Шийдлийн Засгийн шийдсэн ганц асуудал цаг урагшлуулах

Хуучирсан мэдээ: 2015.03.13-нд нийтлэгдсэн

Шийдлийн Засгийн шийдсэн ганц асуудал цаг урагшлуулах

Шийдлийн Засгийн газрын Ерөнхий сайд "Ард иргэдээсээ асууж байгаад эдийн засгаа хөдөлгөе" хэмээн телевизээр ярьж суусныг бүгд санаж байгаа.

Гэтэл томилогдоод гурван сар илүү хугацаа өнгөрсөн байхад энэ Засгийн хийсэн гэх зүйл бидэнд мэдрэгдэхгүй л байна. Олон хүмүүсийн эсэргүүцэлтэй тулгарсан ч гэсэн хэвлэл мэдээлэл, нийгмийн сэхээлэг хэсэг “Том төслүүдээ хөдөлгөөд, эдийн засгаа явуулъя” гэсэн албан бус санал асуулгыг чинь дэмжээд, ажил хийхэд чинь бага боловч нэмэр болсон. Одоо харин та нарын ажил хийх цаг болсон шиг санагдах юм.

Хүн томилох, солихыг л ажил гэдэггүй юм бол  танай засаг одоогоор хийсэн бүтээсэн юм дэндүү маруухан байгаа нь харамсалтай.  Хоёр жил бүтэн хүрэхгүй хугацаа үлдээд байхад бүтэц бүрэлдэхүүнээ тэр чигээр нь хөдөлгөж, татвар төлөгчдийн нуруун дээрх ачааг нэмэхээс өөр юу ч хийсэнгүй.

Шийдлийн Засгийн газрын шийдсэн ганц зүйл нь цаг урагшлуулах тухай байлаа гээд хэлсэн ч болно. Хоёр нам хамтрах сургаар буугаад байна гэсэн долларын ханш нь 2000 болоод талийв. Шийдэх эрхийг нь иргэдээсээ гуйгаад байсан том төслүүд гэдэг нь ч сураг алга. Оюутолгой сураггүй, Гачуурт, Ноён уул маргаантай, Тавантолгой бүтэхгүй  болж байгааг дан ганц популистуудаас боллоо гэж буруутгаж болохгүй байх.

Засгийн газар бодлоготой, шат дараалсан байдлаар ажлаа явуулж, иргэдээ ухуулж таниулж, төслүүдээ хөдөлгөхгүй бол улс орноороо талцаж маргаад  хэдий удаан суух вэ.

Хүн томилох, солихыг л ажил гэдэггүй юм бол  танай засаг одоогоор хийсэн бүтээсэн юм дэндүү маруухан байгаа нь харамсалтай.

Эдийн засгийн ил тод байдлын хууль, Өршөөлийн хууль гээд өмнөх Засгийн хийхээр оролдсон, хэрэгтэй зүйлүүдийг чуулганаар оруулах талаар санаачлагатай  байх ч бас Засгийн газрын ажил санагдах юм.

Одоогоор л лав эдийн засагт нааштай үр дүн байтугай чимээ ч байхгүй, эргэж буцсан, бие биенээ буруутгасан хэл ам л Монголоор дүүрэн байна. Эцэст нь засаг ажил хийхгүй болохоор арга барагдсан иргэд Ерөнхийлөгч рүү дайрдаг болж байх шиг.

ТҮЦ машиныг банк тоохгүй байна, Тавантолгойг ашиглах нь зөв-буруу, Ноён уулыг зарж идэх нь зэрэг өөрт нь түй ч хамаагүй олон асуудлаар баалуулж суудаг боллоо. Уг нь энэ асуудлуудыг хариуцаад ажиллахаар томилогдсон Засаг байгаа биз дээ.

Ээлжит, ээлжит бус хурал хийсэн гэхээс өөр мэдээ сонсдохгүй хэр удах вэ эвсэлдсэн Засаг минь. Ард түмэн дэмжээд өгсөн, алив хурдхан шиг ажлаа хийж үз.                    

                                                                                                                         Н.ШАРХҮҮ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж