаа гэсэн шүү.

ОНЫ АЗГҮЙ ХҮН 

Энэ оны хамгийн азгүй хүнээр хотын дарга асан Су.Батболд нэрлэгдэж байна.  Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ЖДҮчдэд уурласан нударга хальтраад хоёр хүний шанаан дээр буусны нэг нь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, Су.Батболд хоёр. Хэвлэлээр нэлээд нүдүүлсэн хотын дарга асан сүүлдээ "Багшаа байя аа" гэсэн билээ.

ОНЫ "ЭРГЭН ИРЭЛТ"

Оны эргэн ирэлтээр Ж.Батзандан нэрлэгдэж байна. Тэрбээр  Төрийн ордноос гарч гудамжиндаа эргэж ирснийг олон хүн  Ж.Батзандан байх ёстой газраа ирлээ гэж харж байна.  Түүний төрөлхийн жагсагч, тэмцэгч чанар өөрчлөгдөөгүй ч харин өмссөн зүүсэн нь өөрчлөгдсөнд сошиалынхан багагүй "атаархцгаасан" юм. Ямартай ч гудамжнаас Ж.Батзандан явсан ч эрх баригчдаар эгнээгээ тэлэн гарч ирсэн "баярлах бас шүүмжлэх" хүмүүс байна. Тэрбээр М.Энхболдыг өрөөнөөс нь чирж гаргахаар шийдсэн ч цаадах нь харин хөлөндөө Үндсэн хууль углачихсан сууж байжээ.

ОНЫ ШИЛДЭГ "ДОЛООЛТ"

Шууд очоод долоочих юм биш л дээ. Гэхдээ үг, үйлдлээрээ оны шилдэг долоолтын номинацид нэгэн огцорсон дэд сайдын нэр өрсөлдөгчөө хол хаян түрүүлжээ. Түүнийг гүйцэх хүний ойрын хоёр жилд гарахгүй гэх бөгөөд сургалт явуулбал суух хүн ч цөөнгүй байгаа гэх. Гэхдээ энд хэн нэгний нэрийг онцлоогүй бөгөөд юун  гуя гээд өөрийгөө барьж өгөв дээ.

ОНЫ ОНЦЛОХ ХАЙР БА ХАГАЦАЛ

У.Хүрэлсүх, Д.Хаянхярваа нарын богинохон хайр хийгээд хагацал оны онцлохоор нэрлэгдэх нь дамжиггүй.  МАН-ын даргыг сонгох Их хурлынхаа үеэрх тэднийн үнсэлт үзэн ядалт болох чинээ хэн хэн нь төсөөлөөгүй биз. Тэдэнд зориулж УИХ-ын гишүүн С.Жавхлан "Хайрлаж болохгүй хайр" дуугаа "дөрвөн тэрбумаар дуулж өгсөн" гэж сошиалын "атаархагчид" хардацгаасан билээ.

ОНЫ  ТРЭНД ҮГС

-Ж:Бат-Эрдэнэ: Би 15 настайдаа Монголыг  өөрчлөх ёстойгоо мэдсэн

-Боёоо хөх монгол: Дэлхий Монголын хөгжлийг хараад зогсчихсон

-Ж.Мөнхбат: Би чиний ишиг биш

-М.Билэгт: Өвөл болохоор хүйтэн болдог

-Б.Хурц: Цааш нь ярих уу яах вэ

 

Б.ШАРХҮҮ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж