“Утсан хүүхэлдэй” гэж “Х.Нямбаатарыг гүтгэсэн” гэдэг дүгнэлт гаргасан

Хуучирсан мэдээ: 2018.12.28-нд нийтлэгдсэн

“Утсан хүүхэлдэй” гэж “Х.Нямбаатарыг гүтгэсэн” гэдэг дүгнэлт гаргасан

iNews.mn” сайтын сэтгүүлч Ц.Булганзаяаг УИХ-ын гишүүн Х.Нямбаатарыг гүтгэсэн гэх хэргээр шүүхээс хоёр сая төгрөгийн торгууль ногдуулсан. Гэхдээ Х.Нямбаатар өөрийг нь гүтгэсэн гэх ямар ч баримт гаргаагүй гэнэ. Энэ талаар Ц.Булганзаяатай ярилцсан байна.

-Хоёр өдрийн өмнө Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тантай холбоотой шүүх хурал болсон. Шүүх Х.Нямбаатар гишүүнийг хохирогчоор тогтоож, цагдаагийн байгууллагаас танд оногдуулсан торгуулийн ялыг хэвээр үлдээсэн байна. Асуудал юунаас эхэлсэн юм бэ?

-Энэ оны зургадугаар сарын 27-нд iNews.mn сайтад “У.Хүрэлсүхийн Засгийн газар унах нүхээ өөрөө малтав” гэсэн гарчигтай нийтлэл гарсан. Энд Захиргааны ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай Засгийн газрын боловсруулж өргөн барьсан хуулийн төслийг шүүмжлэн бичсэн. Хуулийн төсөлд “Засгийн газар болоод түүний харъяа байгууллагын гаргасан шийдвэр захиргааны хэргийн шүүхээр хянагдахгүй“ гэсэн нь захиргааны байгууллагын хууль бус шийдвэрийн улмаас хохирсон иргэд шүүхэд гомдол гаргах эрхгүй болгож байна. Шүүхээр эрхээ хамгаалуулах иргэний эрхийг зөрчиж байна гэсэн агуулгатай нийтлэл л дээ. Захиргааны шүүх байхын ч хэрэггүй, татан буулгасан ч чадна шүү гэж Хууль зүй, дотоод хэргийн сайд нь УИХ-ын чуулган дээр, олон нийтийн өмнө телевизийн дэлгэцээр хэлсэн удаатай. Энэ тухай бичсэн нийтлэл.

-Тус нийтлэлд яагаад УИХ-ын гишүүн Х.Нямбаатарын нэр дурьдагдсан юм бэ?

-Хууль зүйн сайд Ц.Нямдорж дээрх үгийг хэлж, ярилцлага өгөхийн өмнө УИХ-ын гишүүн Х.Нямбаатар C1 телевизийн “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцсон. “Захиргааны шүүхийн шүүгчид бүгд авлигачид. Анхан шат шүүхийн шүүгч 50 мянган ам.доллараас эхэлж, давах, хяналтын шатанд 100, 200 мянган ам.долларын хүртэлх авлига авдаг. Ийм шүүх Монголд хэрэггүй” гэж ярьсан. Яагаад тэрээр гэнэт Захиргааны шүүхийн талаар ингэж ярих болсон нь ойлгомжтой. Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулж, захиргааны шүүхийг татан буулгана гэсэн Ц.Нямдорж сайдын заналхийлэлтэй Х.Нямбаатар гишүүний  яриа шууд холбогдож байгаа биз дээ. Энэ бол миний хардлага, олон нийт ч ийм дүгнэлт хийсэн. Энэ бүхэн дээр үндэслээд Ц.Нямдоржийн “утсан хүүхэлдэй” гэсэн хэрэг л дээ. Монгол хэлэнд утга шилжих гэж ойлголт байдаг. Хэн нэгний гар хөл болоод, захиа даалгаврыг гүйцэтгээд, ая данд нь тааруулаад яваад байдаг хүнийг зүйрлэж хэлдэг биз дээ.

-“Утсан хүүхэлдэй” гэж бичсэнээс болж, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар цагдаагийн байгууллагад гомдол гаргасан юм уу?

-Тийм гэж бодож байна. Яагаад гэвэл Х.Нямбаатар гишүүн хэрэг шалгах ажиллагааны явцад миний бичсэн нийтлэлд дурьдагдсан үйл, баримтыг няцаах ямар ч оролдлого хийгээгүй, эсрэг баримт нотолгоо гаргаагүй. Хууль, шүүхийн байгууллага ч үгүйсгээгүй. Зөвхөн “утсан хүүхэлдэй” гэдэг үгэнд үндэслэж “Х.Нямбаатарыг гүтгэсэн” гэдэг дүгнэлт гаргасан. Эхлээд харъяаллын дагуу Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс дээр зөрчлийн хэрэг нээгээд явж байтал өнгөрөгч наймдугаар сард Нийслэлийн прокурорын тушаалаар төрийн өндөр албан тушаалтнуудтай холбоотой зөрчлийн хэргийг ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах хэлтэст шилжүүлж, нэг дор төвлөрүүлэн шалгадаг болсон. Ингээд тус хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Г.Цэрэнжаргал Зөрчлийн тухай хуулийн 6.21-д заасан гүтгэх зөрчил үйлдсэн гэж үзээд хоёр сая төгрөгийн торгууль ноогдуулсан. Би зөрчлийн зүйлчлэл болон оногдуулсан шийтгэлийн хүлээн зөвшөөрөөгүй учраас Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж хоёр сар яваад сая шүүхийн эцсийн шийдвэрийг сонслоо.

-Та өөрийгөө хамгаалах ямар нотлох баримт гаргасан юм бэ? Цагдаагийн байгууллага яагаад танд үндэслэлгүйгээр шийтгэл оногдуулав?

-Уг нийтлэл гарахын өмнө “Веритас Партнерс” хуулийн фирмийн хуульч Б.Мэргэнийн ярилцлага News.mn сайтад нийтлэгдсэн. Уг ярилцлагад УИХ-ын Х.Нямбаатарын хөрөнгө орлогыг УИХ-ын гишүүн болохоос өмнө НИТХ-ийн гишүүнээр ажиллаж байхдаа гаргаж өгсөн хөрөнгө орлоготой нь харьцуулаад “Гэр бүлийн хамт 38 саяын орлоготой, 25 саяын машинтай, 15 сая төгрөгийн малтай, нэг байртай, иргэн бүрийн адил “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн хувьцаатай байснаа гишүүн болоод жилийн дотор яаж 160 саяын орлоготой, 50 саяын малтай, 90 саяын lexus 570 машинтай, хоёр байртай, 100 хувь эзэмшдэг гурван компанитай болсон бэ? Хөрөнгийнхөө эх үүсвэрийг тайлагнана уу” гэсэн байдаг юм. Нийтлэлдээ баримт болгосон эхний эх сурвалж энэ. Х.Нямбаатар гишүүн үүнийг ч гэсэн гүтгэлэг гэж үзээд цагдаад гаргасан гомдолдоо дурьдсан байна лээ. Энэ бол АТГ-ын сайт дээр нээлттэй байдаг ХОМ-ээс авсан мэдээлэл. АТГ-аас албан ёсоор баримт болгож хэргийн материалд хавсаргасан байгаа. Дараа нь УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн чуулган, байнгын хороон дээр хэлсэн үг, гишүүн Ц.Даваасүрэнгийн Х.Нямбаатарт хэлсэн үг, Х.Нямбаатар гишүүний өөрийнх нь “Цензургүй яриа” нэвтрүүлгээр хэтэрхий цензургүй ярьсан ярианы бичлэгийг нотлох баримт болгож өгсөн.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар өөрийгөө хамгаалах, зөвтгөх ямар баримт гаргасан юм бэ? Гомдлоо яг юу гэж бичсэн юм бол?

-Ямар ч баримт гаргаагүй. Зүгээр л “УИХ-ын гишүүний нэр хүндэд халдаж, гүтгэсэн” гэдэг гомдол байгаа. Цагдаагийн байгууллага нэг удаа дуудаж мэдүүлэг авсан байдаг юм. Тэнд нь “Би эдгээр компаниудыг өөрийн эхнэр Баярмаа, төрсөн дүү Нямаагийн хамтаар 2010-2012 онд үүсгэн байгуулсан” гэсэн байдаг. Хэрвээ тийм бол 2012-2016 онд НИТХ-ын гишүүн байхдаа яагаад хөрөнгө орлогодоо мэдүүлсэнгүй вэ? Хөрөнгө орлогодоо мэдүүлээгүй гэдэг чинь хөрөнгө орлогоо нуусан гэмт хэрэг мөн биз дээ. Тиймээс энэ асуудлаар нь Х.Нямбаатар гишүүнийг АТГ-т шалгуулахаар өгөөд байгаа. Хуулийн хугацаа нь нэг сарын дотор хариу өгөх ёстой боловч одоо хоёр дахь сардаа орчихоод явж байна. Шүүхийн маргаан дууссан учраас одоо энэ асуудлаа хөөцөлдөж хариултаа авна даа.

-Хэрэг шалгасан мэргэжилтэн “утсан хүүхэлдэй” гэдэг үгийг яагаад гүтгэлэг гэж үзсэн юм бол?

-Яагаад гэвэл нийтлэлд дурьдагдсан бусад зүйл бүгд баримтаар нотлогдож, тогтоогдож байсан учраас зөвхөн энэ үгэн дээр цагдаагийнхан “ажилласан” л даа. Хөндлөнгийн шинжээч хүртэл томилсон. Г.Цэрэнжаргал хурандаагийн өөрөө шинжээчээр томилсон МУБИС-ийн НХУС-ийн Монгол хэлний тэнхимийн эрхлэгч, доктор профессор Ш.Баттөгс “Утсан хүүхэлдэй, хуулийн ченж гэдэг үг нь хүнийг гүтгэсэн, доромжилсон утгыг шууд илэрхийлэхгүй. Тухайн үйл, баримтанд тулгуурласан, хувь хүний үзэл бодол, үнэлэмжийн асуудал байна” гэсэн дүгнэлт гаргасан. Гэвч шинжээчийн дүгнэлтийг харгалзалгүйгээр шийтгэл оногдуулсан л даа. Хэрвээ шинжээчийн дүгнэлтийг үндэслэхгүй байсан бол яах гэж шинжээч томилсон байх вэ? Шүүх дээр ч мөн асуулт тавигдаж байсан.

-Зөрчлийн тухай хуулийн 6.21-д “гүтгэх” гэдгийг яг юу гэж тодорхойлсон байдаг юм бэ?

-“Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд дэлгэсэн, эсвэл мэдээллийн хэрэгсэл, нийтийн сүлжээгээр тараасан” гэж байгаа. Гэтэл миний бичсэн нийтлэлд нэг ч худлаа мэдээлэл, хуурамч баримт байхгүй. Байхгүй гэдгийг цагдаа ч, шүүх ч хүлээн зөвшөөрч байгаа. Хэрвээ “нэр төр гутаасан” гэж үзэж байгаа бол тэр чинь Иргэний хуулиар яваад нэр төрөө сэргээлгэдэг зохицуулалтай иргэний маргаан.

-Хэрвээ та өөрийгөө буруугүй гэж үзэж байгаа бол цаашид яаж эрхээ хамгаална гэж бодож байна?

–Хуулийн байгууллагын хувьд бол ажиллагаа дууссан гэж манай өмгөөлөгч хэлсэн. Үндсэн хуулиар олгогдсон эрхээ хамгаалахаар Үндсэн хуулийн Цэцэд хандмаар байвч Цэцийн хуулиар энэ төрлийн гомдол, маргаан хүлээж авдаггүй. Зөвхөн УИХ, Засгийн газраас гаргасан шийдвэр Үндсэн хуульд нийцсэн эсэхийг л хянадаг шүү дээ. Тийм болохоор улс төрийн гэх үү, өөр аргаар л эрхээ хамгаалахаар тэмцэнэ байх даа. Зөвхөн энэ онд 108 сэтгүүлч Зөрчлийн тухай хуулиар шийтгүүлсэн байна лээ. Дандаа гүтгэх гэдэг зүйл ангиар. Тэднээс зургаан сэтгүүлч шүүхэд хандаж, гурвынх нь нэхэмжлэлийг хангасан гэдэг мэдээллийг Глоб Интернэшнл ТББ-аас өгч байна. Зөрчлийн хуульд “гүтгэх” гэмт хэргийг оруулсан нь буруу л даа. Гэхдээ хууль хэрэглэж байгаа хуулийн байгууллагынхны ч бас буруу байна гэж би харсан. “Хүний нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон хуурамч мэдээллийг тараах” гээд зөрчлийнхөө бүрэлдэхүүнийг тов тодорхой биччихсэн байхад худлаа биш үнэн мэдээлэл дээр “гүтгэх” гэдэг зүйлчлэл хэрэглэнэ гэдэг чинь нэг бол хуулиа мэдэхгүйгээр хүн хорлож байгаа, үгүй бол санаатайгаар хэн нэгний эрх ашигт үйлчилж байгаа хэрэг. “Төрийн өндөр албан тушаалтнууд” гээд нэг хэсэг эрх мэдэл бүхий хэсэг хүмүүсийн гомдлыг нэг дор бөөгнүүлж байгаад, тэдэнд зориулсан яллах ажиллагаа явуулаад байгаа юм биш үү?

-Та  УИХ-ын гишүүн Х.Нямбаатартай уулзсан уу?

-Уулзаагүй, уулзах шаардлага ч байгаагүй. Тэр хүн намайг өөрийг нь “гүтгэсэн” гэж цагдаад өгсөн болохоор зорилго нь тодорхой. Хэрвээ үнэхээр нэр төрд нь хохирол учраад, үндэслэлтэйгээр гомдсон байсан бол нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд хандаж болох байсан шүү дээ. Зөрчлийн хуулиар би хоёр сая төгрөгөөр торгууллаа гээд Х.Нямбаатар гишүүний нэр төр сэргэхгүй. Эсрэгээрээ унаж байж магадгүй.

–Зургаан сар хэрэг маргаан өрнөж байхад Х.Нямбаатар гишүүн тантай ямар нэг байдлаар холбогдоогүй гэж үү?

-Үгүй. Харин давж заалдах шатанд гомдол гаргасны дараа манай сэтгүүлчдээс нэг, хоёр нь надтай уулзаж, утсаар ярьж “Эвлэрэх юм биш үү?” гэдэг санал тавьж байсан. Нэг нь бүр “Хоёр сая төгрөгийн торгуулийг гишүүн төлчихнө. Тэгээд эвлэрчих” гэсэн. Хоёр сая төгрөг надад байхгүй, сэтгүүлчид ядуу нь үнэн. Гэхдээ арай ч ингэж доромжилж болохгүй. Би надад санаа тавьсан сэтгүүлч дүүд гомдоогүй. Сэтгүүлч нь сэтгүүлчээ арай ингэж доромжлохгүй байх. Тийм болохоор Х.Нямбаатар гишүүний үг юм байна гэж ойлгосон.

Б.УРАНЧИМЭГ

Эхс урвалж: “Өдрийн сонин”

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж