Ял шийтгэл, хохирлын асуудлыг тусад нь авч үзэх нь зүйтэй

Хуучирсан мэдээ: 2015.03.13-нд нийтлэгдсэн

Ял шийтгэл, хохирлын асуудлыг тусад нь авч үзэх нь зүйтэй

Монгол Улсын Ерөнхийлөгч татвараас зайлсхийсэн хэргээр ял шийтгүүлсэн гадаадын зарим иргэнийг уучилсан билээ. Ерөнхийлөгчийн уучлалын талаар олон нийтийн дунд мэтгэлцээн, шүүмжлэл өрнөж буй энэ үед судлаач, хууль зүйн ухааны доктор Ц.Мандахтай ярилцлаа.

 

-Ерөнхийлөгч уучлал үзүүлэх асуудал Монгол Улсад хэрхэн хуульчлагдсан байдаг вэ, бусад улс оронд хэрхэн зохицуулдаг вэ?

-Өнөөдөр хамгийн олон жил үйлчилж буй анхны бичмэл, ардчилсан Үндсэн хууль болох 1787 оны АНУ-ын Үндсэн хуулийн 2-р зүйлийн 2-т “…импичментэд хамаарахаас бусад Нэгдсэн Улсын эсрэг үйлдсэн гэмт хэрэгт уучлалт үзүүлэх, тасалсан ялын гүйцэтгэлийг хойшлуулах эрхтэй” гэжээ. Энэ мэт улс бүр өөрийн Үндсэн хууль, бусад хууль тогтоомжоор уучлал үзүүлэх асуудлыг зохицуулдаг.

Монгол Улсын Үндсэн хуульд “Монгол Улсын иргэн уучлал хүсэх эрхтэй, Ерөнхийлөгч уучлал үзүүлэх бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гэж заасан. Мөн Үндсэн хуульд “хүн бүр эрх зүйн этгээд байна” гэж заасан байдаг тул зөвхөн Монгол Улсын иргэн гэлтгүй Монгол Улсын хуулийн үйлчлэлд хамаарч буй гадаадын иргэн, харьяалалгүй хүнд уучлал үзүүлэх хамаарна. Уучлал үзүүлэх асуудал 1992 оны Үндсэн хуулиас ч өмнө зохицуулагдаж хэрэгжиж байсан. Тухайлбал 1940 оны болон 1960 оны Үндсэн хуульд уучлал үзүүлэх явдлыг БНМАУ-ын Ерөнхийлөгч, Ардын Их Хурлын Тэргүүлэгчид, Улсын Их Хурал, Бага Хурлын Тэргүүлэгчид тухайн цаг үедээ хэрэгжүүлж байжээ.

-Саяхан АНУ-ын иргэн Жастин Капла нарт Ерөнхийлөгч уучлал үзүүлсэн. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болоогүй байхад уучлал үзүүлсэн нь шүүн таслах ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлсөн гэж ярьж байна. Үүнийг хэрхэн авч үзэх вэ?

-Хэргийг эцэслэн шийдвэрлээд гарсан шүүхийн шийдвэр уншин сонсгомогц хүчинтэй болохоор хуульд заасан байгаа. Түүнчлэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлд зааснаар анхан шатны шүүхийн тогтоолд 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаагүй бол шийдвэр хүчин төгөлдөр болдог. Эндээс үзвэл шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсны дараа уучлал үзүүлсэн гэж ойлгогдож байна.

-Тэгвэл “Саусгоби Сэндс” ХХК шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан байгаа шүү дээ. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон гэж үзэх үү?

-Энэ асуудлыг хууль зүйн үүднээс нь ялгаа заагтай авч үзэх хэрэгтэй байгаа юм. Нэг талаас шүүгчдэгчид оногдуулсан ял шийтгэл буюу хорих ялын асуудал, нөгөө талд нь хэргийн улмаас учирсан хохирол, түүнийг төлж барагдуулах буюу иргэний нэхэмжлэлийн асуудал. Шүүхийн шийтгэх тогтоол гарч, түүнд ялтан, түүний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргаагүй бол шийдвэр хүчин төгөлдөр болж ялтан ялаа эдлэх хуулийн зохицуулалттай. Энэ үед шүүгдэгчид үзүүлсэн уучлал нь шийтгэх тогтоолоор иргэний хариуцагч Саусгоби Сэндс ХХК-д хүлээлгэсэн татвар төлөх үүргээс нь чөлөөлөхгүй, зөвхөн ял шийтгэл оногдуулсан хувь хүнд хамаарна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303.2-т зааснаар иргэний хариуцагч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлд холбогдох хэсэгт гомдол гаргаж байгаа хэрэг юм.

-Ер нь уучлал хүссэн ялтан бүрт уучлал үзүүлэх боломжтой юу?

-Ерөнхийлөгч уучлал үзүүлэх эсэхийг шийдвэрлэхийн тулд үзэмжээр бус тодорхой бодлогоор хандах нь зүйтэй л дээ. “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны үйл ажиллагааны танилцуулга”-аас харахад уучлал үзүүлэхийг хүссэн 130 хүсэлтэд судалгаа хийж танилцуулсанаас Монгол Улсын Ерөнхийлөгч 3 хүнд уучлал үзүүлж, 127 хүнд уучлал үзүүлэхээс татгалзсан байна. Эндээс харахад дунджаар уучлал хүссэн хүсэлтийн 2.4%-д нь уучлал үзүүлэх шийдвэр гаргадаг байна.

Өөр нэг жишээ авахад, АНУ-ын Ерөнхийлөгч 2013 онд нийт 826 хүсэлт хүлээн авсанаас 303 хүнд уучлал үзүүлж, 314 хүнд уучлал үзүүлэхээс татгалзсан байна. АНУ-ын хувьд дунджаар уучлал хүссэн хүсэлтийн 36.7%-д нь уучлал үзүүлэх шийдвэр гаргадаг байна.Өөрөөр хэлбэл, уучлал хүссэн хүн бүрт уучлал үзүүлдэггүй, уучлалт үзүүлэхээр шийдвэрлэдэг бодлого байна аа даа.

-Уучлал үзүүлсний дараа ялтан шууд суллагдах ёстой юу?

-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 129 болон 130 дугаар зүйлд ялтанд уучлал үзүүлсний дараах эрх зүйн харилцааг зохицуулсан байна. Ерөнхийлөгчийн тамгын газраас Ерөнхийлөгчийн зарлигийг баривчлах, хорих ангид нэн даруй хүргүүлэх бөгөөд түүний дараа уучлалүзүүлсэн үндэслэлээр ялтныг суллах тухай шийдвэрийг хүлээн авсан өдөрт нь суллана.

-Ярилцсанд баярлалаа.

Б.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж