"Сургуулийн насны 10 хүүхэд тутмын 8 нь шүдний өвчлөлтэй байна" | News.MN

"Сургуулийн насны 10 хүүхэд тутмын 8 нь шүдний өвчлөлтэй байна"

"Сургуулийн насны 10 хүүхэд тутмын 8 нь шүдний өвчлөлтэй байна"

"Сургуулийн насны 10 хүүхэд тутмын 8 нь шүдний өвчлөлтэй байна"

65-р сургуулийн шүдний эмнэлгийн эмч Т.Ууган-Одтой ярилцлаа.

-Та хэдэн жил шүдний эмчээр ажиллаж байна вэ. Сургуулийн шүдний эмнэлэгт ажиллах, хувийн эмнэлэгт ажиллах хоёрын ялгаа нь юу вэ?

-Миний хувьд 2010 оноос хойш шүдний эмчээр ажиллаж байгаа бөгөөд 7 жил хувийн эмнэлэгт, сүүлийн нэг жил “Хүүхдийн инээмсэглэл” төслийн эмчээр ажиллаж байна. Хувийн эмнэлэг, сургуулийн эмнэлэг мэдээж маш их ялгаатай. Нэгд, өвчлөлөөрөө ялгаатай байна. Ажиглаад байхад хувийн эмнэлэгт хандаж үйлчлүүлж буй хүмүүс, хүүхдүүдийн шүдний өвчлөл улсын сургуулийн сурагчидтай харьцуулахад бага. Улсын сургуулийн хүүхдүүдийн дунд шүдний цоорлын төвшин маш өндөр, илүү гүн цооролттой байна. Хоёрт, хандлагын хувьд маш өөр байна. 65 болон 9 дүгээр сургуульд байрлаж буй шүдний эмнэлэгт харьяа хорооны 8 мянга орчим хүүхдийн шүдийг эмчилж байна. Төсөл 2020 он хүртэл 3 үе шаттай үргэлжлэх бөгөөд одоогийн байдлаар 5 мянга гаруй хүүхдийг үзлэгт хамруулж, эмчилгээ хийсэн. Яагаад хандлага өөр байна вэ гэвэл үнэ төлбөргүй үйлчилгээ учир эцэг эхчүүд хайнга хандах тохиолдол байна. Хувийн эмнэлэгт төлбөрөө төлөөд цаг авсан бол таслахгүй шүү дээ. Гэтэл сургуулийн эмнэлэгт таслах тохиолдол гарч байна. Тиймээс эцэг эхчүүдийг хүүхдийнхээ шүдний эрүүл мэндийг хамгаалахын тулд эмч, багштай хамтран ажиллаасай гэж уриалмаар байна. Манай төсөлд хувийн эмнэлэгт ямар эм, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл хэрэглэдэг тэр бүхнийг л хэрэглэж байгаа. Гэтэл үнэгүй гээд эцэг эхчүүд хайнга хандах тохиолдол маш олон байна л даа. Мөн өдөрт маш олон хүүхдүүд үзүүлдэг учир ачаалал ихтэй байдаг. Сургууль дээр шүдний эмнэлэг байрласнаараа хүүхдүүдэд маш том давуу талтай. Хичээл дээрээ шүд нь өвдсөн бол гүйгээд ороод ирнэ. Эмчилгээ хийлгэхэд ойрхон. Удаан хугацаагаар чөлөө авч хичээлээ цалгардуулахгүй байх боломжтой. Гуравт, Томчуудаас илүү хүүхдүүд зөвлөгөөг маш соргог хүлээж авдаг. Цайлган гэнэн хүүхдүүдтэй ажиллах их сайхан. Хамгийн гол нь хүүхдүүдэд үзлэг хийгээд зөвлөгөө өгөхөд томчуудаас илүү соргог хүлээж авдаг. Хүүхдийн шүд эрүүл байхад эцэг эхийн оролцоо ч маш өндөр. Хүүхдэд өгсөн зөвлөгөөг хэрэгжүүлэхэд эцэг эхчүүд нь тусалж, дэмжиж хамтдаа дадал болгох хэрэгтэй гэж хэлмээр байна.

-Жилийн хугацаанд та хэдэн хүүхэд үзсэн бэ. Хүүхдүүдийн дунд ямар төрлийн шүдний өвчлөл их байна. Шүдний өвчлөл өндөр байгаа нь ямар шалтгаантай вэ?

-4 эмч үзлэг, эмчилгээ хийдэг. Миний хувьд мянга гаруй сурагчийн шүдийг эмчилсэн. Бүр нарийн тоог одоохондоо гаргаагүй л байна. Шүд нь өвдсөн хүүхэд гэхээсээ эрүүл шүдтэй хүүхэд тоолбол гарын арван хуруунд багтана. Дунджаар 10 хүүхдийн 8-ынх нь шүд өвчилсөн, цоорсон байна. Нэг ангийн 50 хүүхдийн 10 хүүхдийнх нь шүд эрүүл байвал тэр ангийг эрүүл шүдтэй анги гэж нэрлэхээр байна. 65-р сургуулийн 40 хүүхэдтэй ангийн сурагчид бүгдээрээ сувгийн эмчилгээ хийлгэсэн буюу өвчлөлийн хүнд хэлбэр гүн цооролтой байсан тохиолдол ч бий. Энэ нь олон улстай харьцуулахад шүдний өвчлөл маш өндөр байна гэсэн үг. Үзлэг хийх үеэр огт шүдээ угааж байгаагүй гэсэн хүүхэдтэй ч таарсан. Гол нь энэ хүүхдийн шүд эрүүл байсан л даа. Тиймээс шүдний сойз оо өгч, шүдээ цаашид эрүүл байлгах талаар зөвлөгөө өгсөн.

Сургууль, цэцэрлэг өдөр шүд угаах цагтай болчихвол шүдний өвчлөл буурна

-Шүдний өвчлөл, цоорлоос хүүхдийнхээ шүдийг эцэг эхчүүд хэрхэн хамгаалж, урьдчилан сэргийлэх вэ?

-Шүдний өвчлөл өндөр байгаа шалтгаан нь идэж байгаа хоол хүнс, амьдралын хэвшилтэй холбоотой. Шүдээ зөв угаадаг бол шүдний цоорлоос урьдчилан сэргийлж чадна. Шүдээ өглөө болон орой заавал угаа. Боломж гарвал өдөр бас угаа. Хамгийн чухал нь орой унтахдаа шүдээ угаах, шүдээ угааснаасаа хойш хоол, хүнс хэрэглэхгүй байх ёстой. Сургууль, цэцэрлэг өдөр шүд угаах цагтай болчихвол шүдний өвчлөл буурна гэж эмч хүнийхээ зүгээс бодож байна. Хүүхэд өдрийн цагаар, хичээлийнхээ дундуур амттан болон хүнс хэрэглэдэг. Хоолны үлдэгдэл нь шүдний завсар хуримтлагддаг. Энэ бохирдол нь удаан хугацаанд хуримтлагдахаараа нян бактери үржих таатай нөхцөл бүрдэл, шүд цоордог. Шүдийг угааснаар цоорол үүсэх орчин үгүй хийж байгаа юм. Сургуулиуд их ачаалалтай, нэг ангид олон хүүхэд байдаг учир өдөрт шүд угаалгах боломжгүй байдаг юм шиг.

-Сургуулийн насны хүүхдүүдийн дунд шүдний өвчлөлийг бууруулахын тулд ямар арга хэмжээ цаашид авах шаардлагатай гэж та харж байна вэ?

-Монгол Улсын хэмжээнд шүдний цоорол маш өндөр тархацтай байна. Хүүхдүүдэд бага наснаас нь эхэлж эрүүл мэндийн боловсрол олгож, бүр эцэг эхчүүдтэй нь хамтад нь сургалт зөвлөгөө өгөх хэрэгтэй байна гэж харж байна. Хүүхдийн шүдийг бага наснаас нь эрүүл байлгах хэрэгтэй. Эцэг эхчүүд хүүхдийнхээ шүдийг өвдөж, хүндэрсэн үед нь бус зургаан сар тутамд заавал нэг удаа шүдний эмнэлэгт үзүүлж хэвших хэрэгтэй байна. СХД-ийн хүүхдүүдийн хувьд үнэгүй үзлэг, оношилгоо, эмчилгээ хийх боломж бүрдсэн байгаа учир илүү давуу талтай.

-Сургууль дээр шүдний эмнэлэг байрладаг хэр олон жишээ байна вэ. Эмнэлэг сургууль дээр байрласнаар шүдний өвчлөл буурч байгаа юу?

-Сургууль дээр шүдний эмнэлэгтэй болсноор хүүхдийн шүдийг багаас нь эрүүл байлгаж, шүдний цоорлыг бууруулахад өндөр нөлөөтэй гэж бодож байна. Хүүхдүүдэд ч хичээлийн цагаар үзүүлэхэд илүү амар болсон. Улсын сургууль дээр шүдний эмнэлэг байгуулагдсан анхны жишиг юм. Жилийн хугацаанд 5 мянга гаруй хүүхэд үзлэг хийлгэж 1784 хүүхэд эрүүл болсон. Одоо 2 мянга гаруй хүүхэд тогтмол эмчилгээ хийлгэж байна. Гэхдээ зарим эцэг эхчүүдийн хайнга, тоомжиргүй байдлаас болж эмчилгээ тасалдах тохиолдол цөөнгүй гарч байна. Шүдний эмчилгээ тодорхой хугацааны давтамжтай хийгдэх ёстой байдаг. Тиймээс эцэг эхчүүдийг дутуу эмчилгээ хийлгэх бус, хариуцлагатай байгаасай гэж хүсч байна. Манайх сургууль, цэцэрлэгээр хязгаарлагдахгүй  харъяа хорооныхоо хүүхдүүдийг хүлээн авч эмчилж байгаа. Улаанчулуутын хүүхдүүдийг бүрэн үзлэгт хамруулж эмчилсэн. Сургуульд суралцаж байгаа хүүхдүүдтэй харьцуулахад шүд нь эрүүл байсан. Улаанчулуутын хүүхдүүдийн шүд цоорол багатай, өвчлөл багатай. Нэг онцлог нь шүдний оо сойз байдаггүй. Энэ нь тэдний чихэрний хэрэглээ бага байгаатай холбоотой. Бид хүүхдүүдээ эрхлүүлж хор авч өгч эрүүл мэндийг нь хохироодог гэдэг нь харагдаж байна. Чихэр идэхгүй, чихрэнд дургүй хүүхэд бараг байхгүй л дээ. Тиймээс шүдийг нь эрүүл байлгахын тулд чихэр идсэн хойно нь заавал угаалгаж хэвших хэрэгтэй.

-Дутуу эмчилгээ хийлгэх нь ямар сөрөг нөлөөтэй вэ. Яагаад тогтсон цагт ирэхгүй байна вэ?

-Хувийн эмнэлэгт үзүүлээд төлбөр төлөөд цаг авч байсан бол таслахгүй очих байсан байж магадгүй. Өвдсөн үед нь эмчилгээ ганц удаа хийгээд зогсох бус хүүхдийн шүдийг хамгаалж үлдэхийг бид зорьж байгаа юм. Өвдөлт нь байхгүй болсон ч шүдээ эв эрүүл болгохын тулд хичээл зүтгэл, тууштай байдал шаардлагатай. Дутуу эмчилгээ хийлгэвэл дахиад л өвдөх магадлалтай. Хүүхдийн шүд өвдөөгүй байсан ч дуугүй цоорох тохиолдол ч бий. Тиймээс эцэг эхчүүд сургуулийн эмчтэй ойр дотно байж шүдний зөвлөгөө авч сурах хэрэгтэй гэж харж байна. Эмнэлэг сургууль дээр байрлаж байгаа учир тогтсон цагтаа ирэх боломжтой. Эмчлүүлээд эрүүл болж байгаа маш олон хүүхэд байгаа ч тоомжиргүй хандаж байгаа хүүхэд, эцэг эх цөөнгүй байна. Шүдний өвчлөл ийм өндөр байгаа үед эцэг эх, багш, эмч ажилтан бүгд тал бүрээсээ хамжиж дэмжиж байж л бууруулна шүү дээ. Түүнээс ганц эмчид даатгаад орхиж болохгүй. Насанд хүрсэн хүмүүст шүдний эрүүл мэндийн талаар хичээл ороод одоо нэмэргүй. Харин хүүхдүүдэд багаас нь сургавал ирээдүйд шүдний өвчлөл буурна. Бид энэ талаар ч зөвлөгөө сургалт орж байгаа. Эмч хүнийхээ зүгээс зөвхөн энэ сургуулийн төвшинд гэлтгүй Монгол улс даяар шүдний өвчлөлийг бууруулахын тулд Эрүүл мэндийн яамнаас эхлээд Боловсролын салбараа хүртэл нарийн төлөвлөгөөтэй ажиллаасай гэж бодож байна.  Хүүхдийг бүр бага наснаас нь эхлэн шүдний эрүүл мэнддээ анхаардаг болоход нь нөлөөлөх хэрэгтэй. Эцэг эх нь байнга угаалгаж хяналтад байлгах, зургаан сардаа заавал шүдний эмнэлэгт очих хэрэгтэй. Хүндэрсэн үед нь хувийн эмнэлэгт очиход маш их өндөр төлбөр гардаг. Харин урьдчилан сэргийлсэн үзлэг хийлгэснээрээ маш бага зардал гарч, бага эрсдэлтэй байхад нь шүдийг нь хамгаалж чадна. Хүүхдийн шүдний эрүүл мэндийг хамгаалж, цоорлыг багасгахын тулд улс орон даяараа цогц бодлого баримтлах хэрэгтэй.

Зөвлөгөө: Шүдээ хэрхэн зөв угаах вэ?

Шүдний сойзоо буйлнаас 45 градусын налууд ойр барьж шүдний гадаргууны бүх хэсэгт хүрч угаана. Өөрөөр хэлбэл эрүүний шүднүүдээ буйлнаасаа шүд рүүгээ буюу доороос нь дээш чиглэлд угаана гэсэн үг. Мэдээж хэлээ бас мартаж болохгүй. Та шүдээ өдөр хоёр удаагийн давтамжтай хамгийн багадаа 2 минут үрж угаах хэрэгтэй бөгөөд ингэснээр аман дотор байрлах 600 гаруй нэр төрлийн бактерыг устгадаг байна. Хэрвээ бактерыг устгахгүй бол энэ нь амны эвгүй үнэр, буйлны үрэвсэл болон шүд цоорлыг үүсгэх гол шалтгаан болдог.

Зөвлөгөө: Шүдээ эрүүл байлгахын тулд хэрхэн хооллох вэ?

Жимс, хүнсний ногоог түлхүү хэрэглэ.

Жимс, хүнсний ногоо нь таны биед тустай гэдгийг та мэднэ. Гэвч эдгээр нь таны шүдний эрүүл мэндэд ч бас тустай. Хатуу жимс, хүнсний ногоо нь их хэмжээний ус агуулсан байдаг тул сахар болон цардуулын нөлөөг багасгахад тусалдаг. Мөн ширүүн бүтэцтэй тул сойзны үүрэг гүйцэтгэж шүдний гадаргууг цэвэрлэдэг.

Сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэ.

Сүү, сүүн бүтээгдэхүүн нь шүдний эрүүл мэндэд нэн тустай хоёр эрдэс бодис болох кальци, фосфорын сайн эх үүсвэр болдог. Кальци болон фосфор нь шүдийг эрдэсжүүлдэг. Тослоггүй болон тослог багатай сүү, тараг, бяслаг зэрэг нь нэн сайн. Бяслаг нь мөн кальци, фосфор агуулсан байдгийн зэрэгцээ шүлсний эргэлтийг сайжруулж хүнсний үлдэгдлийг цэвэрлэдэг. Тослог багатайг нь хэрэглэх ёстойг санаарай.

Наалдамхай чихэрлэг хүнснээс зайлсхий.

Дан ганц шүдэнд хүрч буй сахарын нийт тоо хэмжээ асуудал биш. Аманд үлдэж байгаа цардуул шүдэнд илүү их гэмтэл учруулдаг. Наалдамхай хүнс, чихэрлэг ундаа, хатуу чихэр зэрэг нь шүдийг сахраар тогтмол хангадаг тул шүдний эрүүл мэндэд нэн муу.

Сахар болон цардуулыг хоолтой хамт хэрэглэ.

Сахарын нөлөөг багасгахын тулд шүдний эмч нар чихэрлэг болон цардууллаг хүнсийг дангаар нь бус харин хоолтой хамт хэрэглэхийг зөвлөдөг.

Хоолтойгоо хамт хүчиллэг хүнс хэрэглэ.

Цитрусын төрлийн жимс зэрэг хүчил ихтэй хүнс нь үнэн хэрэгтээ шүдний паланг иддэг. Гэвч энэ нь ийм төрлийн хүнснээс зайлсхийх хэрэгтэй гэсэн үг биш. Харин ийм хүнсийг дангаар нь бус хоолны үеэр хэрэглэснээр шүдэнд шууд хүрэх хүчлийн хэмжээ буурна.

Хоолныхоо араас жимс ид.

Хоол идэх болон хөнгөн зууш идэх бүртээ шүдээ угаахыг эмч нар зөвлөдөг. Гэвч бидэнд ийм боломж цаг үргэлж гардаггүй. Хэрэв шүдээ угаах боломжгүй бол хоолныхоо араас 1 ширхэг алим идэх юмуу 1 стакан ус уухыг хичээ. Мөн сахаргүй бохь зажилж болно. Энэ нь шүлсний эргэлтийг сайжруулж,хоолны үлдэгдлийг цэвэрлэдэг тул бэлэн сойз байхгүй тохиолдолд муугүй сонголт болно.

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж