Контакт линз удаан хэрэглэх нь буруу

Хуучирсан мэдээ: 2015.03.13-нд нийтлэгдсэн

Контакт линз удаан хэрэглэх нь буруу

"Орбита" нүдний эмнэлгийн  их эмч Б.Үенгийн зөвлөгөөг хүргэж байна.


1. Контакт линзийг нарийн дэглэмийн дагуу зүүх ёстой

-Контакт линзийг зүүхдээ гараа заавал угаасан байх шаардлагатай. Мөн нүүрний будагны жижиг хэсгүүд нүд рүү орох аюултай тул контакт линзийг нүүрээ будсаны дараа зүүх хэрэгтэй.

2. Хиймэл хумсаараа линзэнд бүү хүр

-Хиймэл хумс нь мэдрэмтгий бус байдаг. Тиймээс хиймэл  хумсаараа линзээ авах гэж байгаад  нүдний гадна  талын эвэрлэг бүрхүүлийг гэмтээдэг аюултай.

3. Онцгой шаардлагатай биш бол контакт линз битгий хэрэглэ

-Ямар нэгэн онцгой шаардлагагүй үед контакт линз удаан хугацаагаар зүүх нь линзний харшилтай болгодог. Харшилтай болсноор эргээд контакт линз зүүж чадахаа больдог.

4. Лазар хагалгаа хийлгэх бол контакт линзнээс татгалз

-Хэрвээ та лазар хагалгаа хийлгэнэ гэж бодож байгаа бол контакт линз зүүх шаардлага байхгүй. Контакт линз байнга нүдний гадна талын эвэрлэг бүрхүүл дээр даралт өгж байдаг учир нүдний гадна талын эвэрлэг бүрхүүл барзгар болдог. Лазер хагалгаа хийх гол талбар нь эвэрлэг бүрхүүл. Эвэрлэг бүрхүүл өөрчлөгдсөнөөр лазер хагалгаа хийх боломжгүй болох аюултай. Тиймээс та лазер хагалгаа хийлгэх гэж байгаа бол хамгийн багадаа 6 сарын хугацаанд контакт линзнээс татгалзах шаардлагатай.

5. Контакт линз удаан хэрэглэвэл эмгэг үүсгэнэ

-Контакт линзийг  удаан зүүвэл нүдэн дотор өөрөөр хэлвэл эвэрлэг бүрхүүлийн хөвөөн дээр шинэ судасжилт үүсдэг. Энэ цаашлаад нүдэнд эмгэг үүсгэх аюултай.

Б.БИЛГЭЭ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж